Ээжийн Singer машинаас дэлхийн загварын тайз хүртэл
Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл: Монголдоо "Загварын ордон"-той болвол манай загварын салбар дэлхийд цойлж гарах боломж бүрдэнэ.
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ зочин хойморт Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч, “Шинэд” ХХК-ийн захирал Ц.Одонгэрэлийг урилаа.
МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр “ХИД 1” дэлгүүрээс ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар Улсын их дэлгүүрийн дэд захирлаар дэвшин ажиллаж байгаад ажлаа өгч, хэсэг хугацаанд Австрали улсад амьдарсан байна. Хоёр жилийн дараа монголдоо ирсэн боловч Малайз улсад Зүүн Өмнөд Азийн орнуудын төв банкны холбоонд уригдан ажиллахаар болсон гэр бүлийнхээ хүнийг дагаад дахин хилийн чандыг зорьжээ. Одонгэрэл Малайзад байх хугацаандаа анхны бизнесийн санаагаа олж, АНУ-ын алдарт “SINGER” брэндийн оёдлын машиныг Монголд албан ёсоор оруулж ирэн борлуулдаг болжээ. Түүний хувцас загварын салбарт орж ажиллах болсон нь үйлчин ээжийгээ халж өссөн хүүхэд ахуй насны мөрөөдлөөс эхлэлтэй гэдгийг Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч, “Шинэд” компанийн захирал Ц.Одонгэрэл ийнхүү ярилаа.
Ц.Одонгэрэл: Миний ээж үйлчин хүн байсан. Тэгэхдээ төрийн ажил хийдэг УИХ-ын депутат хүн явлаа. Юм сайн оёно. Маш их юм нэхнэ. Би тэрсхэн таван хүүхэдтэй айлын бага. Ээж маань таван хүүхдээ хувцаслахын тулд бид нарт юм оёж өгнө. Ноосон цамц, бээлий, малгайг ер нь л дэлгүүрээс авахгүй нэхээд өгчихдөг байсан. Тийм хүний дэргэд хүүхэд насаа өнгөрөөсөн болохоор 12, 13 наснаасаа л эхлээд ээждээ дээл эсгэхэд нь тусалдаг байсан. Нэхий дээлнийх нь нөгөө өнцгөөс татаж өгч оёдлын машиныг нь хардаг байлаа. Ээж маань Singer машинаар оёдог байсан юм. Тэгээд би том болоод Singer оёдлын машинтай болно доо гэсэн мөрөөдлийг тэр үеэс тээж эхэлсэн. Би түрүүн хэлсэн шүү дээ манайх Малайзад олон жил амьдарсан гээд тэр үед Singer брэндийн дэлхийн конвеншн Куала Лампурт болж таараад би дэлгүүр хэсэж явж таараад тэр үзэсгэлэнтэй учирсан. Нэг том заал дүүрэн миний мөрөөдөл өрөөтэй, баахан улаан хувцастай хүмүүс тэнд байхлаар нь гайхаад эндээс нэг Singer оёдлын машин авъя гээд орсон. Үзэсгэлэн худалдаа байсан болохоор хатгамалын машин ажиллаж байхыг хүртэл хараад ямар гоё юм бэ? Технологи бүр ингээд хөгжөөд ийм гоё болчихсон байна шүү дээ гэж бодоод би эндээс нэг машин авах биш эд нар Монголд оёдлын машинаа зараасай гэж бодсон. Тэгээд энэ үзэсгэлэнг мэддэг хариуцдаг хүн нь хаана байна. Үзэсгэлэн зохион байгуулж байгаа хүмүүс нь хаана байна гэж асууж судлаж байгаад олж уулзаад танилцаж байлаа. Танилцахдаа Монгол бол Богд хааны үеэс эхлээд л Singer оёдлын машиныг хэрэглэж ирсэн. Анх Богд хаанд дөрвөн машин байсан гэдэг түүхийг яриад манай монголчууд Singer-ийг маш сайн мэддэг. Германых нь үйлдвэрээс Монголд оруулж ирж зардаг байсан. Харин ардчилал болоод нийгэм өөрчлөгдөөд энэ машин орж ирэхээ больсон. Одоо харин та нар дахиад Монголд зараач ээ гээд хэлсэн чинь чи өөрөө дистрибьютер болоод өөрөө зар гэдэг санал тавьсан. Тэгээд л миний Singer брэндтэй холбогдсон түүх миний хүүхэд насны мөрөөдөл биелсэн юм даа.

Асуулт: Singer брэндийг анх оруулж ирж байх үед борлуулалт тухайн үед ямар байсан бэ? Анх бизнес эхэлж байхад танд хүндрэлтэй зүйлүүд юу байсан бэ? Мөн урам авч ер нь болох юм байна гэж өөрийгөө урамшуулж байсан зүйлүүд юу байсан бол?
Ц.Одонгэрэл: Би хэдийгээр “ХИД-1”-ийн ерөнхий менежер бас Улсын их дэлгүүрт маркетингийн менежер, дэд захирал хийгээд худалдааны салбарт мэддэг чаддаг зүйл туршлага байгаа юм шиг боловч яг хувийн бизнес хийхэд хүндрэл гарч байсан. Singer-тэй холбоотой нэгэн хөгжилтэй түүх ярья л даа. Анх 20 тонны контейнер оруулж ирэхээр болоод орж ирэхээс нь өмнө зар сурталчилгаагаа эхэлж хийсэн. Тэгэхдээ “Алдарт Singer брэнд Монголд” гээд бүх телевиз сонингоор цацчирсан. Тэгээд сурталчилгаа цацагдсанаас 10 хоногийн дараа хүмүүс оёдлын машин асууж ирэх байх гэсэн төсөөлөлтэй байсан чинь маргаашнаас нь л Singer оёдлын машин авъя гээд хүмүүс асуугаад ирсэн. Бүр сүүлдээ контейнер ирээгүй байхад захиалга аваад эхэлчихсэн. Тэгээд тэр контейнер орж ирээд шууд зарагдсан. Тэгж хурдан зарагдана гэж төсөөлөлгүй байсан хүн чинь дараагийн бараагаа захиалаагүй. Мөнгө нь ч бэлэн биш байсан. Харин өнөөдөр бол зах зээл дээр маш олон сонголтууд бий болчихсон байна. Тэр үед маш их борлуулалт хийдэг байсан бол өнөөдөртэй харьцуулахад хамаагүй багасчихсан байна. Монгол Улсыг төлөөлж байгаа албан ёсны борлуулагчид загвар болгон дээр тоо өгдөг. Энэ загварыг зар гэдэг тулгалт норм бас ирдэг. Намайг анх эхэлж байхад хөдөө орон нутгийн хүмүүс тоггүй орчинд амьдарч байгаа учраас цахилгаан биш машин байна уу гэж их асуугаад байгаа юм шиг санагдаад би бас тухайн үедээ дутуу судалгаа хийгээд бүтэн контейнер гар машин оруулаад ирсэн. Тэр үед олон сонголтууд бий болоогүй үе байсан учраас 5 жил гар оёдлын машинаа зарсан байдаг. Энэ бол миний Singer-тэй холбогдсон бизнесийн түүхийн нэг шаталт байсан гэж би боддог.
Ц.Одонгэрэл АНУ-ын алдарт “SINGER” брэндийн оёдлын машиныг монголд албан ёсоор борлуулаад 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд түүнд урам авч илүү сайжрах зүйл олон байсан ч хэрэглэгчийн судалгаа сайн хийх, загвар төрлөө олшруулах зэрэг суралцах зүйлүүд ч зөөнгүй байжээ. Мөн чанартай брэндийн оёдлын машин борлуулж эхэлсэн цаг үеэс түүнийг монголын хувцас загварынхан хүрээлж, хамтран ажиллах болсон байна. Энэ нь түүнийг Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч болох зам руу хөтөлжээ.
Ц.Одонгэрэл: Монголын үндэсний дизайнеруудын холбоог анх Соёлмаа эгчээс авахдаа тамга гэрчилгээ хоёр л хүлээж авсан. Оффис гэж байхгүй гишүүн гэж байхгүй. Тэр үед гишүүнчлэл бий болгоё гэж зорьсон боловч өөрийн гэсэн байргүй байгууллага чинь яалтай билээ. Харин хэд хэдэн удаа дизайнеруудыг цуглуулж хуралдаж хэдүүлээ хамтраад нийслэлээс газар хүсье ээ. Загварын ордонтой болъё оо. Загварын ордны санхүүжилтийг би өөрөө зохицуулъя аа. Тэгээд ямар нэгэн байдлаар загварын ордонтой болъё загварын товчоо гэдэг зүйлийг үүсгэе гээд нэг хэсэг явсан юм л даа. Тэр үед угаасаа тийм боломж ч бага байсан. Дээр нь нийслэлд газар олдохгүй, олдсон газар нь маш хол байсан учраас тэр өөрөө амьдралаас маш тасархай төсөл болох учраас татгалзсан. Загварын ордонтой болчихвол тэр дотор загварын товчоо ажиллах юм. Загварын товчоо нь сургалтын танхимтай байх юм. Тэгэхлээр дэлхийн мундаг сургуулиудаас Монголд сургалт явуулах боломж бүрдэнэ. Загварын салбарт янз бүрийн сургалтуудыг ойр ойрхон зохион байгуулах шаардлагатай байдаг. Гэтэл танхим байхгүй гээд нөгөө ордонгүйн зовлон их ээ. Тийм болохоор хамгийн эхлээд сав суулгаа бэлдэж ордонтой л болмоор байна. Манай улсад Загварын ордон гэж байсан шүү дээ. 1978 онд билүү дээ Монгол Улс ЗХУ-ын тусламжтайгаар загварын ордонтой болж байсан. Гэтэл 1990 хэдэн онд хувьчлагдаад алга болсон. Уг нь тэр ордон чинь яг зориулалтын загварын тайзтай ордон байхгүй юу. Хэдийгээр жижигхэн ч гэсэн их хөөрхөн ордонтой байсан юм л даа. Загварын ордонтой болчих юм бол дотор нь зохион байгуулах ажил маш их байна. Өнөөдрийн энэ мундаг дизайнеруудыг тэнд аваачаад ордон дотор хуралдаад, уулзаад асуудлаа шийдээд явах юм бол манай загварын салбар дэлхийд цойлж гарна. Мэдээж төр засгийн дэмжлэг маш чухал байгаад байна. Уг нь бол дэлхийд фэйшн индастри буюу бүүр загварын салбарыг тусад нь авч үздэг. Гэтэл манай Монголд болохлоор Соёлын яам заримыг нь хариуцаад дизайнеруудыг нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хариуцаад явж байна. Уг нь загварын ертөнц бол соёл үйлдвэрлэдэг бүхэл бүтэн салбар байгаад хувцас загвараараа дамжуулан хүмүүсийн өмсөх зүүх ур ухааныг нь нэгтгэдэг бүхэл бүтэн институц буюу салбар байх ёстой юм.

Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч, “Шинэд” компанийн захирал Ц.Одонгэрэлийн нэг хүсэл бол Загварын ордонтой болох. Холбооны ерөнхийлөгчөөр анх томилогдоод Загварын ордонтой болохын төлөө санхүүжилт босгож ордон байгуулах газар хөөцөлдсөн боловч бүтээгүй гэнэ. Гэхдээ тэрээр загварын ордонтой болж магад гээд өөрийн зардлаар ордны архитектурын зураг төсөл хийлгэж өнөөг хүртэл хадгалсаар яваа гэдгээ бидэнтэй хуваалцлаа. Түүний удирдсан топ моделиудын “GS squad” баг New York, Milan, дэлхийн кино наадмын Canne Festival, Dubai, Madrid болон бусад олон орнуудын загварын шоунд оролцож ур чадварын өндөр үнэлгээ авчээ. Үүнээс O’Couture брэндийн дизайнер Отгонжаргал, Uilen Couture брэндийн дизайнер Золзаяа, "Монголоо" брэндийн дизайнер Ундраа нэр амжилттай оролцсон гэдгийг Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч, “Шинэд” компанийн захирал Ц.Одонгэрэл ийнхүү ярилаа.
Ц.Одонгэрэл: Монголын загварын салбарт яавал би нэмэр болох вэ гэж бодож байгаад загвар өмсөгчдийг дэлхийн тайзан дээр гаргая. Түүгээрээ дамжуулаад Монгол улсаа сурталчилъя. Дэлхийн тайзан дээр дизайнеруудаа нэг нэгээр нь явуулъя гээд 2012 онд O’Couture Отгонжаргалыг хамгийн анх Нью-Йоркийн загварын шоуд 15 модельтэй явуулсан. Тэрнээс хойш маш олон удаа дизайнеруудыг болон моделиудыг гадаад руу авч явж, загварын тайзан дээр алхуулсан байна. Жил болгон л явдаг байлаа. Заримдаа жилдээ хоёр ч явдаг байлаа. Дубай явсан. Канн фестиваль руу ч явж байсан. Мадрид, Испанийн нийслэлд зохион байгуулдаг загварын шоунд явж байсан. Парист 2,3 удаа очсон гэх мэтчилэн. Хамгийн сүүлд 2024 оны 3 сард Миланы загварын шоуд Монголоо гэдэг брэндийн дизайнер Ундрамыг авч яваад ирсэн. Миланаас өмнө ямар нэгэн шагнал авч байгаагүй. Бусад орны хүмүүс шагнал авч л байдаг алга ташаад өнгөрдөг байсан. Гэтэл Миланы загварын шоун дээр Гадаад дизайнерын Гранпри-г Монгол улс Монголоо брэндийн Ундрам гээд тайзан дээр зарласан чинь бид нар маш их гайхаад яагаад Монголыг зарлаад байгаа юм гээд хартал зохион байгуулагч нь гүйж ирээд л манай дизайнерыг шагналаа ав гээд татаад аваад явсан. Тэгж анх удаа гадаадын загварын шоунаас өндөр үнэлгээ авч Гранпри шагнал хүртсэн. Дэлхийн загварын ертөнцийн энэ олон шоунд оролцохын хэрээр шоу болдог хүрээлэл дунд Монголын нэр ороод яваад байдаг юм билээ. Миний хувьд энэ холбоог удирдаж байх хугацаандаа ямар ч байсан дэлхийн загварын тайзан дээр монголчуудыг нэлээн гаргасан үүнд бага ч гэсэн хувь нэмэр болсон гэж боддог. Одоо бол Монголын моделиуд дэлхийн тайзан дээр гараад өөрсдийгөө мэдэрчихлээ. Түүгээрч зогсохгүй манай Монгол моделиуд дэлхийн тайзан дээр өндөр түвшний мэргэжлийн модельд тооцогддог болсон. Дизайнеруудын хувьд ч гэсэн манайхан маш гоё сэтгэдэг, уран сэтгэмж их сайтай. Маш гоё дүр төрх, өнгийг тайзан дээр гаргаж чаддаг. Бид нар дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд европ хувцсаар одоохондоо дийлэхгүй шүү дээ. Яагаад гэхлээр манайх материалаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Тийм болохлоор импортын материалаар бид үндэснийхээ хувцсыг болон үндэсний хэв загвартай хувцас хийж дэлхийн томоохон загварын шоунд оролцох юм бол ялгарч чадна. Бид нар салбартаа Монгол деталь гэж ярьдаг монгол дээлний зарим нэг деталиудыг бүтээлдээ шингээж тэр загваруудаараа онцгойрдог. Би гадаадын шоунд авч явах гэж байгаа модель болон дизайнерууддаа хүртэл үүнийг зөвлөдөг. Чи тийм байж алга ташилт авна. Тийм байж бусдаас онцгой болно гэж хэлдэг. Үнэхээр ч тэр болгонд бид алга ташилт авч байсан. Яах аргагүй бид нарын ондоошил бол үндэсний хувцас. Үндэсний деталь малгай, чимэг зүүлт, монгол гутал байдаг. Дубайд болж байсан нэгэн шоунд оролцож байхдаа би үнэхээр загварын шоун дээр оччихсон юм шиг мэдрэмж авч байсан. Бүр үзэгчид нь хүртэл маш загварлаг хувцаслаж ирсэн байсан. Тэр шоуг би хэзээ ч мартдаггүй. Харин тэр шоунд манай дизайнер яваагүй моделиуд явсан. Тэд маань тайзны ард янз бүрийн л хувцас өмсөж гарч ирсэн. Түүн дотроос загвар өмсөгч Бадамгэрэл янз бүрийн л дизайнеруудын хувцсыг өмсөөд сонгогдоод яваад байсан. Тэгсэн чинь Амато гээд Дубайд болон дэлхийд хамгийн алдартай том одуудын хувцас хийдэг загвар зохион бүтээгчийн шоуны хамгийн түрүүнд гарч ирэхэд би ёстой хоолой зангирч байсан. Монгол загвар өмсөгчөөрөө үнэхээр их бахархсан.

Монголын үндэсний дизайнеруудын холбоо нь олон улсын загварын 7 хоногуудаас гадна гадаадад Монгол улсын оролцож буй үзэсгэлэн худалдаа, экспо, соёлын арга хэмжээнүүдэд багаараа оролцсоор ирсэн төдийгүй монголдоо болж буй бүхий л загварын арга хэмжээнд оролцдог байна. Мөн элчин сайдын яамдтай хамтран загварын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ажээ.
Ц.Одонгэрэл: Мэдээж энэ олон жил гадаадын тайзан дээр дизайнеруудыг болоод моделиудыг авч явж байсны хувьд талархлын бичиг олныг авсан байдаг. Миний хамгийн том шагнал гэж хэлж болохоор бахархаж ярих зүйл бол 2010 оны Шанхайн Экспо-д хамтран оролцогч хамтран зохион байгуулагчаар оролцож соёлын арга хэмжээг хариуцсан ажил байсан. Надад Монгол улсын үндэсний хувцсыг Монгол улсын түүх соёл, хөгжимтэй нь хамт ямар байсныг нь үзүүлэх битүүхэн мөрөөдөл байдаг байсан. Тэр мөрөөдөлөө талийгаач Баатар найруулагчтай хамтраад хувцас загварын үзүүлбэртэй хослуулаад драма талын загварын шоуг анх удаа Шанхай экспо үеэр зохион байгуулсан. Тэр тоглолтын маань гадаад яам ч үнэлсэн. Бас Шанхай Экспогийн комиссоос шилдэг 10 энтертайнментын нэг нь Монгол улс гээд тэр харагдаж байгаа дурсгалын таваг өргөмжлөл хоёрыг өгсөн. Мөн түүнчлэн би энэ хугацаанд маш олон ЭСЯ-дтай хамтраад загварын тоглолтуудыг хийж байсан. Турк, Энэтхэгийн ЭСЯ-тай хамтран загварын шоу хийсэн. Солонгосын ЭСЯ-тай хамтраад Солонгос хувцас Монголын үндэсний хувцсыг үзүүлэх тоглолт хийж байсан гээд тоочвол маш олон зүйл бий. Тэгэхлээр тэр болгонд хамтарч ажилласанд талархлаа гээд энэ талархлын хуудасуудыг өгсөн. Энэ бол зөвхөн миний төдийгүй манай хамт олны цаашлаад Монголын бүх дизайнеруудын хамтын бүтээл хамтын шагнал юм.
Монголын үндэсний дизайнеруудын холбоог Монголын Топ дизайнер Н.Соёлмаа 1998 онд санаачлан байгуулсан бөгөөд жил бүрийн Гоёл наадам, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, бусад арга хэмжээнд оролцон улс орноо сурталчлахын зэрэгцээ Монголын загварын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар иржээ. Тус холбоо нь Монголын хувцас загварын дизайнеруудын бүтээлийг сурталчлах, ирээдүйтэй залуу дизайнеруудыг дэмжих, мэдээллээр хангах, дэлхийн загварын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, олон улсын томоохон загварын шоунд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн дотоод гадаадын ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, дизайнеруудын урт богино хугацааны сургалт зохион байгуулах, загварын агентлагуудтай хамтран загвар, өмсөгчдийг хөгжүүлэх, тэдний чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үзсэн: 4154
Tweet