Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол төрийн уртын дуу -"Түмэн эх"


Densmaa 2017-05-01 02:05

Айзам дууны эхэнд Хуур магнай дуулагддаг. Өөрөөр хэлбэл “Түмэн эх“ дууг дуулахаасаа өмнө Хуур магнай дуугаар хоолойгоо бэлтгэж, байгаль дэлхий, лус савдгаа аргадсаны дараагаар “Түмэн эх”-ээ дуулдаг.

         Монгол Төрийн 9-н айзам уртын дууны хоёрдугаарт багтаж байгаа “Түмэн эх” хэмээх энэ дууг залуу дуучин Дорждагва уртын дуу дуулаачийн сонгодог дэг хэв маягаар тухайн дууны шүлгийн сонгомол эх, утгын тайлалтайгаар олон нийтэд хүргэсэн билээ.

Залуу судлаач, уртын дуучин М. Дорждагва Соёл урлагийн их сургуулийн оюутан байх цагаасаа уртын дууны гүн ухаан танин мэдэхүйн үндэс, дуулах уламжлалт арга барил, дэг сургууль зэрэг олон талыг шамдан судалж явааг Cоёл судлаач, доктор Б.Сумьяа "Төрийн дуу-язгуур соёлын шинэ бүтээл" шүүмж нийтлэлдээ  дурджээ.

        “Түмэн эх” бол айзам уртын дууны нэг. Тиймээс энэ дуу нь уртын дуучдын дуулах дэг сургууль, ур чадвар гүн ухааныг сорьж, түвшнийг нь тогтоож өгдөг монголын ард түмний сонгодог бүтээл билээ.

Нөгөөтэйгүүр, эрт цагаас нааш уртын дуугаар дамжуулан хангай дэлхийн савдаг, хий биет хийсгэлэн дүрүүдтэй холбоо тогтоодог байсан тухай мэдээллүүд олдсоор байна. Түүнчлэн, “Ойдов” гэж бурхан шашны засал ном бий. “Түнжин муутай лам нараар Ойдов уншуулж засал хийлгэж байхаар сайн дуучнаар “Түмэн эх”-ийг дуулуулсан нь дээр” гэсэн ардын аман билэг яриа байдаг.

Арц хүжээ уугиулаад “Түмэн эх” хэмээх энэ дууг дуулах нь засал хийж, сан тавьсантай тэнцдэг гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн уртын дуу, дуучин хоёр ямар үнэ хүндтэйг энэ жишээнээс харж болох бөгөөд “Түмэн эх” энэ дуунд нүүдэлчин монголчуудын үе үеийн гэгээрэлд хүрсэн уртын дуучдын оюун санааны “хүч” шингэсээр ирснийг илтгэдэг ажээ.

“Түмэн эх” уртын дууг 1697 оны үед  зохиосон гэсэн баримт бий.

1600-аад оноос Монголын зарим газар нутаг Манж чин улсын эрхшээлд орсон. Тэр цаг үед  Монголчууд Манжийн эрхшээлээс гарахыг зөгнөн эрийн гурван наадам хийжээ. Уг наадамд нэгэн ядуу ардын зээр гөрөөс хөөж намнахад унадаг байсан ганц морь нь түрүүлжээ. Хошуу ноён нь үүнд билэгшээж “Түмэн эх” хэмээх энэ дууны үгийг нь бичиж, төрийн дуучин  аялгуулсан гэсэн домог яриа бий.  “Эрдэнийн эрхи” хэмээх түүхийн сурвалж бичигт “Түмэн эх” дуу зохиосон 1697 оны үйл явдлын тухай <<...Халхын гурван хан ван бэл бэйс тайж нар өөр өөрийн суусан нутагт буцаж, хуучин хэвээ байгуулан, чуулган нийлж, найр наадам бэлгэдэхүйд Бонхор Донир ганц морио засч, олон морь лугаа уралдаж тэргүүлсэнд, Дархан чин ван бээр магтаж, “Түмний эх” хэмээх шүлэг зохиогоод, найрт хөгжим барьж найр наадмыг үүсгэжээ>> гэж тэмдэглэн үлдээсэн байна. Орчин үеийн бичиг зохиол болон судалгааны бүтээлүүдэд энэ дууны нэрийг “Түмний эх”, “Түмэн эх” гэсэн ижил утгатай хоёр өөр дуудлагаар дуудсаар иржээ. Энэ нь ганц “Түмэн эх” төдийгүй ерөөсөө уртын дууны нэр нь тухай цаг үе, нийгмийн хөгжил хувьслаас шалтгаалан үндсэн ухагдахуунаа өөрчлөхгүйгээр “аялга дуудлага” нь өөрчлөгддөг болохын нэгэн бодит иш баримт болж байна.

Ингээд бид Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, уртын дуучин М.Дорждагватай уулзаж, “Түмэн эх” дууны талаар сонирхсон юм.

       М.Дорждагва: “Түмний эх“дуу анх зохиогдохдоо хэдэн түрлэгтэй, ямар ая дантай байсныг нь одоогоор тогтоох боломжгүй. Гэвч аялгууны хувьд маш өргөн. Халх угсаатны дунд өргөн дэлгэрсэн аялгуутай төдийгүй бүх нутаг хошуунд өөр өөрийн аяаар дуулагддаг. Наадам эхэлж, хурдан морио гарааны зурхайд мордуулахад “Түмэн эх” дууг дуулж үлддэг. Морь уралдаад ирэхэд дуу үргэлжилсээр л байдаг тухай мэдээ бий. Өөрөөр хэлбэл ийм урт дуу юм. Өнөөдрийн байдлаар энэ дуу аялгууныхаа хувьд Баянбараат буюу  шажин түмэн эх гэсэн аялгуугаараа байна. Шүлэг нь бидний дуулсаар бол гурван бадаг байдаг. Харин Баянбараат аялгуугаар дуулахаар есөн бадаг болдог. Энэ аялгуу нь арай жижгэвтэр гэсэн үг. Баруун монголчууд, Говь-Алтай аймгийн нутагт “шастир“ая хэмээх аялгуугаар үлдсэн байдаг. Билэгдэл нь ирээдүйн сайн сайхныг зөгнөсөн ийм дуу.

          Говь-алтай аймгийн Цогт сум хавиас олдсон энэхүү “Түмэн эх” нь Монгол уртын дууны “Шастир ая”-ар дуулж уламжлагдсан аялгуу мөн гэж судлаачид үздэг. Энэхүү ая нь бусад аянаасаа илүү бурхны шашны ном уншлагын ая дантай төстэй байна.

            Түмэн эх дууны хэсэг тодроод-

            Зээ, Эрдэнэт хүмүүний биеийг олж

            Эдүгээ ба ирээдүй хоёр үйлс хэргийг

            Бүтээхүй дор маань

            Бүрэн сэдэлтэй зээ

            Зээ, сайн үйлсийн тулд амин зүрхнээсээ

            Сайхан төрийн тулд ахуй чинээгээрээ

            Сайтар шамдан зүтгэлтэй зээ

            Зээ, олон ардын түмэн эх морьдын

            Охь манлай нь энэ болмой зээ ... хэмээх  өгүүлэх “Түмэн эх” дууны нэгдүгээр бадгийн санаа нь: Ахуй Төрийн сайн сайхны төлөө хүн бүхэн зүрх сэтгэл, оюун ухаан, үнэнч шударга ажил хөдөлмөрөө зориулбал энэ цаг ба ирээдүй цагийн оршихуйн заяа буян дэлгэрч, төр, нийгмийн оюун санааны хүчин нэмэгдэхийг бэлгэджээ.  

 “Түмэн эх”-ийг нэгтгэн дуулснаар хүмүүний билэг ерөөл бүрдэж, амьдралын сайн сайхны тусын тулд оршсон нэгэн цогц “Судар” амилдаг.  Тиймээс “Түмэн эх” хэмээхийг бүрэн эхээр нь сонсохдоо Монголчуудын оюун санааны мандан бадралыг мөрөөдөж, энх амгалан, энх тэгш цагийг бэлгэдэх учиртай.

Тэгвэл хоёрдугаар бадагт: Монголчуудын шүтээн болсон хурдан шандаст, хүлэг сайн мориныхоо цуцашгүй хүч чадал, төгсөшгүй мөнхийн хийморь сүлдийг магтан дуулахын сацуу тэр их сүр жавхлангийн үрээр олон түмэн бид мөнхөд сайн сайхнаар найрлан цэнгэж байхыг бэлгэдсэн байна. “Найрлан цэнгэх” гэдэг нь одоогийн ойлголтоор авч үзвээс ураг овог удамууд болон улс гүрнээрээ этгээдийн хорлол шоглол, ад зэтгэрийн дайллага гэнэтийн аюул зэргээс хамгаалсан сүсэг бишрэл, зан үйлийн баяр юм.

            Дорждагва: Бидний дуулж байгаа энэ ая бол ... Халхын гол Хар дэл гээд Хуучин Цэцэн хан Хэнтий Дорнод чигийн баруун халхын ая гэж байна . Тэр нь бол ихэвчлэн Завхан талруугаа дуулагддаг ийм ая байна. Тэр ая бол нилээн бүдгэрсэн саяхан хүртэл бас дуулагдаж байсан гэсэн. Нутаг нутагтаа өөр өөр байна.Ихэвчлэн Халх угсаатны хүрээнд маш их дэлгэрсэн. Одоо бидний дуулж байгаа ая бол маш том өргөн дэлгэр аялгуу уртын дууны хамгийн том бүтэц нь Төв Халхын Түмэн нэгт дунд байгаа болов уу. Эхнийх нь бол төрт ёсоо магтсан төрөө магтсан эхний бадаг нь байна. Хоёрдугаар бадаг нь бол морио магтана. Гуравдугаар бадаг нь бол шашин номоо магтана.Түмэн нэгт дууг нутаг нутагтаа маш олон дуучид дуулдаг байжээ. Тэгэхээр бидэнд бол хоёрдугаар зууны томоохон эрэгтэй уртын дуучид бүгд дуулсан.Одоо ч дуучид бол үүнийг сайхан дуулахыг орлдоод л байна. Нүүдлийн соёлоосоо байгаль ухамсараас хэдийгээр холдсон байгаа ч гэсэн тэр түвшиндээ очих гэж оролдож байна. Миний хувьд багаасаа нүүдэлчин ахуйгаараа өссөн болохоор байгальдаа л дуулсан. Бүрэн хэмжээгээр нь дуулсан бичлэг бас л байгаагүй. 1930-аад онд дуулдаг л байсан байж таараа шүлэг найраг нь аман хэлбэрээрээ ч тэр бичгийн хэлбэрээрээ ч тэр аль аль нь байгаа. Социализмын үед энэ дууг зөвхөн төрийнхийг нь дуулаад бусад нь бол үндсэндээ орхигдсон. Дуулахдаа бас төр гэж хэлэхгүй бас өөр байсан. Үг нь бол бичиг сурвалж амаараа бол нүүдэлчидийн хүрээнд байгаад байдаг. Тийм учираас энэ олон дуунууд үлдсэн байгаа. 21-р зуунд бид бол хуучин бичиг судраас үгийн аваад ахин сэргээх боломж бол байгаад байгаа юм болов уу.                  

         

        Айзам дууны эхэнд Хуур магнай дуулагддаг. Өөрөөр хэлбэл “Түмэн эх“ дууг дуулахаасаа өмнө Хуур магнай дуугаар хоолойгоо бэлтгэж, байгаль дэлхийн эзэн лус савдгийг аргадсаны дараагаар “Түмэн эх”-ээ дуулдаг уламжлалтай байжээ. “Түмэн эх“ дуунд түрүү морины тухай өгүүлдэг гэж ярьдаг. Гэвч энэ бол зөвхөн морины тухай дуу биш, утга, агуулга нь өргөн гүн ухааны дуу гэж хэлж болно. Энэ тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Алимаагаас тодрууллаа.

     А.Алимаа: Монголчуудын заншлаар бол айзам дууг бүтэн түрлэгээр дуулахыг эрмэлзэлдэг. Айзам дууг дуулахдаа дээр үед ерөөлч хүн ёроол хэлдэг. Морин хуурч хүн сөхөрч суугаад хуурдаг шиг энэ дууг мөн ялгаагүй сөхөрч байгаад дуулдаг байсан. Айзам дууг дунд нь зогсоц авч дуулдаггүй. Үл тасрах бэлэгдлийг нь бодож аяг нь таслалгүй бусад нь дундаас нь түрдэг.  Энэ бол монголчуудын том соёл байсан дууны хувьд бол. Айзам дууг дуулаж байхад айлд гаднаас хүн оролгүй дууг дуусахыг хүлээж байгаад ордог. Энэ нь дууг хүндэтгэж байгаа хэрэг юм.  одоо ч гэсэн дууг дуусгалгүй босож явж болохгүй. Бурханы ном уншиж байгаатай адил хүндэтгэх учиртай. Ямар ч шашин шүтлэгтэй, үзэл бодолтой байх нь хамаагүй. Энэ бол монголчуудын хэдэн мянган жил уртын дуу айзам дуу гэдэг юмыг бий болгосон асар том соёл. Зарим аймагт эмэгтэй хүн түрлэгт орддоггүй. Мөн 40 хүрч байж түрлэгт ордог гэж үздэг. Айзам дууны нэг онцлог бол түрлэгтэй. Нэг бадаг дуулаад бүгдээрээ түрдэг.  Олуулаа байж энэ дууны хүч чадал авшиг нь оршидог.

         Төр шашны томоохон найран дээр айзам дууг дуулдаг. Ийм айзам дуу 32 байдаг гэж бүртгэгдсэн байдаг ч одоо 10 орчим нь дуулагдаж, бусдынх нь ая нь тодорхойгүй хэвээр байгаа гэдгийг доктор А. Алимаа  хэлсэн юм.  

”Түмэн эх” энэ дуу бүрэн эхээрээ 22 минут 40 секунд үргэлжилдэг.

     Уртын дуу бол Монгол ардын дууны сонгодог хэлбэр төдийгүй дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин  монголын язгуур урлаг юм. 

Уртын дууны гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэл шинжлэл, яруу найраг, хөгжмийн судлал, түүх, угсаатны зүй гэх зэрэг шинжлэх ухааны үүднээс нягтлан судлах нь зохистой гэж  гадаад дотоодын судлаачид үздэг.

Үзсэн: 5688

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна