Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

“Сүүн зам” Сүү ХХК-иас хийсэн сурвалжилсан тэмдэглэл


Densmaa 2018-11-29 03:11

Хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан сүүний үйлдвэр өнөөдөр хоногт 200 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг .

   Монголчууд цагаан өнгөнд дуртай. Тэрхүү өнгөө, цагаан сүүтэйгээ уялдуулж ойлгоно. Цагаан цайлган хүүхэд, цагаан мөртэй хүн, цагаан сүү шиг сэтгэлтэй хүмүүн гэх мэтээр. Хүн бүхний зам мөр сүү шиг цагаан байгаасай гэж хүснэ. Тийм ч учраас сүүг тэнгэрийн умдаа гэж хүндэтгэнэ. Үнээ малаа сааж дуусаад шинэ сүүнийхээ дээжээс тэнгэр хангайдаа өргөнө, сүүгээ хөөрүүлээд үр хүүхдэдээ уулгана. Сүү саальтай саван дээгүүр алхдаггүй, сүү хэрэв асгасан бол ядам хуруугаа сүүнд дүрж магнайдаа хүргэж хүндэтгэнэ. Сүү ийм ариун, дагшин тул сүүгээ хөхүүлж өсгөсөн эхээ дэлхий шигээ хайрлана. Тэнгэр эцэг, газар эх гэх хэлц үгийн утга ийм. Иймийн тул сонсогч олондоо “Сүүн зам” Сүү хувьцаат компианаас хийсэн сурвалжилсан тэмдэглэл сонсгож байгаадаа билэгшээж байна.

...Өнгөрсөн зууны дунд үе бол Монголчуудын хувьд үйлдвэржилт явагдаж эхэлсэн түүхэн он жил юм. Тухайлбал 1950 оны сүүлээр улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялж өнөөгийн мал аж ахуйн суурийг тавьж, 1958 онд сүүний анхны үйлдвэрийг байгуулж, 1959 онд “Атар газар эзэмших” анхны аяныг өрнүүлсэн түүхтэй. Тэр үед шав сууриа тавьж байсан үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд өнөөдөр нэгэн жарныг элээжээ. Тэр үйлдэрүүдийн нэг нь Сүү хувьцаат компани.

Нэгэн жарныг үдэж, нэгэн жарантай золгох гэж байгаа тус компанийн маркетингийн албаны ахлах мэргэжилтэн Энхзоригтой бид уулзлаа.

... Монголын сүүний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компани нэгэн жарнаа удахгүй үдэх гэж байна. Монголын маань сүүний шинэ цагийн  түүх гээд ярьвал 1913 оноос үүдэлтэй. 1940-өөд оноос эхлээд сүүний салбар үйлдвэржих шат руугаа орж эхэлсэн гэдэг. 1958 оны 12 сарын 31-ны өдөр Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зориулалт бүхий “Сүүний үйлдвэр” байгуулагдаж тухайн үеийн нам , төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал дарга ирж нээсэн түүхтэй. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэлийнхээ иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоо биелүүлж ирсэн. Өнөөдөр Сүү хувьцаат компани нь өөрийн үйлдвэрлэж байгаа 70 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээ гадны улс орнуудад  экспортлох бодлого барьж байна. Монгол сүү, сүүн бүтээгдэхүүн нь юугаараа бусад улсын сүү сүүн бүтээгдэхүүнээс ялгаатай юм бэ гэхээр сүү цагаан идээ боловсруулах уламжлалт монгол аргыг орчин үеийн дэвшилтэт техник технологитой хослуулан эрүүл, аюулгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаараа давуу юм. 2006 оноос эхэлж шинэ аргаар боловсруулсан “Миний монголын сүү” нь Монголын хүнсчдийн холбооноос “Ард түмний хүнс” шагнал хүртсэн.

Монголчууд юм бүхнийг их хэмжээгээр нөөцлөөд байдаггүй.  Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг шинэ ахуйд нь хэрэглэх дадал зуршилтай. Ялангуяа шинэ, тэр тусмаа хөөрүүлсэн, халуун сүү хүний эрүүл мэндэд тустай гэдгийг нэн эртнээс мэдэх тул үнээгээ саангуут сүүгээ хөөрүүлж ууцгаана. Ямар малын сүү, ямар өвчинд тустайг ч мэднэ. Урт холын аян дайн, аян жинд явах бол сүүгээ хатааж өнөө цагийн “хуурай сүү” болгоод аваад явчихна. Шинэ цагийн монголчууд суурин соёл иргэншилд суралцах явцдаа ууж идэх зүйлдээ улам хянамгай болж хүнсний эрүүл аюулгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүний шив шинэхэнийг нь сонгох болсон. Ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн миний болон манай гэр бүлийн шаардлага хэрэгцээг хангаж чадах вэ гэдгээ ч мэдэх болсон. Хэрэглэгчдийнхээ энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Сүү хувьцаат компани хэрхэн ажиллаж байгаа талаар зочныхоо яриаг хүргэе.

...Сүү хувьцаат компани бүтээгдэхүүндээ өндөр шаардлага, ач холбогдол өгдөг. Сүүний үйлдвэр маань тасралтгүй 24 цагийн циклээр ажилладаг. Жишээлбэл өглөөний 5 цагаас сүүний жолооч нар маань лаборантийн хамтаар малчны хотруу хөдөлдөг. Маргааш өглөөний 5 цаг гэхэд урьд өдрийн сүүгээр хийсэн шинэхэн сүү сүүн бүтээгдэхүүнүүд маань борлуулалт хийгддэг дэлгүүрүүд рүү ачигдаж өглөөний 6 цаг гэхэд түрүүчийн бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн гар дээр тавигдаж байна. Энэ үйл явц өвөл зуны аль ч улиралд өөрчлөгддөггүй. Манай бүтээгдэхүүн хамгийн найдвартай гэж хэлэх нэг өөр. Хэлж буй үгээ ажил хэрэг болгох нэг өөр. Бид ажил хэрэг болгодог байгууллага хамт олон.

Сүү хувьцаат компанийн үйлдвэр дээр нарийн шинжилгээ, ариутгалын 13 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж ажиллаж байна. Өнгөрсөн 8-р сард нэмэлт шинжилгээний багаж тоног төхөөрөмж суурилуулав. Ингэснээр манай үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүн нэг бүр нь эрүүл аюулгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн байх хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн үг. Нэмэлт тоног төхөөрөмж суурилуулснаар маш богино хугацаанд сүүгээ шинжилж 137 градусийн өндөр хэмд сүүгээ ариутгаж дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн дэвшилтэт технолгид суурилсан үйлдвэр боллоо.

  Хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан сүүний үйлдвэр өнөөдөр хоногт 200 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Сүү хувьцаат компани болон өргөжжээ. Өнөөдөр тус компани, бид “Малчны хотноос таны гэрт” уриан дор нийт 2500 гаруй малчид, фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгосон юм.

Сүүний үйлдвэр нэрээрээ монголын ард түмний итгэл сэтгэлд оршсон сүү хувьцаат компани өнөөдөр хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг цаг ямагт дээдэлж, байгальд ээлтэй, олон улсын чанарын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ингэхдээ малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжин ажиллаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Монголчууд алсын аянд мордож буй хүндээ сүү амсуулж, унаа хүлгийнхэн дөрөөнд сүү дусааж мордуулдаг. Араас нь сүү өргөж хоцроно. Алсаас ирэхэд нь сүү амсуулж угтана. Монголчуудад сүү шиг хэрэгтэй, сүү шиг ариун юм үгүй. Газар дэлхийнхээ шимээс эх ундаргаа авсан монгол малынхаа сүүгээр төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон түмнийхээ эрэлт хэрэгцээг хангаж байгаа Сүү хувьцаат компанийн хамт олны ажил үйлс  сүүтэй дөрөө шиг ерөөлтэй явна аа.

Үзсэн: 190

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна