“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурлыг Улаанбаатар хотноо боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурлыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд гадаад, дотоодын 230 орчим төлөөлөгч оролцлоо. Тодруулбал, Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНУ, Британи, Оман, Исланд, Израил, Казахстан, Хорват, Канад, Эстони, Финланд, Латви, Литва, Нидерланд, Филиппин, Швейцар, Швед, Украин, Туркменистан, Франц, Сингапур зэрэг 40 гаруй улсын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн иржээ.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурлын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний сорилт ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдаан боллоо. Эдгээр сэдвийн хүрээнд оролцогчид итгэлээ хэлэлцүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо. Тус бага хурлыг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ нар үг хэлсэн юм. Одоо үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг яриаг хүргэе.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улсын засгийн газраас санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх чухал хурлын нээлтийг хийлээ. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын гаргасан санаачилгыг олон улсад ихээхэн дэмждэг. Оролцож байгаа орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн энэ бүс нутгийн орнууд төдийгүй бусад сонирхож буй орнууд, олон улсын байгууллагууд, Европын орнууд, Америк, Латин Америк, булангийн орнууд, Төв Азийн орнуудаас оролцож байгаа нь энэ хурлыг ач холбогдолтой болгож байна. Энэ хурал нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тэр дундаа бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмэр гэж олон улсын түвшинд үнэлж байна. Эрдэмтэн судлаачид, дипломатууд, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд дэлхий нийтэд тулгарч байгаа сорилтууд болон манай бүс нутгийн энх тайвны эсрэг байгаа сорилтуудыг ярихын зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдал болон цаашид дэлхий ертөнцийг, Зүүн хойд Азийг энх тайван, амгалан байхад яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэг чухал санаачилгуудыг дэвшүүлнэ. Энэ хурал урд өмнөх жилүүдийнхээс илүү ач холбогдолтой болно гэдэгт эргэлзэхгүй байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол манай гадаад бодлогын том алхам. Энэхүү хурал нь бүс нутагт маргаантай байгаа улс орнуудад яриа хэлэлцээ хийх боломж олгодгоороо давуу талтай. Мөн бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хамтран ажиллах боломж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг цогцоор нь хэлэлцдэгээрээ онцлогтой гэдгийг Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Н.Доржсүрэн хэллээ.
Н.Доржсүрэн: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” 10 дахь жилдээ болж байна. Үүнийг их утга учиртай арга хэмжээ гэж бодож байна. Яагаад гэвэл Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал тэр дундаа бүс нутгийн чиглэлээр ярилцаж хэлэлцдэг ийм олон улсын хурал яг тухайн бүс нутагт төдийлөн зохион байгуулагдаад байдаггүй. Манай улс энэ хурлыг 10 дахь удаагаа хийж байна гэдэг бол тогтвортой сайн зохион байгуулж байгаагийн илэрхийлэл юм болов уу гэж судлаачийн хувьд үзэж байна. Зүүн хойд Азийн бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал нэлээн хүнд байгаа. Ялангуяа Зүүн Азид болж байгаа уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудал хүнд байна. Ийм үед Улаанбаатар хотод зөвхөн Зүүн хойд Азийн 6 орон төдийгүй бусад тивийн судлаач нар цуглаж хэлэлцэж байгаа нь чухал юм. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал гэдэг бол ганц уулзаад шийдэх зүйл биш. Энэ бол олон жилийн хөдөлмөр байдаг. Мөн бүс нутгийн асуудал нь ганц хоёр орны асуудал биш учраас олон талт хамтын ажиллагааны хүрээнд ярилцах хэрэгтэй. Иймд цаашдаа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хүрээгээ улам тэлж, урт хугацаанд үргэлжлээсэй гэж хүсэж байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн нэг хэсэг нь Монгол Улс. Энэ газар зүйн байршил нь манай улсад маш чухал ач холбогдолтой. “Улаанбаатарын яриа хэлэлцээг” хийснээр бүс нутаг судлал Монгол улсад хөгжих, ялангуяа залуучууд оюутнууд олон улсын харилцаа, бүс нутаг судлалаар өргөн мэдлэгтэй болоход чухал нөлөөтэй гэж бодож байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь бүс нутагт үүсээд буй түгшүүртэй нөхцөл байдлыг намжаахад чиглэсэн Монгол Улсын санаачилга, хүчин чармайлтын илэрхийлэл хэмээн зарим судлаачид үзэж байна. Одоо үргэлжлүүлэн Оросын Шинжлэх ухааны академийн Социологийн хүрээлэнгийн захирал, Хятад, Монгол судлаач Железняков Александр Сергеевичийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Железняков Александр Сергеевич: Энэ удаагийн олон улсын бага хуралд уригдсандаа маш их баяртай байна. Би анх удаа оролцож байна. Олон улсаас шилдэг эрдэмтэд дипломатчид ирж оролцож байгаа нь их дэвшилттэй зүйл болж байна гэж Монгол судлаачийн хувьд харлаа. Одоо цагт энэ бүс нутагт түгшүүртэй зүйлүүд байгаа учраас Улаанбаатар хот яг жинхэнэ халуун цэг болж байна. Мөн олон улсын харилцааг дэмжиж, түгшүүртэй байдлыг намжаахад Монголын талаас гаргаж байгаа маш ирээдүйтэй санал санаачилга болжээ. Миний бодлоор сүүлийн жилүүдэд Монгол Улс их дэвшилттэй хөгжиж байна. Мөн дэлхий дахинаа өөрийн соёл иргэншлийг жинхэнэ утгаар нь харуулж чадаж байгаа. Монгол Улс олон мянган жилийн түүхтэй. Хүннү гүрнээс эхлээд олон төрт улсуудын нийслэл одоогийн Монгол улсын Архангай, Өвөрхангай аймгуудын нутагт бий. Тийм учраас Улаанбаатар хот яг тэр уламжлалаар дэлхийн олон хотуудаас дутахааргүй хөгжиж байна. Монгол улс соёл иргэншлийн хувьд бас маш өвөрмөц түүхтэй. Тэдгээрийг нарийн судлах цаг нь болсон. Дэлхийн түүхчид нэгэн үе бараг мэддэггүй байсан. Яагаад гэвэл нүүдэлчин хүмүүс хэтэрхий бүдүүлэг гэж ойлгож үзэж байсантай холбоотой. Гэхдээ Монголын мянга мянган жилийн түүхийг судлаад үзэхээр Европыг шилдэг улс орнуудын түүх, хааны ордны янз бүрийн нууц явдал, дэг жаягаас дутахааргүй үйл явцтай байсан нь харагддаг.
Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилтыг 1980-аад оноос дэвшүүлэн, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гаргаж, 2014 оноос олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулж иржээ. Өдгөө тус бага хурлын нэр хүнд өсөн нэмэгдэж, яриа хэлэлцээний цар хүрээ өргөжин тэлж, бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүс дамнасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Манай улс энэ удаагийн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцлон танилцууллаа. Учир нь манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газрын доройтол, цөлжилтийн хил маш ихээр тэлж байна. Мөн дэлхийн дулааралтай холбоотой цэвдэг маш ихээр хайлжээ. Тодруулбал, 1971 онд манай улсын нийт газар нутгийн 63 хувьд цэвдэг тархсан байсан бол одоо 29,3 хувь болтолоо багассан байна. Уур амьсгалын өөрчлөлт нь нийгэм, эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал, цэвдэгтэй бүс нутагт барьсан зам, барилга байгууламжид эвдрэл үүсэж осол гарах тохиолдол нэмэгддэг ажээ. Иймд энэ хурлаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ технологиудыг нэвтрүүлэх, бусад улсын сайн туршлагыг судалж, дасан зохицох, нөлөөллийг бууруулах стратегийг боловсруулах нь зүйтэй гэдгийг ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Мөнх цэвдэг судлалын төвийн дарга, доктор А.Саруулзаяа хэллээ.
А.Саруулзаяа: Зүүн хойд Азийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хамгийн их анхаарал татсан зүйлийн нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр Зүүн хойд Азийн бүс нутгуудад хүрээлэн буй орчин болон хүний ажил амьдралд маш их өөрчлөлтүүд гарч байна. Монгол Улсын хувьд дэлхийн дунджаас 2,4 градусаар агаарын температур нэмэгдсэн. Энэ нь Монгол орны хүрээлэн буй орчинд их өөрчлөлтүүдийг авчирч байгаа юм. Жишээлбэл, Монголын нийт газар нутгийн 29,3 хувьд цэвдэг тархсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр энэ цэвдэг маш эрчимтэй хайлж байна. Мөн цэвдэг гэсэж алдарч байгаа газруудад газрын доройтол цөлжилт нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хүрээлэн буй орчноос гадна нийгэм эдийн засагт асар их сөрөг нөлөөллүүд үзүүлдэг. Иймд тухайн нутаг бүс нутагт амьдарч байгаа малчид иргэдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулах асуудлууд тулгарч байна. Энэ бүх асуудлуудыг зөвхөн нэг улс дангаараа ярих биш Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд нэгэн дор чуулж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ямар арга хэмжээнүүд авах вэ, хэрхэн бэлтгэх ёстой вэ гэдэг талаараа ярилцаж байгаа нь маш чухал юм.
Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-д гишүүнээр элссэнээс хойших жар гаруй жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа батжин бэхжиж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлж байна. Энэ утгаараа Нэгдсэн Үндэстний Байгууллага өнгөрсөн хугацаанд Монгол улсын энэ санаачилгыг тууштай дэмжсээр ирсэн. Цаашид ч энэхүү санаачилгыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгийг НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Питер Дүэ онцлон хэллээ.
Питер Дүэ: Энэхүү яриа хэлэлцээ нь бүс нутгийн хамтын ажиллагааны чухал индэр юм. Нэгдсэн үндэсний байгууллага өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатарын яриа хэлэлцээг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн дэмжих болно. Дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал, хуваагдал гүнзгийрч буй энэ үед олон талт үйл ажиллагаа ялангуяа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгын ач холбогдол урьд урьдынхаас илүү нэмэгдэж байна. Монгол улс олон жилийн турш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх гүүр болон эерэг бөгөөд бүтээлч оролцоогоо хадгалан ажиллаж ирсэн гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү бага хуралд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоонд онцгойлон анхаарал хандуулж буй нь туулийн чухал байна. Иймээс би энд байгаадаа баяртай байна. Нэгдсэн үндэсний байгууллага цаашид ч Монгол улсын түнш байх болно. Монгол улсад гүн талархлаа илэрхийлье.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудын талаар хэлэлцэх чухал талбар болж байна. Мөн бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог томоохон уламжлалт арга хэмжээ болж өргөжиж байгааг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10-р бага хурлалд оролцогчид онцолж байлаа.
Үзсэн: 11753
Tweet