Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Халтар манан хөөрөг


Densmaa 2017-03-03 05:03

Хөөрөг гэдэг нь нэг үгээр хэлбэл, дархан хүний бурхан ухаанаар бүтсэн бүхэл бүтэн урлагийн бүтээл юм.

      Монголын төрт ёсны уламжлалт их баяр бол Цагаан сар юм. Өнө эртнээс монголчууд хатуу хүйтэн хахир өвлийг ам бүл эрүүл энх, адуу мал тавлаг, айл хотлоороо тэгш нэгэн шинэ онтой  золгож  ирснээ билэгдэн золгодог сайхан уламжлалтай билээ. 

Цагаан сар нь ахас ихсээ хүндэтгэн ханат гэрийн хоймор, халуун гал голомт дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан байдаг.

Ахмад настандаа мэндийн хадаг барьж,  “даага далантай, бяруу булчинтай, өнтэй сайхан өвөлжиж, сөлтэй сайхан хавартай золгож байна уу” хэмээн сайн  сайхны эхлэл билэгдэлтэй ерөөлийг хэлж эрдэнийн чулуун хөөргөөр тамхилдаг нэгэн уламжлалтай.

       Сар шинийн билэгдэлт энэ сайн өдөр,  эрчүүд бүхний амнаас газар нутгийн амгалан тайван аж төрөл,  уул хангайн сорлог сүрлэг сайхан өнгө, нар сарны мандан бадарсан өнгө, таван  хошуу сүрэг малын тарга хүч, битүүнд эхэлсэн хүчит бөхчүүдийн бяр чадал, мэндийн зөрүү манан  хөөрөгний тухай гээд л яриа хөвөрч  хуучлах нь сайхаан. Сар шинийн сайхан билэгдэл дүүрэн энэ өдрүүдэд хөөрөгний тухай зурвас үгүүлъе.

      Эртний нэгэн сударт үгүүлэхдээ: ...“хүмүүний таван саваагүй юмны нэг нь тамхи бөлгөө...” гэжээ.

      Тиймээ, тэр таван саваагүй юмны нэг хамрын тамхи нь бөмбөрцгийн  нөгөө талд орших улаан арьст  индианчуудын дунд үүсч  европ тив дараа нь азийн хятад зэрэг улс оронд өргөн дэлгэрчээ.

    16-дугаар зуунаас эхлэн Манж Чин улсын үед хүчтэй дэлгэрч улмаар Түвдээр дамжин  Монголд нэвтэрсэн гэж судлаачид үздэг байна. Түвд, Хятад, Манжууд хамрын тамхийг голдуу  шавар шаазан эсвэл мод, төмөр жижигхэн саванд хийж хэрэглэдэг байжээ.

   Өмнө зүгийн шавар шаазан хөөрөг нь элдэв ургамал, цэцэг зэрэг хээ хуартай мөргүй бондгордуу, таглаа бөглөө нь жирийн зүйл байдаг. Мөн хөөргийг тухайлсан уут саванд хийж явдаггүй, голдуу ширээн дээр байлгана. Тиймээс  хятад хөөргийг “ширээний, ямбаны” гэж ангилах нь бий.

     18-дугаар зуунаас эхлэн Монголчууд хамрын тамхинд онцгой анхаарч хятадын шар тамхинаас гадна өөрсдөө тамхи хийдэг болсон байна.  Цагаан болон хар зандан модны үр, ага, сэдэр, сүгмэлжүү мөн балжингарав зэрэг сайхан үнэрт ургамлаар тамхи хийдэг байжээ.

      Үүнээс гадна  хамрын тамхины хөөргийг  Монгол  газрын үнэт чулуугаар хийхдээ, авч явахад  хялбар хавтгайдуу хэлбэртэй, мөртэй, суурьтай, хэмжээгээр нь их, дунд, бага  гарын мөн гоёлын буюу  эмэгтэй хүний зэргээр ялгаатай хийж иржээ.

     Монгол газрын чулуу бүхэн өөр өөрийн гэсэн ид шидтэй байдаг. Тийм ч учраас  хэрэглэх хүний нас жилтэй ивээл,  зөв энергитэй  чулуун  хөөрөг  эрхэмлэх болсноос гадна тухайн чулууны өөрийн үндсэн өнгө, хээ зэрэгт  маш ихээр анхаарал тавьдаг байна. 

     Хөөрөгний хэлбэр, хийцийг голлохын зэрэгцээ шүрэн толгойг үнэлдэг байна. Ялангуяа толгой нь алтан болон ногоон хаш хавчуулгатай, жижиг цагаан бэдэртэй  улаан шүрэн байх тусам үнэтэй  мөн  зааны ясан халбагатай байвал  эрхэм чанарт хэмжигдэнэ.

    Хөөрөгний салшгүй бас нэгэн үнэ цэнтэй зүйл нь  даалин буюу хавтага  юм.  Монгол бүсгүйчүүд уран нарийн оёдол үйлтэй билээ.

     Хөөрөгний даалинг тухайн хөөрөгний өнгө дагуу сайн чанарын үйтэнхуар, чисчүү, минчүү, төрөл бүрийн хээтэй торгоор хийж дээр нь түмэн наст, зээ бад зэрэг хээг өнгийн утсаар зүү ороож оёно. Даалингийн ёроол, амыг заавал загсан оёдлоор оёдог.

      Хөөргөө  дагаад хөрөгний даалин үнэтэй, түүхийн  нандин соёлын бүтээл  болж явдаг билээ.  Тухайлбал Богд хааны ордон музейд “Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 1911 онд Богд хаанд өргөсөн нэгэн даалин хадгалагдаж байдаг.

    Зуу гаруй жил өмнө, хөх магнаг торгон дээр алтан утсаар  зүү ороож  арсланг шаглаад, даалингийн амыг өнгө оруулсан шөрмөсөөр загсан нуруу гаргаж оёсон энэхүү даалингийн оёдол өнөөдөр ч гайхагдаж байна.

      Сүүлийн үед  төрөл бүрийн хээ мэтгэж урласан торгон даалингаас гадна цалин цагаан мөнгөөр чимсэн шир савхин даалин бүр хэрэм, үен, булга, суусрын  үнэт арьсан даалингаар гангарах болжээ.  

      Монгол орон гайхалтай чулууны  ертөнц билээ. Манай улс эрдэнийн чулууны их баялагтай. Тийм ч учраас   монголчууд ихэвчлэн шүр, чүнчигноров, мана, хаш, болор, гартаам зэрэг  үнэт болон хагас үнэт  ховор чулуугаар урласан хөөрөг барих нь элбэг.

      Хөөрөг гэдэг нь нэг үгээр хэлбэл, дархан хүний бурхан ухаанаар бүтсэн бүхэл бүтэн урлаг юм. Их гарын хөөрөг нь алганд багтахааргүй том байхад, дөнгөж хоёр хуруугаар чимхиж барих төдий жижигхэн ч байна.    

     Монгол дархчуудын уламжлалт ур хийцийг залгамжлан уран ухаанаа чулуунд шингээж суудаг уран дархан Д.Пүрэвсүрэн ярихдаа “ Хөөрөгний  ур хийцийн тухайд авч үзвэл Хятад, Манж, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц байдаг. Үүнээс одоо монголын ур хийц Азидаа гайхагдаж байна” гэж яриагаа эхэлсэн юмаа.  

     Уран дархан Д.Пүрэвсүрэн: Хөөргийг  урлаж бүтээнэ гэдэг бол сайхан зүйл. Монголчууд бэлэгдлийг их сайн харж хийдэг. Нөгөөтэйгүүр ямарваа нэг зүйлийг бүтээхдээ бас их сүрэг бишрэлээр хандаж  хийдэг уламжлалтай. Өндөр гэгээн Занабазар гэхэд бүтээлээ хийхдээ өдрийн сайныг харж луу өдөр бүтээлээ эхэлдэг байсан. Тийм их оюун ухаан бясалгаар хийгдсэн зүйл бол үнэхээр төгс төгөлдөр хийцтэй байдаг. 1800 оны үе бол монголчуудын сэргэн мандалтын үе байсан. Энэ үе хийгдсэн хөөрөг, хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь энэ ертөнц дээр дахин давтагдашгүй бүтээл болон үлдсэн байна. Монголчуудын ур хийц гэдэг бол арай өөр юм. Яагаад гэхээр нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг бол их баялаг байдаг л даа.  Очсон газар бүрийнхээ сайн сайхныг авдаг. Сайн сайхан зүйлийг харсан байдаг. Гэтэл суурин иргэншлийн хүмүүсийн  хувьд нэг талдаа хоцорчихсон ганцхан зүйлээ л хийдэг. Хятадын хийц гэхэд дан  ургамал навч байдаг. Ямар нэг зүйлийг яг бодитоор хийчихсэн байх жишээтэй. Эртний болоод орчин үеийн дархчуудын урлал, бүтээлийн ур хийц дандаа ямар нэг бэлэгдлийг агуулж байдаг. Хангарьд, луу, арслан, бар, газрын хоёр хүчтэн, тэнгэрийн хоёр хүчтэн, Дугар зайсан, урт наст зургаан өвгөн, цагаан өвгөн гээд домог болсон маш олон бэлэгдэл байж байдаг. Үүнийг бүтээлдээ урладаг. Эв нэгдлийн бэлэгдэл эвтэй дөрвөн амьтан, аз жаргал авчирдаг гээд хоёр арслан хийдэг ч юмуу, ямар зүйл дээр ямар хээ урлах уу гээд бүгд өөр өөрийн онцлогтой. Эртний хүрлийн үеийн хийцийг л үзэхэд бар эвэр туурайтай амьтгыг гайхамшигт  сийлсэн байдаг.  Буга гэхэд их өндөр мөнх хөх тэнгэртэй харьдаг ч гэдэг юмуу тий зохиомтой гайхалтай юм хийсэн байдаг. Тиймээс монголчууд хөөргийг дэлхийн төвшинд маш урлаж чадсан ард түмэн юм. хөөрөгний хоёр мөрөн дээр зээ бад хийсэн байгаа юм л даа. Дөрвөн хүчтэний шинж агуулсан амьтан гээд. Чулууны ухалт, сийлбэр зэргээрээ манай хөөрөг бусад орныхоос нэлээд өвөрмөц  ялгагдах онцлогтой болж чаджээ. Үнэхээр хөөрөгний оргил хийц бол Монгол хийц юм.

      Уран дархан Д.Пүрэвсүрэн цааш нь ярихдаа “Монгол газрын ширхэг бор чулуу ч гэсэн  амьтай шүү. Эх хүн бурхны оронд заларсан ч  үрээн гэсэн сэтгэл нь тасардаггүй гэдэг. Үүнтэй утга нэгэн элс  болж бутарсан ч чулууны амь байсаар байдаг. Тиймийн  учраас чулуутай зөв харьцаж, хайрлаж, шүтэж  явах хэрэгтэй” гэсэн юм.

      Монголчуудын  “буйрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэдэг үнэн буй. Ханат гэрт дуугаан хадааж төрөөд, хадан гэрт буцдаг монгол хүн бүр  нутгийн чулуугаа тээж явдаг нь учиртай.

     Ургаа модыг тайрсны дараахан үхдэг бол, чулуу нь жижиг байсан ч гэсэн өөрийн гэсэн амьтайгаа байдгыг   герман, америкийн  геофизикийн эрдэмтэд баталсан байна.

      Эрдэмтэд 100 сая жилийн тэртээх агаар мандлын эс, тоосонцороос бүрдсэн чулууг судлаад гайхашигтай  энерги агуулж байгааг тогтоожээ.

       Хөөрөгний үнэ цэнэ нь түүний толгой, нуух, даалин,  эрдэнийн чулуундаа байхаас гадна хэр зэргийн насжилт мөн  удам дамжиж ирсэн буюу нэр алдартай хүний эдэлж хэрэглэж байсан зэргээр  тооцогддог билээ.

     Уран дархан Д.Пүрэвсүрэн: Ер нь бол хөөргөнд үнэ байдаггүй. Жишээ нь “Таван үед дамжсан хөөрөг байна. Тайж удмаас эхлэж үр хүүхдэдээ өвлөгдөөд нэгэн үед хувилгаан хүнд ч дамжсан”  байх жишээтэй. Энэ таван үе дамжсан хөөрөг бол удам судартаа  хамгийн үнэт зүйл, юугаар ч сольшгүй, юугаар ч үнэлшгүй юм. Одоо жишээ нь Манлай баатар Дамдинсүрэнгийн хар хас чулуун хөөрөг сумогийн их аварга Давгадоржид байна. үнэхээр чулуу нь олдошгүй. Би ийм хар чулууг огт үзээгүй, хорь гаруй жил чулууны ертөнцөд аялсан хүн шүү дээ. Манай 8-дугаар богд хааны хамгийн сүүлд барьж байсан хаш хөөрөг мөн Өндөр гэгээн Занабазарын барьж байсан хөөрөг байна. Энэ бүгд үе удамших тусам хөөрөг үнэт зүйл болдог. 

        Монголчууд ихэвчлэн оюу нуухтай, алтан хавчуургатай шүрэн толгойтой хөөрөг барьдаг.  Сүүлийн үед цагаан, цэгээн бидэртэй шүрний олдоц ховордож, таримал “дива” хэмээх улаан чулуун толгойг хэрэглэх нь ихэссэн байна.  

        Чулуу чулууны дээдийг “мана” гэдэг юм байна. Монголд мана чулууны 200 орчим төрөл байдаг гэнэ. Тархи мана гэхэд оюун ухааны бэлэг тэмдэг, халтар мана  гэхэд хүч чадал, эр зориг  хийморийн бэлэгдэл, шар халтар маныг тариа будаа элбэг дэлбэг болгодог гэдэг бол улаан  маныг заргаа авдаг гэх мэтээр үздэг байна.

       Үүнээс гадна чун мана, дэнз мана зэргийг хүний эрүүл мэндийг илааршуулж  ухаан  санааг сайжруулдаг гэдэг байна.  Цагаан, цэгээн хонин дүрст маныг халуун хошуут мал сүрэг өсөн нэмэгдэнэ гэх буюу дэнз маныг харвалт, саажилттай хүн хэрэглэвэл нэн сайн гэнэ.

       Хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс “хаш” чулууг  хэрэглэж ирсэн түүхийн олон баримт өнөө бидэнд иржээ. Хаш чулууг хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болдог гэж эртний хятадын  сурвалж  бичигт тэмдэглэсэн бий.

     Эртний хаад, ноёдууд хаш чимэглэл эдлэл ихээр хэрэглэж байсан түүхийн баримт олон байна.  Жишээ нь:  Маш нарийн хээтэй,  дугуй  цагаан хашин зүүлттэй  Хубилай хааны  түүхэн зураг манай Үндэсний  түүхийн музейд хадгалагдаж байна.

      Нэр археологич Эрдэнэбаатар “Гол мод-2” төслөөр Архангай аймгийн нутгаас Хүннүгийн нэгэн булшнаас 15 см гаруй дм-тай  0,8 мм нимгэн чамин хээ хуартай цэгээн хаш зүйлт олж, хашийн  хэрэглээг хаадын  зэрэгт байсныг  баталсан байна.

     “Шүр” -ийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг гэдэг. Шүр нь аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулж, хоолой өвчинд  нэн сайн гэдгийг монголчууд мэднэ.

    Шүрэн хөөрөг нь голдуу уран нарийн сийлбэртэй байдаг бөгөөд эмэгтэйчүүд барихад тохиромжтой. Үүнээс гадна, жижигхэн  гялалзсан одтой хар хөх өнгөтэй Ундрам чулуугаар  хөөрөг хийдэг.

      “Номин” чулуу нь яр шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа мөн багтраа астам зэрэгт нэн сайн болохыг эртнээс монголчууд мэддэг билээ.

    Харин матар болоод мэлхийн ордныхонд тийм ч сайнгүй гэж зурхай ухаанд үгүүлжээ.

       Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй  молор чулууг сүүж хэмээн нэрлэнэ.  Алтан үст сүүж, усан болор сүүж нь нэвт харагддаг бол манатай сүүжин манан мэт харагдана.

      “Молор” чулуугаар хийсэн хөөргийг “Сүүжин” хөөрөг  гэнэ. Сүүжин хөөрөг нь нүдний улайлт, нүдний даралт зэрэгт нэн тустай. Үүнээс гадна сэтгэлийн хэт хөөрлийг  сүүжин  хөөрөг дардаг гэлцдэг.

       “Гартаам” хэмээх чулуу нь манын нэгэн төрөл. Маш хатуулаг, байгаль дээр их гарын хөөрөг хийх хэмжээний чулуугаар олдох нь нэн ховор гэнэ. Өнгө сайтай, барих тусам өнгө нь тунарч байдаг.  Монголчуудын дунд гартааман хөөрөг үе дамжин хадгалагдах нь элбэг.

      Монголчуудын “Доржпалам” гэж нэрлэдэг Чүнчигноров  нь  зөвхөн монгол байдаг ховор эрдэнийн чулуу. Чүнчигноров хөөрөг нь эзэндээ ээлтэй, хэрэглэж байсан эзэн нь  хойд төрөлдөө дээд төрлийг олдог хэмээн сударт бичсэн нь бий.

        Чүнчигноров хөөрөг нь мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой ярыг өвчнийг үрж эдгээдэг мөн үе мөчний өвчин илааршуулдаг гэж “Уламжлалт анагаах ухааны таван жор” хэмээх сударт үгүүлсэн байдаг.  

        Монгол орон бол үнэт эрдэнийн чулуугаар нэн баялаг гэдгийг дээр дурьдсан. Өнөөдөр Эрдэнэтээс зөвхөн  зэс ундраад зогсохгүй “Оюу” чулуу ихээр гардаг.

        Оюу  чулуу нь сувд, шүр зэрэгтэй зэрэгцэн эзэндээ ээлтэй гэлцдэг. Тийм ч учраас дээр үед сувдан гоёл заавал шүр, оюутай хоршдог учиртай.  Бас  хүний амин  хишгийн сахиус ч гэж үздэг байна.   

          Ийм л сайхан үнэт чулуун хөөргөөр  харилцан мэндлэх их ёс,  соёл зөвхөн Монгол туургатан хүмүүд л бий.  Үүнийг “хөөрөг зөрүүлэх ёс” ч гэлцдэг.

        Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, өөр хоорондоо муудалцсан хүмүүс эргэж уулзан тамхилж санасан бодсоноо ярьж, “хоёр биендээ найртай сайхан явъя” гэсэн санааг илэрхийлэн хөөрөг зөрүүлэн тамхилдаг ёс бий.

    Хөөрөг зөрүүлэн тамхилах зуур билэгтэй сайхан үгсийг хэлж, хорвоо дэлхий хотол олныг хамарсан амар амгаланг ерөөх нь бий. Ер нь хөөргөөр тамхилах явдал нь ёс суртахууны хамгийн нандин зөв уламжлалт харилцааны нэгэн илэхийлэл билээ.

      19-дүгээр зууны эхний хагаст, манай орноор аялсан Оросын жуулчин Козлов: “Монголчуудын хоорондоо мэнд амраа мэдэлцэн, харилцан бие биеэ хүндэтгэж, мэдээлэл солилцохдоо “хөөрөг зөрүүлж”  байгаа нь гайхалтай юмаа.

 Монголчуудын ядуу хүн ч үнэт эрдэнийн чулуун хөөрөгтэй байх нь ердийн хэрэг болой” гэсэн байна.

               Энгүй их талдаа эрдэнийн чулуугаар гэр барьж,

               Эрдэний чулуугаар тулга хийж галаа бадрааж,

               Эрдэний чулуугаар идээ будаагаа өрж,

               Эрдэний чулуугаар мэнд амраа мэдэлцэн,

               Эрдэний чулуугаар таван хошуу мал сүргээ хийж,

               Эрдэний чулуугаар эрхлэж  наадсан,

               Чулуун дээр мөртэй,

               Чулуун дээр тэнгэрийн тамгатай хөх Монголчууд

               Хотол даяараа сайхан шинэлж байна...

                         

                                           

 

 

Үзсэн: 8677

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)

  • Viagra Rezeptfrei Serios https://bestadalafil.com/ - Cialis Tzxycy Propecia Online Review <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Comment Prendre Le Viagra Zbpsra https://bestadalafil.com/ - cialis prescription Comprar Viagra En Zaragoza Jsvigk



  • <a href=http://sildenafi.sbs>can viagra make you bigger</a> Pathological characteristics of liver biopsies in eight patients with hepatic epithelioid hemangioendothelioma