НҮБ ба Монгол улс
Монгол улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй
Монголын дуу хоолой радиогийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнгөрсөн ХХ зуун Монгол Улсын түүхэнд олон чухал үйл явдлаар дүүрэн зуун байлаа. Тэртээ 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 онд Ардын засгийн газрыг байгуулж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй.
НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр эхэллээ. Харин чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-ноос 28-ны өдрүүдэд болжээ. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдлын талаар үг хэлсэн юм. Тухайлбал, НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.
Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлажээ. Монгол улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт, бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Үүний илрэл болгож МУ 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа энэхүү индрээс албан ёсоор илэрхийлж байна. Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээх, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь төрт ёсны ой санамж билээ. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг хэрхэн тогтоосныг судлаж, гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг сөхөн үзвэл сайн жишиг, сануулга сургаж олон байгааг олон улсын эрдэмтэн мэргэд хэлдэг. Тиймээс дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадах аваас 8 зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвших үндэс суурийг тавьсан Монголын их амар амгалангийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амараг амгаланг тогтоох боломжтой гэдгийг Монгол улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид НҮБ-ын индэр дээрээс уриалж байна гэсэн юм.
Олон улсын Засгийн газар хоорондын түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага юм. 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор үүссэн энэхүү байгууллагад эдүгээ дэлхийн 193 орон гишүүнээр нэгдэн ороод байна.
НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан товхинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг. Энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол Улс эхнээс нь оролцох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд НҮБ-ын гишүүн болох өргөдлөө анх 1946 оны 6 дугаар сарын 24-нд албан ёсоор гаргажээ. Гэвч НҮБ-д элсэх зам манай улсын хувьд шулуун дардан байсангүй. Бүхэл бүтэн 15 жилийн турш үзэл суртлын сөргөлдөөн, хүйтэн дайны хатуу уур амьсгалыг даван туулж, тууштай тэмцэж ирсний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсон юм. Тухайн үед НҮБ-ын гишүүн байсан 100 орчим улс орон бүгд Монгол Улсын төлөө саналаа өгсөн байдаг. Манай орны хувьд энэ нь улс төр, дипломатын үнэлж баршгүй том амжилт, тусгаар тогтнол, улс төрийн чухал баталгаа болсон юм. Улмаар олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломж нээгджээ. Энэ хүрээнд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцсоор ирсэн юм. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж иржээ. Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна. Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ. Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг болжээ. 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 81-р чуулганы үеэр, Монгол улсыг бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн Монгол улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын их хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож байгааг сайшаан тэмдэглэжээ.
Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы индэр дээрээс МУ-ын ерөнхийлөгч Хүрэлсүх хэлэхдээ “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа. Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай. Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм” гэсэн юм.
НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээг 2017-2022 онд Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж дууссаны дараа буюу 2023 онд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийг хамтран баталснаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хоорондын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлжээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэсэн тус улсын үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдсан баримт бичиг юм. Энэхүү Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг хэрэгжүүлэхэд Монгол Улсад суурин болон суурин бус үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн 24 байгууллага оролцож, Хүний хөгжил, сайн сайхан байдал, Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн стратегийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Үзсэн: 59
Tweet