Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дээд боловсролын тогтоолцоо


Densmaa 2017-04-13 08:04

2024 он гэхэд Монгол Улс олон улсын түвшинд 20-иос доошгүй хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн 100 шилдэг сургуулийн эгнээд хүргэх зорилго тавиад байна.

      1990 оноос өмнө Монгол Улсын хэмжээнд 10-аад их дээд сургууль, дээд боловсролтой боловсон хүчинг бэлтгэдэг байлаа. Тиймдээ ч ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн бүр их, дээд сургуульд суралцдаггүй, төрөөс захиалсан, шаардлагатай мэргэжлээр коллеж, техникум төгсөж ажлын байраар хангагддаг байсан юм. Их, дээд сургуулиуд нь ч байгууллагуудын захиалгын дагуу оюутнуудыг сургадаг байсан тул төгсөгчдийн ажлын байр, хийх ажил нь тодорхой байдаг байв.

        1990 оноос Монгол Улсын зах зээлийн нийгэмд шилжиж, дээд боловсролын тогтолцоо ч цаг үеэ даган өөрчлөгдлөө. Их, дээд сургуулийн оюутнуудын зардал, төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг байсныг больж сургуулиуд өөрсдөө бие даасан байдлаар ажиллах болсон. Нөгөөтэйгүүр ерөнхий боловсролын сургууль төгсөгчид шалгалтаа өгөөд хүссэн сургуульдаа суралцаж, мэргэжлээ сонгох нь нээлттэй болсон юм. Оюутнуудын эрэлтээс үүдэн их дээд сургуулийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж гурван сая хүнтэй манай улсад 200-гаад их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулах болж тооны өсөлт бий болсон. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль төгссөн төгсөгч бүр их дээд сургуульд элсэн орж, Монгол Улсын насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь дээд  боловсролын дипломтой болсон. Харин дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь энэ олон их дээд сургуулийн сургалтын чанарын асуудлыг эргэн харахад хүргээд байна. Иймд төрөөс сүүлийн жилүүдэд тооны өсөлтөөс чанарын өсөлт рүү шилжих зорилт тавин ажиллаж байгаа.

Техник, технологийн дэвшил, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагын улмаас хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор засгийн газраас хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэдлэгтэй, чадвар төлөвшилтэй,  зөв хандлагатай, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой иргэний бэлтгэхэд анхаарах эхэлсэн. Сургууль төгсөхдөө ямар мэдлэг, чадвар, хандлагатай болох вэ? Сургууль төгссөний дараа тухайн салбарынхаа хөгжилд ямар хувь нэмэр  оруулах,  үүний тулд одооноос ямар цогц чадвар эзэмших хэрэгтэйг урьдчилан тооцоолсон ийм сургалтын тогтолцоо руу Монгол Улс шилжиж байна. Үүнийг сургалтын үр дүнд суурилсан сургалтын тогтолцоо гэж нэрлэдэг. Дэлхий нийтийн чиг хандлага ч  гэсэн мөн ирээдүйд хүрэх үр дүнгээ  одоо урьдчилан харж хэмждэг ийм тогтолцоо руу шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн суралцагч ямар дүнтэй төгсөж байгааг нь илүү чухалчилдаг байсан бол одоо нийгэм, хувь хүнд үзүүлэх үр ашгийг түлхүү  анхаарах болсон байна.

Энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т. Амаржаргалангаас тодрууллаа. 

              Т. Амаржаргалан: Сургалтын энэ шинэ үйл ажиллагааг хэмжээд ямар үр дүн гарч байгааг хараад дүгнээд цааш нь сайжруулдаг. Чанар стандартад суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлж бий болгоно.  Энэ нь хоёр үе шаттай. Нэгдүгээрт сургалтын үйл явц дундаа их дээд сургуулиуд улирал бүр хяналт тавьж байдаг хяналтын тогтолцоотой болно.  Хоёрдугаарт дөрвөн жилд сураад тухайн суралцагч төгсөхдөө ямар чадвартай болсон гэдгийг нь үнэлдэг магадлан итгэмжлэлийн зөвлөл гэж байгууллага бий.  Ер нь их дээд сургуулиуд магадлан итгэмжлэл авсан байна гэж хуулинд заасан. Мэргэжилтэн бэлтгэж байгаа хөтөлбөр сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ гэсэн хуулийн шинэ заалт орчихсон байгаа. Тэгэхлээр манайх магадлан итгэмжлэлийн байгууллагаа сайжруулах шаардлагатай. Энэ байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа учраас байгууллагыг чадвартай болгох тэнд ажилладаг шинжээчдийг сайн бэлтгэх гэсэн ийм ажил хийгдэж байна. Энэ чиглэлд Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд цогц ажил хийгдэж байна. Тухайлбал Боловсролын магадлан итгэмжлэлийг Германы магадлан итгэмжлэлийн байгууллага хооронд түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлээд манай улсын байгууллагуудын болоод хөтөлбөрөөр шалгадаг шалгуурын үзүүлэлтүүд гаргаж харьцуулж үзэж байна.  Ирэх 5-р сараас эхлээд шинэчилсэн тэр шалгуур үзүүлэлтээр 2 сургууль, 2 хөтөлбөрийг туршилтын журмаар магадлан итгэмжлэх гэж байна.  Үүнээс гадна  Олон улсад тухайн сургалтын чанарыг үнэлүүлэх  үйл ажиллагаа явж байна. Одоогоор олон улсын хэмжээнд 16 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Ихэнх нь эдийн засаг, менежментийн чиглэлийн хөтөлбөрүүд байна.

              Энэ жил Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний эмчийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Мөн АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллагаар ШУТИС-ийн Цахилгаан холбооны хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна. Магадлан итгэмжлэл нь манай улсын шалгуураар найман үзүүлэлттэй. Харин олон улсад бол 6-н үзүүлэлттэй байдаг. Манай боловсролын тогтолцоо 2 чиглэлийн зарчимд баригдаж байна гэж хэлж болно. Нэгдүгээрт суралцагчид ямар мэдлэг чадвар эзэмших вэ гэдгийг тодорхойлдог зарчим. Тухайн мэдлэг чадвараа эзэмшиж чадаж уу гэдгийг нь шалгаж үнэлдэг магадлан итгэмжлэл. Хоёр дахь зарчим нь сургууль дотооддоо чанараа сайжруулах тогтолцоог хэлдэг. 

         Түүнчлэн Монголын их дээд сургуулиуд олон улсад чанараа үнэлүүлэхийн тулд олон улсын шилдэг туршлагуудаас суралцаж, ямар түвшинд байгаагаа харьцуулах ажлыг хийж эхлээд байна. Тухайлбал ШУТИС инженерийн хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ-ын Массачус их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

         Т. Амаржаргалан: Саяхан Харвардын их сургуулийн багшийг хөгжүүлэх арга зүйн талаарх жижиг хөтөлбөр төсөл эхлүүлсэн. Германы стандартыг Монголын хөрсөнд оруулж ирээд тэндээс суралцах, ашигт малтмалын 7, 40 ТИС гэсэн ийм үйл ажиллагаа явуулж байна. Бас үүний хүрээнд Япон улстай хамтарч 9 жилийн хугацаанд 1000-н инженер бэлтгэх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Олон орны туршлагыг Монголын хөрсөнд буулгаж туршиж үзээд байгаа нь эдгээрээс  аль нь давуу талтайг нь олж харах. Монгол хүний зан чанар түүний сэтгэлгээний арга барилд тохирсон тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм. Цаашид гаднын туршлагыг харьцуулж үзэж байгаад манай улс өөрийн гэсэн системийг бий болгохын тулд харьцуулалтын менежментийг хийж байна.  Их дээд сургуульд элсэх оюутнуудад нийтлэг шаардлага тавьдаг.  Бүгд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстой.  БСШУС-ын яамнаас  жил бүр 400-аас дээш оноо авсан хүүхдийг их дээд сургуульд элсэн суралцах эрх олгодог.  Харин сургуулиуд өөр өөрийн шалгуур үзүүлэлттэй.

        Өнөөдөр манай улсын хэмжээнд 90 гаруй их дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Эдгээрийн 27 хувь нь бизнес, эрх зүйн, эдийн засгийн чиглэлээр, 17хувь нь технологи, 9 орчим хувь нь Нийгмийн ухааны чиглэлээр  суралцаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улс гадаадын 16 оронтой Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцон сургаж байна. Гадаад оюутнуудын хувьд уламжлалт анагаах ухаан, урлагийн зэрэг чиглэлээр Монголд ирж суралцдаг.

     Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд зарим тэргүүлэх сургуулийг судалгааны чиглэлээр хөгжүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Мөн 13 их дээд сургууль, 60 судалгааны багд 1,6 тэр бум төгрөгийн өрсөлдөөнт тэтгэлэг олгожээ. Төрөөс боловсролын талаар баримтлах урт хугацааны бодлогын хүрээнд 2024 он гэхэд Монгол Улс олон улсын түвшинд 20-иос доошгүй хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх, 4-өөс доошгүй их сургуулийг Азийн 100 шилдэг сургуулийн эгнээд хүргэх зорилго тавиад байна.

Үзсэн: 1075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна