Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүүхдийн тоглоомоор улс орны ирээдүйг шинждэг”


Densmaa 2017-06-16 06:06

Та монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл монгол тоглоом наадамтай www.naadgai.mn хаягаар орж танилцаарай.

    Монгол хүнийг бүрдүүлдэг эд эс нь монгол тоглоомд байдаг. Монгол наадгай тоглоомоор дамжуулан монгол ахуй монгол сэтгэлгээг бий болгодог ажээ. Монгол тоглоомын нэг чухал зүйл бол хүний ажил амьдралтай салшгүй холбоотой. Монгол тоглоомоор нас харгалзахгүй тоглож болдгоороо олны анхаарлыг татдаг. Тухайлбал, Хүүхдийн  тоглоомон дээр хөлөг, хүү цэргүүд нь нэмэгдэнгүүт насанд хүргэгчдийн тоглоом болоод хувирчихдаг. Шаардлага гарвал  газар дээр зураад хар, цагаан чулуугаар тоглож болдог гээд айхтар ажил шаардахгүйгээр орчин нөхцөлдөө ямар л бол ямар нөхцөлд тоглоомоо сэдээд тоглодгоороо монгол тоглоом онцлогтой билээ.

    Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай.

Манай ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна.  Монгол түмэн оньслох, эвлүүлэх, уран ээдрээ тайлах, шагай, хөлөгт тоглоом, аман наадам зэрэг 3000 гаруй тоглоом наадмаар наадаж ирсэн. Тоглоомын арвин баялаг сан хөмрөгтэй ард түмэн.

Монгол тоглоом наадгайн үүх түүх ихэд сонирхолтой. Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байсан тул үүнийг эрт мэдэж, олсон ололт амжилт арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг, толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ. Ийнхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжлан үлдээдэг нэгэн сайхан арга бол үгэн тоглоом гэж үзэж болно. Аман наадам нь монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж эрдэм мэдлэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдол гүйцэтгэж, сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Тэгвэл Монгол ардын наадмын нэг ээдрээ тайлах наадам нь маш их сонирхолтой. Энэ нь сур, дээс, шидэмс, бүч, утас ззргээр уясан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бөгж, шагай, дөрөө зэргийг гаргаж авах арга ухааныг уралдаж олох тоглоом юм.

Одоогоор манай ард түмний дотор хадгалагдаж үлдсэн дөч шахам ийм наадам олдоод байна. Тздгээр нь малын уяа, чагт ногт, хүзүүвч, тушаа, чөдрийн уяа зангилаанаас уламжлан үүсчээ. Эхний ээдрээ тайлах наадам тугалын чагтыг гогцоонд хийж гаргах үйлдэлтэй байсан бол түүний битүү гогцоог өөр нэгэн битүү гогцоонд хийснээр «Хонин холбоо», « Богцны уяа » зэрэг уяа түгжээг хийж сургах тоглоом, тэдгээрээс Чамбалын түлхүүр гэдэг оюун түлхүүрийн салбар наадмууд гарчээ.

Монголчуудын тоглоом наадгайг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман, хөлөгт, гар хуруугаар тоглох, хөдөлгөөнт, гэр барих, оньсон тоглоом гэж 15 төрөлд хуваадаг. Түүний дотор хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл бий. Үүн дотроо оюун ухаан задлах оньсон тоглоомоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэг хэвийн шинжтэй байдаг. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг оньсон бүтээж, Сүхбаатар жанжны хөшөөнөөс эхлэн, Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхагийг ч оньсон тоглоом болгон урлажээ. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон гэрчилгээг нь авчээ.

Монгол наадгайд монголын түүх шингээстэй байдаг. Даалуу хэмээх тоглоом Манжийн үед түгжээ. Тэр үед Монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байж. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран “Хорол” хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. “Хорол” хамтач ёс, бие биенээ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад 12 жил дууг харилцан дуулж, даалууны мод бүрт зориулсан үг хэллэгийг хэлдэг нэгэн сонирхолтой тоглоом юм. Манай сонсогчид монгол тоглоом наадмын тухай ихэд сонирхон асуудаг бөгөөд “Хүүхдийг тэдэн насанд нь тийм тоглоомоор тоглуулна гэсэн зөвлөгөө өгнө үү” гэжээ. Энэ тухай бид МУИС-ын доктор, тоглоом судлаач Г.Нандинбилэгээс тодрууллаа. 

Г.Нандинбилэг: Ер нь “Хорол” тоглоомыг би хүүхдийн хүмүүжилд маш хэрэгтэй тоглоом юм гэж боддог. Арван хоёр жилийн амьтдыг энэ ах нь энэ нь дүү юм гэж дээр доор нь оруулаад гэр бариад байгаа юм шиг харагдах  хэдий ч тэрний цаана ахс дээдсээ хүндлэх бид нэг ангийн хүүхдүүд гээд байж байхад чи туулайтай би бартай хэн нь ах байх уу гэдгээ мэддэг. Ахас  дээдсээ хүндлэх хоорондын хүндэтгэлт харилцааг бүтээхэд оршино. “Хорол” нь  ширээний тоглоом, тэгэхээр тэр хүндтэй дүрс хээнүүдийг ойлгож тэд нартай харилцаж, хүндэлж сурах, гэрийн хүмүүжилд сургахад маш энгийн тоглоом юм.

   Хүн төрөлхтөн, улс үндэстэн болгон өөр өөрийн онцлогтой тоглоом наадмаа хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Хэдлий тийм боловч хүн төрөлхтөн болон хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг ардын уламжлат тоглоомын төрлүүд устаж үгүй болсоор байна.

Энэ асуудалд НҮБ онцгой анхаарал хандуулан улс түмнүүдийн уламжлалт тоглоом наадгайг өвлүүлэн үлдээх, нийтэд түгээх зорилготойгоор Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын санг бий болголоо. Тус цахим санд монгол ардын уламжлалт 13 төрлийн тоглоомыг англи, монгол хэл дээр тайлбарлан танилцуулсан байна. Энэ тухай ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал хатагтай Мариала Оливереа “Монгол уламжлалт тоглоом бол монгол улсыг дэлхийд төлөөлөх хамгийн чухал хэрэгслүүдийн нэг” хэмээн тодотгоод ингэж ярьсан юм.

   Мариала Оливереа: Монголын уламжлалт наадмын тэр сайхан баялаг өв уламжлал, сайхан бүхнийг дуу дүрсний хэлбэрээр цахим номын сан  болгож хувиргаж авч үлдэж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Нөгөө нь англи болон өөрийн үндэсний хэл дээрээ цахим сан гаргаж байгаа анхны улс болж байна. Ингэснээр монголчууд төдийгүй  дэлхийн улс орнууд монгол тоглоом наадгайтай танилцах сайхан боломжтой болох юм. Эдгээр  тоглоомоор дамжаад хүүхдүүд болон залуу үеийг сургаж байна. хүмүүжүүлж байна, оюун ухааныг нь тэлж байна, багаар ажиллаж сургаж байна, шудрага байхад сургаж байна. Ийм үнэ цэнэтэй зүйл энэ тоглоомуудын цаана байгаа учраас хэрвээ эдгээр тоглоом устаж алга болвол дахиж нөхөгдөхгүй гарз хохирол болно. Тийм учраас эдгээрийг цахим хэлбэрээр авч үлдэх нь туйлын үнэ цэнэтэй ажил болж байна.  

    Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж, улс үндэстнүүд, хүмүүсийн хоорондын харилцан ойголцол хүндлэлийг бий болгох, энх тайван, соёлын харилцааг бэхжүүлж байдаг. 2015-2016 онд Өмнөд Азиас Бангладеш, Зүүн Азиас Монгол, Латин Америкаас Бразил, Баруун Европоос Грек гэсэн 4 улс орон Юнеско-гийн  үйл ажиллагаанд нэгдэн цахим номын санг ийнхүү загварчлан бүтээх үйл ажиллагааг эхлүүлээд байна. “Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ.

       Та монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл монгол тоглоом наадамтай www.naadgai.mn хаягаар орж танилцаарай.

Үзсэн: 4588

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна