Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Монгол төрийн уртын дуу -"Их замбуу тивийн наран"


Battsetseg 2017-06-20 09:06

Энэ дууг сонсохдоо Монгол түмнийхээ хязгааргүй уужим оюун ухаанд итгэж, Мөнх Тэнгэрийн хүчин дор даян дэлхий амар амгалан, тэгш шударга оршин байхыг төсөөлөх нь бүтээлийн зорилготой нийцнэ.

     “Их замбуу тивийн наран” буюу “Уяхан замбуу тивийн наран”  уртын дуу нь  Монголчуудын өдөр тутмын аж амьдралын баяр баясал, шүтээн, нарыг эрхэмлэн дээдлэх үзлийн дээд илэрхийлэл болон үүсчээ. Монголчууд балар эрт үеэс нааш нарыг эрхэмлэн дээдлэх онцгой зан үйлтэй билээ.  “Эртний Сяньби нар гэр орныхоо үүдийг наран мандах зүгт харуулан барьдаг” байсан нь  нараа дээдлэх заншлын илэрхийлэл байжээ. Монголчууд аливаа ажил үйлс, баяр ёслолыг мандах нарнаар эхэлдэг нь нарыг дээдлэн хүндэтгэж байгаагийн тод жишээ юм.  Энэ нь мандаж буй нар адил ажил үйлс нь дэлгэрэн дэвжихийг бэлгэддэл гэж үздэг. Тиймдээ ч Монголчууд нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан даллага зохиож зан заншлийнхаа дээд түвшинд хүртэл хадгалж хөгжүүлсээр  иржээ. Эдгээрээс “Уяхан замбуу тивийн наран” гэдэг айзам уртын дууг Монголчуудын  наранд өргөсөн “ Нарны дуулал” гэж үздэг бөгөөд зуун зууны турш дуулсаар өнөө хүрчээ. “Уяхан замбуу тивийн наран” дуу нь гэрийн найрын зан үйлээс төрийн дуу,  тайзны мэргэжлийн дуу, дуулал болон хөгжиж улмаар ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд Монгол уртын дууг бүртгүүлэхэд “Уяхан замбуу тивийн наран” дууг Л. Мөрдорж, Б. Шарав нарын хөгжмийн зохиолчдын найруулснаар ЮНЕСКО-ийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан байдаг.  “Уяхан замбуу тивийн наран” дууны тухай МУСГЗ Зүмбэрэлийн Саруулбуянтай ярилцлаа. Тэрээр “Уяхан замбуу тивийн наран” дууны яруу найраг, аялгууны шүтэлцээний талаар өгүүлэл бичсэн юм. Тэрээр ярихдаа:

  З.Саруулбуян: Их дууч Норовбанзад бол Дорждагва багшаараа “Уяхан замбуу тивийн наран” дууг заалгасан1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын  наадамд Норовбанзад гуай “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулаад шагнал хүртсэн. Тэр үед Японы судлаачид тухайн дуу юуны тухай өгүүлж байгааг сонирхсон байдаг. Япончууд нар, дэлхий сансар  огторгуйн тухай дуу гэдгийг нь мэдээд  дэлхийгээс тасраад явчих шиг тийм мэдрэмж төрсөн гэж хэлсэн байдаг. 

       Монголын төдийгүй дэлхийн өвд зүй ёсоор орсон бүтээл бол  “Уяхан замбуу тивийн наран” хэмээх энэ дуу билээ. Энэ дуу нь гүн ухаарлын эгшигжсэн, эгшиглэнт шүтээн юм.  Хорвоо, дэлхий, хүний амьдрал, сансар  огторгуйн тухай дуу. Мөхөшгүй мандан мандсаар, дэлхий ертөнц, хүн төрөлхтөн амгалан байхыг билэгдсэн гэдгийг доктор  профессор Норовын Уртнасан онцоллоо.

 Н. Уртнасан: Норовбанзад гуай агуу авьяастай, цээл сайхан хоолойгоор “Уяхан замбуу тивийн наран дууг дуулж дэлхийг уяраасан. Дэлхий дахин уртын дууг Норовбанзад гуайгаар төсөөлдөг болсон. Норовбанзад,  уртын дуу хоёр салшгүй холбоотой.  Тэрээр уртын дууны асар их өв үлдээсэн. Үүнийг нь маш олон хүн цааш нь үргэлжлүүлэн авч явж байна. Тэгэхлээр уртын дуу бол мөнх үргэлжлэх байх.

      Ер нь уртын дууны түрлэгийг малгайн оройн нугалаанд тохируулан 6, 12, 24, 36 гэх мэт тоотойгоор зохиодог байсан гэж ярьдаг.  Том хэмжээтэй айзам уртын дуунуудын зонхилох хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, халх угсаатны зүүн жигүүрт хөгжсөн байдаг. “Уяхан замбуу тивийн наран” хэмээх энэ дууг Мөрринчин, түүний дүү Жунай заан зэрэг хүмүүс  “Их замбуу тивийн наран“ гэдэг хувилбараар дуулж байсан түүхтэй. ХХ зууны эхэн, дунд үед дээр нэр дурдсан дуучдыг залгамжилж Жагзвын Дорждагва гуай  томоохон хэлбэрээр дуулсан билээ. “Уяхан замбуу тивийн наран“ буюу боржигин язгууртай аялгуугаар нь 1950-н хэдэн оноос хойш Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н. Норовбанзад арай цомхон болгож мэргэжлийн  тайзны уртын дуу болгож дуулсан.  Мөн өмнө нь уртын дуучин, судлаач Солийн Цоодол маш гоё уран чамин дуулсан хэмээн Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор (P.hD), дэд профессор  Цэрэнгийн Чулуунцэцэг ярихдаа:

       Ц.Чулуунцэцэг: Энэ бол дуучдын дуулах ур чадвартай холбоотой. Норовбанзад багш бол “Уяхан замбуу тивийн наран” дуугаар дэлхийд Монголыг таниулсан. Тэгэхлээр тэр хүн бол энэ дууны зохиомж  авиа  эгшгийг яаж гаргах уу? Шуранхайг нь яаж хийх үү? гэдгийг яг өөрийн цогцсоор гаргасан. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг дууг  гайхалтай сайхан дуулсан. Энэ бол дуучны уран чадвартай маш их холбоотой.  Өмнө нь олон хүн сайхан дуулаад өвлөгдөж ирсэн. “Их замбуу тивийн наран” гэж дуулж байснаас цараа нь арай багассан байдаг юм билээ. Нарны тухай, ертөнцийн тухай дуу. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг энэ  нэрийг монголчууд хэрхэн яаж хаанаас өгсөн байх вэ? ...Сансрын нисгэгч Гүррагчаа сансарт нисэхдээ Норовбанзад гуайн дуулснаар авч явж сонссон гэдэг. Тэгээд сансарт гараад харахад цэнхэр дэлхийг бол “Уяхан замбуу тивийн наран” гэж нэрлэхээс л яахав гэж харж, бодогдсон гэдэг. Тэгээд бидний өвөг дээдэс бол  “Их замбуу тивийн наран”, “Уяхан замбуу тивийн наран” гэдэг ийм сайхан нэрийг олж өгнө гэдэг бол үнэхээрийн гайхамшигтай. Бараг хүн төрөлхтний хамгийн эхний улс байх.

 

Жаа, Энэ баяхан замбуу тивийн наран

Илхэн дэлхий дээгүүрээ

Гайхамшигтай дэлгэрч түгээд

Мандан мандан мандагсаар л

Жаа, байдаг билүү дээ та мину зээ

            Жаа, тэр лугаа адил

            Олон түмний минь өршөөл

            Үнэн сэтгэлтэй бүхнийг

            Ялгалгүй асарсаар л

            Жаа, байдаг билүү дээ та мину зээ

Жаа, үүлэн чөлөөний наран мэт

Өчүүхэн явах энэ насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг

Жаа, биш үү та мину зээ

            Жаа, идэр залуу цовоо сэргэлэн насандаа

            Эс сурсан эрдэм номыг

            Өтөлж харьсан хойноо

            Эргэж сурна гэдэг нь

            Жаа, бэрх биш үү та мину зээ.

         Хурай хурай хурай!  хэмээх үгтэй “Их замбуу тивийн наран” дууг энэ цаг дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва өвлөн  залгамжилж бүрэн эхээр нь дуулж  байна. Тэрээр 30 шахам минут үргэлжлэх  “Их замбуу тивийн наран” хэмээх энэ дууны  1-р бадгийг С. Дамчаагийн дуулсан “Замба тив” дуунаас, 2, 3, 4-р бадгийг 1971 онд хэвлэгдсэн “Уртын дуу” номын 23-р талаас авчээ. Ингэхдээ Баянбараат, Боржигин, Төв халх, Баруун халх, Хотгойд, Баяд, Дөрвөд уртын дуу судлах хээрийн шинжилгээний ангийн эх хэрэглэгдэхүүнтэй харьцуулан харсан тухайгаа уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва  “Төрийн уртын дуу” бүтээлийнхээ  тайлбарт өгүүлжээ.

 

      “Их замбуу тивийн наран” XIX зууны сүүл, XX зууны эхэн үед Монголын уудам нутагт өргөн тархжээ. “Их замбуу тивийн наран” буюу заримдаа “Дөрвөн талт замба тив” ч гэдэг. Мөнх Тэнгэрт гэрэлтэх “Нар” сав шимийн их ертөнцийн сайн мууг ялгалгүй илч гэрлээрээ ивээн тэтгэж, түүний илчийг бие, оюундаа шингээсэн хүмүүн хэмээхийн төрөх, амьдрах, халих зэрэг нь Тэнгэрийн хуулиар л болдог.  Түүнийг зөрчих учиргүйг далд утгатаа өгүүлсэн гүн сэдэлт дуу  юм байна. Ялангуяа халх дөрвөн аймгийн хүрээнд ямар нэг хүчний бэлгэдэлт шинжтэйгээр дуулагддаг байж. Дундговь, Дорноговь аймгийн зарим нутагт “Замба тивийг өдөрт нэг л удаа дуулах ёстой” гэсэн дүрэмтэй. Учир нь энэ дуунд эрхэм дээд, хүчирхэг эрчим хүч шингэсэн учир олон дуулвал дуучинд, тухайн дууг дуулсан айлд  хүнддэнэ гэх бишрэн шүтэх үзэлтэй холбоотой. Мөн Засагт Хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд зөвхөн ноёны дуучид дуулдаг байсан тухай Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва хуучиллаа.   

        М. Дорждагва: “Их замбуу тивийн наран” гэдэг дууг монголчууд “Уяхан замбуу тивийн наран” гэдэг нэрээр нь сайн мэднэ.  Манай нутагт, одоогийн Завхан аймгийн нутагт “Их замбуу тивийн наран” хэмээн нэрлэдэг  байж.  Энэ дууг Онгорхой Адъяа, Цоор Цэгмэд, Гэлэнхүүгийн Поврон зэрэг дуучид дуулдаг байсан аман мэдээ бий.   Энэ хүмүүсийн дуулснаар  одоо бичлэг, баримт байхгүй. Судалгааны явцад ноёны дуучид дуулдаг байсан тухай мэдээлэл байдаг. Боржигин нутагт  “Уяхан замбуу тивийн наран” нэрээр дуулдаг.  Норовбанзад гуай  “Уяхан замбуу тивийн наран”  дууг  боржигин  суурьтай тайзны  уртын дууны аялгуугаар дуулсан.  Боржигинчууд “Уяхан замбуу  тивийн наран”-г өдөрт нэг л удаа дуулдаг.   Олон удаа дуулах нь хүндэднэ гэж цээрлэдэг. Энэ дуу нь нарны тухай дуулж байна гэсэн ерөнхий ойлголт байдаг. Нарны илч, ивээл, нарны үр шимээр л энэ сав шимийн ертөнц бий болдог.  Хүний бие, сэтгэл, сэтгэхүйгээс амьдрал,  сургааль, эрдэм ном, соёл ундарч бий болдог гэсэн агуулгыг шингээсэн дуу. Ер нь бол хүний тухай, сургаалийн дуу. Хүний амьдралын тухай, хүний мөн чанарын тухай. Хүний эрдэм боловсрол , ёс суртахууны тухай дуу. Тэр нь “Замуу тивийн нар” гэдэг нэрээрээ зангилаа болж байна.  Одоо ерөнхийдөө нийтлэг дуулж байгаа тайзны уртын дуу бол боржигин суурьтай аяаар дуулагддаг.   “Дөрвөн дөрвөлжинтэй замба тив” гэж  яриа бий.  Энэ тухай зууны манлай уртын дуучин Жагзвын Дорждагва гуай хэлсэн байдаг. Аялгуугаар зурвал дөрвөлжин маягтай гэсэн үг. Хоёр удаа хүчтэй доошоогоо суурь өнгө хутгаж авна. Мөн өндөр давхар шуранхай хийнэ.

         Шуранхай нь уртын дууны хөгжлийн дээд шатыг харуулсан хэлбэр төдийгүй дуулах арга юм. Уртын дуу болгон шуранхайтай байдаггүй. Шуранхайг дотор нь дан шуранхай, давхар шуранхай гэж 2 ангилдаг. Дан шуранхай нь бэсрэг уртын дуунд голдуу дохиолдоно. Давхар шуранхай нь айзам уртын дуунд зонхилдог. Шуранхай нь хэлбэрийн хувьд тухайн дууныхаа утга агуулгын оргил хэсэгт байдаг. Аргын хувьд хүч хассан хоолойгоор уран тунгалаг өнгө эгшиг гаргахыг хэлнэ. Шуранхайлж байгаа яг тэр хэсгийг төгсгөхөд 2 янзын хэлбэр байдаг. Нэгдүгээрт шуранхайг төгсгөх "шавхах " арга гэж байна. Энэ нь тухайн шуранхайгаа хамгийн дээд эгшигт хүргэж шавхаж дуусгах, хоёрдугаарт шуранхайгаа дээд эгшиг рүү шавхахгүйгээр буцаан эргүүлж хамгийн дээд эгшгээс доош нь буулгаж дуусгах. Буулгаж дуусгах энэ арга хэлбэрийг "шуранхайг эгээх" гэж нэрлэдэг уламжлалтай юм.  Шуранхай бол уртын дуугаар дамжин илэрхийлэгддэг монгол хүний хязгааргүй уужим “орон зайн сэтгэлээ”-ний илэрхийлэл билээ. Тийм ч учраас нүүдэлчин монголчуудын оюун сэтгэхгүйн мөн чанарыг илтгэсэн “Их замбуу тивийн наран” гэдэг дуунд “шуранхай” шигтгээстэй байдаг. Ер нь эртний гарамгай уртын дуучид шуранхайлж сураагүй хүнийг уртын дуучинд тооцдоггүй байжээ. 

     М.Дорждагва: Алдарт дуучин Д. Гончиг гуайн дуулсан “Замбуу тивийн наран” дууг сонсон. Мөн Дамчаа болон, Авгаанжамбал нарынхыг  бас харьцуулсан. Жагзвын Дорждагва гуайн нотыг харсан. Тэгээд өөрийн хоолойн нөхцөл, ур чадвар боломжид тохиорсон хувилбарыг сонгож дуулсан.  Дөрвөн бадаг байдаг. Дунд нь түрлэг хийсэн. Найрлагч түрээгүй би өөрөө шууд залгаад дуулсан. Сүүлд нь хурайлдаг. “Хур хурай “гэдэг нь аливаа сайн сайхан зүйлийг хураах гэсэн утгатай. Буянхишиг, хүч чадал, аливаа сайн сайхан зүйлийг хураах гэсэн утгатай гэж эрдэмтэд “хурайлах”-ыг тайлбарладаг.  Хурай, түрлэг зэрэг дээр аль болох олон хүнийг оролцуулах тийм сонирхолтой байдаг даа, монголчууд.

     “Их замуу тивийн наран” хэмээх энэхүү гайхамшигт дууг бүрэн эхээр нь сонсохдоо Монгол түмнийхээ хязгааргүй уужим оюун ухаанд итгэж, Мөнх Тэнгэрийн хүчин дор даян дэлхий амар амгалан, тэгш шударга оршин байхыг төсөөлөх нь бүтээлийн зорилготой нийцэх юм байна. Ер нь уртын дууны үг гүн утга учиртай байдаг тул дуулах, сонсох тэр агшинд, уран сайхны  дүрээр амилж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж нөлөөлдөг байна.  Уртын дуу түүний яруу найраг, хөг аялгуу үүсч бүтээгдэх, дуулах соёл нь Монголын ард түмний амьдрал, хэл соёл, ёс заншил, зан үйл, оюун сэтгэлгээтэй нягт холбоотой. Тиймээс уртын дууны урлагаас монголчуудын ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны сэтгэлгээ, явуут зохиох (импризаци) авьяасыг таньж болно. Нүүдэлчин монголчуудын орон зайн сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, ерөнхийгөөс тодорхой руу шилжиж сэтгэх монгол арга барилын илтгэсэн “Их замбуу тивийн наран” хэмээх энэ дууг монголчууд төдийгүй даян дэлхийн уртын дуу сонирхогчид мэдэх билээ. Монголчууд сав шим ертөнцийг тэнгэр-газар-амьдралын хэлхээ, шүтэлцээ гэж балар эрт цагаас төсөөлж, тэрхүү төсөөллөө мэдлэг, үзэл баримтлал болтол хөгжүүлж, улмаар өдөр тутмын зан үйлийн хэрэглээ болгож өнөөдрийн амьдралаа зохицуулж, ирээдүйн сайн сайхан амьдралаа бэлгэддэг юм. Нүүдэлчин монголчуудын тэнгэрлиг, оюунлиг, бас бодит, эрчимлэг сэтгэлгээг “Их замбуу тивийн наран” дуунаас сонсож болно. Энэхүү гайхамшигт бүтээлээ монголчууд хүн төрөлхтөнд зориулсан билээ.

 

 

      Энэ удаа Монгол төрийн есөн айзам уртын дууны зургаа дугаарт багтаж байгаа “Их замбуу тивийн наран” хэмээх дууг онцоллоо.

Үзсэн: 7784

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна