Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн яруу найргийн өдрүүд Монголд


Densmaa 2017-08-28 07:08

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам”-ыг зохион байгуулсан.

      Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгууллаа. Энэ хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам”-ыг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваны яруу найрагч Юй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, яруу найрагч Олжас Сулемейнов зэрэг дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцжээ.  

       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлтийн үеэр оролцогчдод хандан явуулсан илгээлтдээ “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд, Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.

      

    Нийгмийн оюун санааг ариусгах, соёл сэтгэлгээний хүнлэг чанарыг гүнзгийрүүлэх, хүний үйл ажиллагаа, амьдрал тэмцлийг жинхэнэ тус буянт үйлсэд дуудах өндөр дээд үүрэг, тавилан юун түрүүнд яруу найрагт л оногджээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ном, соёлын салбар эрчимтэй сэргэж байна. Ардын аман зохиолоос эхлээд "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар", суут яруу найрагч Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын яруу найргийн баялаг өв уламжлалтай Монголын уран зохиол дэлхийн сонгодог бүтээлийн жишигт нийцдэг. Улс улсын шилдэг зохиолч, яруу найрагчид та бүхэнтэй элэгсэг дотно танилцаж, уран бүтээлээрээ нөхөрлөж, зохиол бүтээлээсээ харилцан орчуулах, суралцах арга барил, эрэл хайгуулынхаа бүтээлч санаачилгыг улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна. Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.

    Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үеэр Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёотой уулзаж, “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам”-ийн тухай асууж сонирхсон юм.

    Г. Мэнд-Ооёо: Нэгдүгээрт, Дэлхий ээжийг хайр гамгүй эдэлж байгаа, байгаль орчин бохирдож байгаа энэ асуудал. Хоёрдугаарт хэт мэдээлэл, технологийн дунд хүмүүсийн оюун санааны цэвэр тунгалаг байдал, хүний оршихуй, хайр, дотоод амар амгаланд эвдрэл гарч байна. Ийм үед хамгийн гэгээн тунгалгийг илэрхийлдэг яруу найраг, түүнийг туурвидаг яруу найрагчид, уран бүтээлчид юу хийх ёстой вэ, юунд анхаарал хандуулах ёстой вэ гэдэг дээр манай хурал гол анхаарлаа хандуулна. Монгол улсад анх удаа яруу найргийн томоохон хэмжээний олон улсын наадам болж байна. Үүнийг бид агуу их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн нэрээр нэрлэсэн.

    Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо” гэсэн юм.

      Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм. Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны захирал Х. Мандахцэцэгийн ийнхүү ярьж байна.

    Х. Мандахцэцэг: Манай Монголын яруу найрагчид дэлхийд хүндлэгдсэн яруу найрагчдаас харилцан туршлага судлана. Эргээд манай яруу найрагчдыг ахалж байгаа байгууллагуудын гадаад харилцаа нэлээн өргөжнө. Манай яруу найрагчдын бүтээлүүд гадаадын олон улс орнуудад орчуулагдаж, олон хэлээр хэвлэгдэж уншигчдад хүрч байгаа ч гэсэн хангалттай хэмжээнд биш байна. Тэгэхээр энэ арга хэмжээний үр дүнд гадаад хамилцаа илүү сайн хөгжих байх. Тэр хэмжээгээр манай яруу найрагчдын бүтээл дэлхийн олон хүний сонорыг мялаах боломж ирнэ гэж харж байна.

    Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд мөн бичиг соёлын болон гадаадын яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд болжээ. Мөн олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлагууд дөрвөн музейд тус тус зохион байгуулагдсан юм. 

    Энэ үеэр Буриад-Монголын соёлын гарамгай зүтгэлтэн, Буриадын яруу найрагч, утга зохиолын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, хэл бичгийн ухааны доктор Баир Дугаров хэлэхдээ “Энэ удаагийн дэлхийн яруу найргийн хурлын сэдэв надад их таалагдсан. Монгол туургатан яруу найрагчид байгальтай холбоо тогтоож, илүү мэдэрч өөрсдийн уран бүтээлдээ шингээж чаддаг гэж боддог. Монголчуудын яруу найраг эрт дээр үеэсээ байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой байсан. Бөөгийн хоёр мөрт шүлэгт “Өндөр тэнгэр эцэг минь, Өргөн дэлгэр эх минь” гэж өгүүлдэг. Энэ хоёр мөр гүнзгий утга агуулгатай, монголчуудын сэтгэлгээг илэрхийлж  байгаа юм. Хүний сэтгэл тунгалаг сайхан байвал байгаль дэлхий сайхнаараа байна гэж боддог” гэсэн юм. 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаанхад нутгийн яруу найрагч Эрдэнэбаяр “Яруу найраг бол агуу хүчтэй хүн төрөлхтний дотоод энергийн нэг зүйл мөн. Энэ жил Монгол улсад  Данзанравжаагийн нэрэмжит болж зохион багуулагдаж байгаад баяртай байна. Монгол түмэн минь биднийг өргөн дэлгэр хүлээн авч, үр дүнтэй хурал хийж, мөн өнөөдөр алдарт яруу найрагч Явуухулангийн хөшөөний урд өөрийн шүлгээ уншлаа. Энэ хурлын хувьд байгаль эхтэйгээ илүү ойр байж, түүнийг чагнаж бүтээлээ туурвидаг яруу найрагчид нэг газар чуулж байгаа нь маш хүндэтгэлтэй явдал” гэлээ.

Монголын уран зохиолын алдар суутнууд болох 19-р зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Д.Гомбожавын 85, Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60 насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа болсныг зохион байгуулагчид энэ үеэр хэлж байлаа.

     Дэлхийн яруу найргийн өдрүүдийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Соёл Яруу найргийн Академи ажилласан бөгөөд хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Зөвлөл, Нью Жуулчин компани, Монголын Зохиолчдын эвлэл, Дэлхийн урлаг соёлын академи, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын холбоо оролцсон юм.

Үзсэн: 1751

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна