Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-07-2019
mongolia

Шинэ мэдээ

Монгол Хонины Торгон Нэхий


Densmaa 2017-11-16 06:11

Монгол үйлдвэрлэгч технологчдын бий болгосон бас нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

    Эрт дээр үеэс монголчууд үндэсний хувцас, хэрэглэлээ эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Монголчуудын дээл хувцас, нүүдлийн соёл иргэншил, өдөр тутмын амьдрал ахуй, байгаль дэлхийн эрс тэс уур амьсгалд нэн сайн зохицсон байдаг. Монгол нутагт хадгалагдан үлдсэн хадны зурагт хонины нэхий, үзүүрсгэн дээл дүрслэгдсэн байдаг нь монголчууд эртнээс хонины нэхийг боловсруулж хэрэглэж ирсний нэгэн баталгаа юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд өнөөгийн технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хониныхоо нэхийг улам боловсронгуй болгож, дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн загварлаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Бид “Монголд үйлдвэрлэв” нэвтрүүлгийн энэ дугаараараа Монгол үйлдвэрлэгч технологчдын хамтран бүтээж байгаа Торгон нэхийг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.

    Загвар зохион бүтээгчдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд монгол нэхийний талаарх уламжлалт ойлголт өөрчлөгдөж, өмсөхөд хүнд гэгддэг нэхийгээр хөнгөн, зөөлөн, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ийнхүү Монгол хонины нэхийг орчин үеийн технологиор боловсруулж чадсан нь загвар зохион бүтээгчдэд шинэ боломж бий болгож, монголын загварын ертөнцөд дулаан хувцасны цоо шинэ загварыг гаргаж ирж байгаагаараа онцлог юм. Торгон нэхий дээлийг хийдээ Монгол хонины нэхийнээс хамгийн гэмтэл багатай чанартайг нь шилж, Испани технологоор боловсруулсан, дотор үсийг нь сорлог болгосноор торгомсог, зөөлөн, хөнгөн, намирсан бүтээгдэхүүн болгодог байна. Шинэ технологиор үлйдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ талаар  “Хөсөг” төслийн зохицуулагч А.Намуун ийхүү ярьж байна.

   2017 оны 06 сараас монголынхоо үйлдвэрүүдтэй хамтран яг ийм бүтээгдэхүүн хийхээр ярилцсан. Энэ бүтээгдэхүүн маань намирсан, зөөлхөн, хөнгөхөн европын  стандартад нийцсэн нэхий дээл ямар байдаг вэ яг л тийм байхаар бодож төлөвлөсөн. Загвар, өмсгөл биенд суух сууц чухал. Хамгийн гол нь түүхий эд нь ийм шаардлага хангасан байх ёстой гэсэн шалгуур тавиад үйлдвэрүүдтэй хамтран төслийнхөө нэг үйл ажиллагааг эхэлсэн. Ер нь судлаад явж байхад монгол технологчид маш мундаг. Испани, Турк улсуудаас ирсэн технологчид туршлагатай боловч гол нь эцсийн бүтээгдэхүүн болгох дээр асуудалтай байсан. Өөр нэг хүндрэлтэй зүйл бол монгол улс хөдөө аж ахуйн орон, 50 гаруй сая малтай ч гэсэн нүүдлийн аж ахуйгаар малаа маллаж байгаа учраас хонины нэхий нь чанартай байж чаддаггүй. Харин фермийн хонины нэхий нь хаягдал багатай байдаг. Манай монгол хонины нэхийнээс 10 хүрэхгүй хувийг нь ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр үндсэн түүхий эдийн хувьд маш бага байна гэсэн үг юм.

    “Хөсөг” төслийн үндсэн зорилго нь эх оронд минь элбэг байдаг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан, дэлхийд амжилт олж болох шинэлэг бүтээгдэхүүнийг бий болгох гэж төслийн зохицуулагч А.Намуун хэлж байсан юм. Төслийн эхний хэсэг эсгий бүтээгдэхүүн дээр төвлөрч, одоогоор эсгийгээр бүтээгдэхүүн урладаг хэд хэдэн хоршоодтой хамтран 16 коллекцийн 90 гаруй төрлийн бүтээгдэхүүн бий болгож дотоод гадаадын зах зээлд хүргэсэн байна. Торгон нэхий бүтээгдэхүүн нь төслийн хоёр дахь хэсэг бөгөөд бүтээгдэхүүний коллекцоо танилцуулж, саяхнаас худалдаанд гараад байгаа юм. Тус төслийн хамт олон цаашид арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн хийдэг жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, Монгол бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах чин хүсэлтэй байгаа гэж төслийн зохицуулагч А.Намуун  ярьж байлаа.

   А.Намуун:  Монгол нэхий гэдэг маань монгол гэдэг утгаараа онцлог. Яагаад гэвэл монгол хонь гэдэг бол байгалийн эрс тэс хүйтэн уур амьсгалд дасан зохицсон байдаг гэдэг утгаараа бусад орны нэхийнээс дулаахан байдаг юм байна. Энэ нь монгол хонины нэхийний хамгийн гол давуу чанар юм. Манай нэхий хөнгөхөн, торгон намирсан. Үсийг нь соролсон учир буржгар намирсан үстэй байгаа. Энэ нэхийгээрээ 10-аад загварын бүтээгдэхүүн гаргаад байна. Торгон нэхий маань зах зээл дээр худалдаад гараад 10 ч хоноогүй байгаа хэдий ч маш олон хүмүүс сонирхож байгаа нь харагдсан.  

    Монгол хонины нэхий нь хөрс зузаантай, ноос урттай  байдаг нь манай орны эрс тэс уур амьсгал, газар зүйн байрлал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Харин торгон нэхий дээлийг хийхдээ арьс үсний бүтэц, хэзээ бэлтгэгдсэн, хэрхэн чанарын хамгаалалт хийгдсэн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр олон мянган нэхийнээс сонголт хийдэг байна. Нэхий дээл хийх бүдүүн ноост хонины нэхийг үсний урт богиноор нь ноосон, хагас ноосон, сармай гэж ялгадаг бөгөөд бөөрний ноос нь сунгахад 6 см-ээс доошгүй байвал ноосон буюу нэхий дээл хийхэд хамгийн тохиромжтой гэж үздэг аж. Чухам ийм нэхийгээр дулаанаа сайн хадгалдаг, чанартай торгон нэхий дээл хийдэг байна. Арьс нэхий боловсруулах үйл ажиллагаа нь өөрөө маш нарийн технологийн дараалал, орц нормыг мөрдөж ажиллахыг шаарддаг учраас нэг дамжлагад гарсан алдаа нь нэхийг огт ашиглах боломжгүй болгох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шаардлага хангахааргүй байдалд хүргэх аюултай байдаг гэнэ. Тиймээс үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт чанарын хяналтыг тавьж, гологдолгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг өөрийн үйл ажиллагаандаа баримтлал болгон ажилладаг гэж “Хөсөг” төслийнхөн ярьж байлаа. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд төслийн хамт олон бүтээгдэхүүний  түүхий эдийг хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болон худалдаанд гаргах хүртэлх бүх шат дамжлагад чанар, технологийн нарийн хяналт шалгалт хийдэг байна.

Үзсэн: 1833

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна