Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас дөрвөлжин булш, чулуун байгууламж илрүүлжээ


Densmaa 2018-05-01 06:05

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, нэг чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.

  Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан 2017 онд хийсэн ажлынхаа тайланг гаргажээ. “Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумдын 10 гаруй багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийжээ. Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ. Судалгааны ангийн зорилго нь Монголын зүүн бүс нутгийн шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийг хүртэлх ил бууц, суурин, булш оршуулгын дурсгалт газрыг шинээр илрүүлэх, өмнө бүртгэгдсэн дурсгалуудыг нягтлан судлах юм.

   Судалгааны ажлын үр дүнд шинэ чулуун зэвсгийн үеийн хэд хэдэн дурсгалт газрыг дахин нягтлан үзэж тэдгээр газруудад судалгааг явуулж, 7 дурсгалт газраас нийт 75 ширхэг олдвор хэрэглэгдэхүүн түүвэрлэн, чулуун зэвсгийн олдворуудыг лабораторийн судалгаанд оруулж, холбогдох баримтжуулалтыг хийгээд байгаа юм.

  Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох хиргисүүрийн тархалтын хүрээг судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул хэмээн тэмдэглэснийг тус судалгааны ангийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүрэмийн нуурын хойно орших Дэлгэр-Овоо уул гэдгийг тогтоожээ. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, 1 чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна. Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой.

Үзсэн: 1137

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна