Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

“ЧИНГИС ХААНЫ ТАЛ НУТАГ-МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД” ҮЗЭСГЭЛЭН ДАНИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Densmaa 2018-06-26 04:06

Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш /сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, эд хэрэглэлтэйгээ олдсон/ олны анхаарлыг ихэд татаж байна.

   Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэрийг олон нийтэд сонирхуулсан байна. Мөн Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтажээ.   Ингэхдээ орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байна. Энэ үйл явдал нь цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэв.

   Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Өнгөрөгч хугацаанд Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн Данийн Вант Улсын Засгийн газар, Данийн нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Данийн Вант Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Өрнөдийн ардчилсан улсуудын нэг. Монгол, Дани хоёр улс нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан баялаг түүхэн харилцаатай улсуудын нэг гэжээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсын 13-р зууны үеийн морьтон цэргийн булшийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс түрээслэн Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож байна.  Энэ олдвор сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, тухайн үед хэрэглэж байсан эд хэрэглэлтэйгээ олдсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Даний музейн удирдлагын зүгээс ихээр олзуурхан цаашид мумиг судлах, судалгаанд хамтран оролцохоор болжээ.

 

Үзсэн: 1156

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна