Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Ulaanbaatar City Tour Bus”


Densmaa 2018-06-28 09:06

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулжээ.

  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор "Ulaanbaatar City Tour Bus” аялалын үйлчилгээг энэ оны 06-р сарын 15 -ны өдрөөс эхлэн албан ёсоор эхлүүллээ. Үүнтэй адил дэлхийн 120 гаруй оронд "Сити-тур” автобустай аялал өөрийн улс орны онцлогийг харуулан аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Монгол улсыг зорих жуулчид 379 жилийн түүхтэй нийслэл хотын түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

   Дэлхий дахинд 2017 оны байдлаар 1,2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь энэ салбарт ажиллаж байна гэсэн судалгаа бий. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулжээ.

   Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар орныг жуулчидад үзүүлж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт ахиц дэвшил гарсан зөв шийдэл гэж харж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.

   Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгож байгаа юм. Энэ нь Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд хоёр автобус нийслэл хотын түүхэн дурсгалт газруудаар жуулчидыг аялуулах юм.

   “Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна. Энэхүү аялалын автобусыг танилцуулах, анхны аялалын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцсон. Тэрбээр энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “бид жуулчдыг татаж аялал жуулчлалын эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг. Үүний эхэнд жуулдчдыг татахын тулд тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг бий болгох хэрэгтэй. Дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Монгол Улсад ирдэг жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, хөвсгөл далай гээд зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг нь City tour автобусны үйлчилгээ юм. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий. Цаашдаа бид гадаад болон дотоодын жуулчдад зориулсан нийслэл хотод үзэх ёстой, очих ёстой газруудыг төлөвлөж бий болгохоор ажиллана” гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Батболд ярьж байна.

   Манай Улаанбаатар хотын түүх дурсгалын газруудыг үзэх хэрэгтэй. Улаанбаатар хотод олон түүх дурсгалын байгууллагууд байж байгаа сүм хийдүүд байна. 20 зууны эхэн 19-р зууны эцэст баригдсан түүхэн дурсгалт барилгууд байна. Маш олон түүхэн үйл явдал болж байсан газрууд байна. Эдгээрийг бид бүтээгдэхүүн болгож эргэлтэнд оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт Улаанбаатар хотод ирээд идэж үзэх ёстой 20 хоол үзэх ёстой 20 үзвэр очиж үзэх ёстой 20 газар гэдэг ч юм уу бүтээгдэхүүнийг бий болгосон байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа шинэ эхлэж байгаа учраас нийслэл зайлшгүй оролцож байгаа тэгээд энийг жигдрүүлээд яваад ирхийн бол хувийн хэвшилрүү шилжүүлнэ. Миний ганц баримталдаг зарчим бол хувийн хэвшлийн хийж чадах зүйлийг хот юм уу улс хийх ёсгүй. Энэ бол одоохондоо ашигтай үйл ажиллагаа биш учир хувийн хэвшлийнхэн орохгүй байгаа учир бид нар эхлүүлнэ тэгээд гайгүй яваад ирвэл хувийн хэвшилдээ шилжүүлнэ. Одоо хоёр автобусаар эхлэж байна мэдээж 5-10 жилийн дараа 20 автобус явдаг ийм том үйлчилгээ болцоно байна гэж бодож байна. 

   Хотын аяллын автобус нийслэл дэх Монголын томоохон аялал жуулчлалын үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна. Энэхүү автобусаар ганцхан гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөөгийн иргэд үйлчлүүлэх боломжтой. Үнийн хувьд хот дотор 30 мянга, хотын ойр орчмоор 40 мянган төгрөг бөгөөд гадаад дотоод гэлтгүй бүх хүнд адилхан тарифаар үйлчлэх юм.

Үзсэн: 1978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна