Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хөгжмийн зохиолч Галмандахын амьдрал уран бүтээл


Densmaa 2018-06-28 09:06

Энэ жил Л.Галмандах агсны 65 насны ой тохиож байна.

   Монгол Улсын гавьяат багш Галмандахын нэрэмжит “Л.Галмандах” сан байгуулагдаад байна.  Энэ сан хөгжмийн зохиолчын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготой юм. “Л.Галмандах” сангийн тэргүүнээр хөгжмийн зохиолчийн хүү, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Баттулга ажиллаж байна. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөн авсан. ОХУ-ын Буриад улсын Үндэсний дуу бүжгийн “Байгал” театрын хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаачаар ажилладаг, ОХУ-ын Буриад улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч  билээ. Энэ жил Л.Галмандах агсны 65 насны ой тохиож байна.  Энэ ойг тохиолдуулан нэрэмжит санг нь албан ёсоор нээж байгаа гэдгээ хөгжмийн зохиолчийн ар гэр, үр хүүхдүүд нь онцолсон юм. “Л.Галмандах” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолчийн охин Г.Тунгалаг өнгөрсөн хугацаанд сангийн зүгээс хийсэн ажлуудаа танилцууллаа.

   Г.Тунгалаг: Шинэ ном гарсан. Энэ номонд бага насны хүүхдүүд төдийлөн дуулахгүй байгаа уншиж бичиж сурч байгаа хүүхдүүдэд зориулсан дууг багтаасан. Түүнчлэн цомгийн хувьд онцлогтой. Аав маань байхдаа өөрийнхөө үзэл санааг багтаасан байсан учраас үнэ цэнэтэй. Цаашид дуунуудыг нь олны хүртээл болгох тал дээр анхаарч ажиллана.

   Л.Галмандах агсны мэндэлсний ойг тохиолдуулан түүний хүүхэд багачуудад зориулан зохиосон 500 гаруй дуунаас дээжлэн “Бага насаа би хайрлаж явна-1” хүүхдийн шилдэг дууны түүвэр болон “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Дэлдэн чихэр” гэсэн хоёр дууны цомгийг бяцхан уншигч, сонсогчдын гар дээр тавьсан байна. Эдгээр цомогт нийтдээ 130 орчим дуу багтжээ. Хөгжмийн зохиолч Галмандах 1953 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт төржээ. Тэрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд ажиллаж байхдаа 2000 онд Монгол Улсын гавъяат багш цол хүртсэн.  МУГЖ Төмөрийн Ариунаа, Оюун-Эрдэнэ зэрэг олон авьяаслаг шавьтай. Хүүхдийн дуугаараа олон түмэнд дуурсагдаж, үе үеийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд шингэж үлдсэн. Зөвхөн хүүхдүүдтэй ажиллаж, тэдийн зүрх сэтгэлд эгшиглэх дуу аялгууг өөрийнхөө авьяас билгээрээ, гэгээн сайхан сэтгэлээрээ хүүхдүүдтэй хамт бүтээлцэж ирсэн. Ийм сайхан багштай байсан хүн гэдийг МУГЖ Ариунаа онцоллоо.

   Ариунаа: Монгол улсын 5-н тусгаар тогтнол гэж чухал юм бий. Тэр нь  эх хэл соёлоор дамжиж дуу хуураар дамжуулж хүүхдэд өгдөг. Багшийн дуунууд нь үг аялгуу сайтай. Хүүхдийн зүрх сэтгэлд амархан хүрдэг. Дуулахад амар хялбар үг аятай. Цэцэрлэгийн хүүхэд бүхний өмнө Галмандах багшийн дуу эгшиглэдэг. Хүүхэд бүр түүний дууг аялж өсдөг байгаасай. Энэ ажлыг дэлгэрүүлэхийн төлөө ажиллана.   Би ийм сайхан хүний шавь болсноороо өнөөдөр их бахархаж байна.

   Хөгжмийн зохиолч Л.Галмандах багш бол хүүхдийн ертөнцөд амьдарч, хүүхдийн сэтгэлээр туурвиж, хүүхдийн нүдээр орчлонг харж явсан гэгээн тунгалаг авьяастан гэдгийг “Л.Галмандах” сангийн нээлтийн үеэр дурсамж дэлгэсэн хүмүүс хэлж байлаа. Монголын хүүхдийн дуу 1920-иод онд их зохиолч Д.Нацагдоржийн “Бүхий олон багачууд”-аар эхэлсэн гэж үздэг. Харин 1950-1960-аад онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж хүүхдийн дууны урлагийг шинэ шатанд гаргажээ. Түүний дараа хүүхдийн дууны урлагийг хөгжүүлж бүхэн бүтэн үеийг ая эгшгээр хүмүүжүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах гэдгийг соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд онцолсон юм. Хөгжмийн зохиолч Галмандах наймдугаар ангид байхдаа анхны дуугаа зохиож байжээ. Анхны дуугаа бичсэн бичвэр нь одоог хүртэл хадгалагдаж байна. Түүнийг аравдугаар ангиа төгсөхөд  нь аав нь эр үхрээ зарж баян хуур хөгжим авч өгч улмаар хөгжмийн сургуульд  оруулсан гэдэг. Тэр цагаас хойш нэрт зохиолчийн уран бүтээлийн гараа эхэлж байжээ.

Үзсэн: 4395

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (11)