Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол судлал-Монгол сурвалж бичгийн өв


Densmaa 2018-08-28 02:08

Гадаад, дотоодын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүллээ.

   Монголын түүх утга соёл, шашин суртахуун, тэмдэглэл судалгаа зэрэг сурвалж бичиг судлал бол судлаачдын анхаарлын төвд байсаар ирсэн. Үе үеийн монголч эрдэмтэд сурвалжлан судлаж байна. Монголын сурвалж бичгийн судалгааг сонгодог бичгийн өмнөх үеийн болон хойших үеийн гэж тоймлон ангилдаг. Сонгодог бичгийн өмнөх дурсгал нь 17-р зуунаас өмнөх үеийн сурвалжууд багтдаг. Монголын нууц товчоо, дөрвөн төрийн арвин буянт номын цагаан түүх, Турфаны монгол бичгийн дурсгалуудыг дурдаж болно. 17,18-р зуунаас нааших үеийн сурвалж бичиг мөн асар  арвин.

    Монгол түмний хэрэглэж ирсэн бичиг үсгийн сурвалж, гадаад, дотоодод хадгалагдаж байгаа баримт бичгийг судлах, олон нийтэд таниулах зорилготой “Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан боллоо. Энэ хуралд Турк, Япон, Хятад, Камбож, ОХУ, Итали, Унгар зэрэг есөн орны 30–аад эрдэмтэн оролцлоо. Эрдэмтэд Монгол хэл, Монголын түүх, өв соёлын тухай өнө эртнээс уламжлагдан ирсэн сурвалж бичгийг танилцуулж, судалгааны арга зүйн талаар харилцан туршлага солилцсон юм. Хуралд Монголын эрдэмтэн Ц. Шагдарсүрэн, Оросоос Владимир Успенский, Францын Александр Вовин, Японы Х.Фүтаки зэрэг Монгол судлалын нэрт эрдэмтэд оролцож өөрсдийн судалгаагаа танилцуулсан юм. “Монгол түмний бичгийн соёл бол бусад нүүдэлчдийн бичгийн соёлыг бодвол харьцангуй олон жилийн настай өөрийн гэсэн онцлогтой гэж Монгол судлын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар ярьж байна.

Д.Заяабаатар: Илтгэлүүдийн ерөнхий хүрээг харах юм бол тухайн тухайн улсдаа юм уу төвүүддээ хадгалагдаж байгаа Монголын түүх соёлтой холбоотой ном бичгийн дурсгалыг танилцуулах. Нөгөө талаасаа өөрсдийн хийж байгаа судалгаа шинжилгээнийхээ тодорхой нэг сурвалж,  судалгааны үр дүнг танилцуулах ийм үндсэн хүрээнд явж байна. Францын Дорно дахины эх хэл иргэншлийн дээд сургуулийн профессор Александр Вовин бол Хүйс толгойн бичийн талаар илтгэл тавьж байгаа. Хүйс толгойн бичиг гэдэг Бархма үсэг дээр бичигдсэн ийм дурсгал. Ерөөсөө тайлж уншигдаагүй байсан. Үүнийг эрдэмтэд тайлж уншаад  энэ бичээс Монгол хэлээр байна гэж тайлж байна. Уг бичээс бол 7-р зууны үеийн дурсгал. Энэ хөшөөний бичээсийн судалгаа баттай болбол Монгол хэл дээрх бодитой нотолгоотой баримт 6-н зуун жилээр урагшлах юм. Энэ талаараа Монгол хэл судлал, монгол судлалд онцгой ач холбогдолтой. Оросоос Владимир Успенский гэж хүн мөн илтгэл тавьж байна. Энэ хүн насаараа сурвалж бичиг судалсан. Сүүлийн 30 гаруй жил Монголд ирээгүй.  Ер нь монгол судлалын хамрах хүрээ өргөжиж энэ чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтдийн тоо нэмэгдэж байна. Мөн судалгааны хамтын ажиллагаа шинэ шатанд гарах хандлага бий болсон.

Түүнчлэн хэд, хэдэн түүхийн ховор материал манай номын санд хадгалагдаж байна. Би одоо ч судалгаа хийж байна хэмээн Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Х.Фүтаки ярьсан юм. Япон улсад анх 1911онд Монгол хэл судлалын тэнхим байгуулагдаж байсан байна.

Х.Фүтаки: Манай сургуулийн номын санд хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх соёлын ховор материалд судалгаа шинжилгээ хийсэн. Манай сургуулийн Монгол хэл судлалын тэнхим 1911онд байгуулагдсан түүхтэй. Голцуу Өвөр Монголын ном зохиолууд бий. 1940-өөд оны үед  Манж гоо улс Монголын шинэ сэтгүүл, Монголын сонин бичиг гэж гаргаж байсан.  Энэ талаар танилцуулсан.  Япон улсад анх 1908 онд Монгол багш очиж монгол хэлний хичээл зааж байсан. Анхны багш Лувсанчойдон гэж багш гурван жил орчим ажилласан.Энэ хүн бол Монгол судлалын чиглэлд нэр нь алдаршсан  ийм хүн. Монгол хэлний  хичээл зааж байсан. 

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн мэргэжилтэн Цэнгэл. Хятадын Хөх нуур мужийн Цайдам нутгаас олдсон Их Юань улсын үеийн бичиг үсэг, бичээчийн хэрэгслийн үнэт олдворуудыг сүүлийн жилүүдэд судалж байна. Олсон олдвор дунд суман дээр бичсэн бичээс болон 500 ширхэг цаасан мөнгөн тэмдэгт бий гэлээ. Үргэлжлүүлэн түүний ярианд анхаарлаа хандуулъя.

Цэнгэл: Миний судалсан зүйлийн нэг нь цаасан зоос байна. Энэ бол Юань гүрний үеийн цаасан зоос. Дөрвөлжин үсгээр бичигдсэн 500 зоос олдсон.  Нөгөө нэг нь нум суман дээр олдсон бичиг байна. Нум сумны эзнийх нь нэр юм уу, түүнтэй холбоотой ямар нэг зүйл тэмдэглэсэн цөөн хэдэн үг бий. Тухайн үед Юань гүрэн бол цаасан зоосыг дэлхийд хамгийн анх хэрэглэсэн. Тэр цаас 1,2 гэсэн тоотой. Хуурамчаар үйлдвэл ямар шийтгэл оногдуулах цаазын тухай бичсэн. Монголын бичиг үсгийн түүхэнд холбогдох чухал баримт юм.

Монгол туургатан ХүннүТүрэгУйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримт олон бий.  Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төрэдийн засагсоёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгтзоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байжээ. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байжээ. Энэ мэт түүхийн ховор  судалгааг үе үеийн монголч эрдэмтэд хийсээр ирсэн билээ. Сурвалж бичиг нь монгол судлалын гол эх хэрэглэгдэхүүн, баримт юм. Тиймээс “Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эх сурвалжийн судалгааг өргөжүүлэх, шинэ баримттай танилцах, эрдэмтэн судлаачид мэдээллээ солилцох боломжийг олгож байна. Монголын үндэсний төв номын санд нийтдээ 3.5 сая гаруй ном судартайгаас 1.5 сая нь ховор судар бичиг. Үүнээс бүрэн судлагдсан нь маш цөөхөн. Монголын ард түмний, эрдэмтэн судлаачдын мянга мянган жилийн турш цуглуулж, хуримтлуулсан өв соёлыг дэлхий нийтэд, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах үүднээс Монголын үндэсний номын сан дэргэдээ Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний төвтэй болох зорилго тавьж байна.

Үзсэн: 1894

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна