Оюу толгой төслийн талаар тодорхой шаардлагуудыг тавилаа
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, Монгол Улсын Засгийн газартай харилцан ашигтай хамтран ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, Оюу толгой төслийн талаар тодорхой шаардлагуудыг тавилаа. Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцлүүдээр шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагын мөрөөр Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон. Энэ дагуу “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирээд байгаа бөгөөд менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирснээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар “Харилцан ашигтай байх” зарчим “Оюу толгой” төсөлд алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлж, шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм гэлээ. “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үзсэн: 395
Tweet