"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил"-ийн нээлт ГХЯ-нд боллоо
Эмэгтэй фермерүүдийг дэмжих нь зөвхөн тэгш эрхийн тухай асуудал биш хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн тогтвортой менежмент, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн эх үндэс хэмээв
Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилийн нээлт Улаанбаатар хотноо боллоо. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг туршлагыг өвлүүлэх үйлсэд тодорхой үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилгыг агуулж байв. Тиймд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үгэндээ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилд хэд хэдэн чиглэлд бодитой ахиц гаргахыг зорьж буй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг багасаж, бүтээмжийг өсгөх шаардлагатайг онцлов. Түүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмын үеэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрөөр эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл, хоршоо, жижиг дунд бизнесийг дэмжих, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, олон улсын түншлэлээ тэлэх зэрэг гарц нээгдсэнийг тэмдэглэлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо мөн үеэр хэлэхдээ монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болсон малчин эмэгтэйчүүдийн нуруун дээр хүнс үйлдвэрлэл, мал сүргийг хариулах, байгалийн нөөцийг хамгаалах, уламжлалт мэдлэгийг хадгалах, гэр орны ахуй амьдралыг өргөж явах зэрэг маш олон үүрэг явдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй фермерүүдийг дэмжих нь зөвхөн тэгш эрхийн тухай асуудал биш хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэсвэрлэх чадвар, бэлчээрийн тогтвортой менежмент, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн эх үндэс нь эмэгтэйчүүд хэмээн тодотголоо.
Үзсэн: 67
Tweet