Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Тэнгэрийн хүүхдүүдийн бичээс


Densmaa 2018-10-23 04:10

Монгол орны хадан дээр 12 бичгээр, 10 хэлээр бичсэн бичээс байна. Бид зөв тайлж уншиж чадвал дэлхийд гайхагдах өв соёл минь мөн

             Монгол орон хадны зураг бичээсээр баян. Монголчууд бид хадны зураг, бичээсийг “Тэнгэрийн хүүхдүүдийн бичээс” гэж үзэж түүнийг баллаж сохлох, хад чулууг нь эвдэж хэмхлэхийг цээрлэдэг. Харин хадны зураг, бичээсийг судалдаг эрдэмтэн мэргэд хадны зураг нь хүн төрөлхтний балар үеийг өөртөө агуулсан хадмал түүх юм гэж үздэг. Тэд ярихдаа хадны зургаас уг дурсгалыг хэдийд ямар багаж зэмсгээр бүтээсэн, ямар эд хэрэглэл хөгжлийн явцад бий болсон, тухайн үед ямар амьтад зонхилж байсан гээд тэр үеийн нийгмийн байгуулал, зохион байгуулалтыг нь судлан тогтоож болно хэмээн үздэг.   

            Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь арван хоёр мянган жилийн тэртээх үеийн хүн төрөлхтний соёлын хөгжлийг харуулжээ. Хамгийн эртний зургууд нь МЭӨ 6 мянгаас 11 мянган жилийг хамардаг. Тэр үеийн зурагт том ан гөрөөс агнадаг хөндий, шигүүн ой модыг дүрсэлсэн байдаг. Хожмын үеийн зургуудад эртний хүмүүс мал маллаж амьдрах хэв маягт суралцаж буйг харуулсан бол Хүннү, Түрэгийн үеийн зургуудад мориноос хамааралтай нүүдэлчин амьдралын хэв маягт шилжин буйг дүрсэлжээ. Энэ тухай бид хадны зураг бичээсийг судлагч Соёлын гавъяат зүтгэлтэн Акимаас тодруулахад "Миний монголын түүхийн архив ууландаа байна. Монголын түүх, өв соёлыг судлах гадна дотны хэн бүхний өмнө нээлттэй хэвээр байна. Би саяхан Казакстаны нийслэл Астана хотод болсон эрдмийн чуулганд Монгол орны хадны зураг, бичээсээр тэр дундаа хадан дээр сийлж үлдээсэн шүлгийн талаар илтгэл тавиад ирлээ. Дэлхийн эрдэмтэн мэргэд шагшин гайхаж байна. Намайг шагшин магтаж байгаа хэрэг биш. Монгол орны хадан дээр 12 бичгээр, 10 хэлээр бичсэн бичээсийг гайхан шагширч байгаа хэрэг юм. Тэгэхээр ийм өв соёлыг элгэндээ тээж яваа улс орон, газар нутаг Монголоос өөр хаана ч байхгүйг илтгэж байгаа хэрэг юм. Байдаг гэдгийг би ч хараагүй, дуулаагүй. Бид зөв тайлж уншиж чадвал дэлхийд гайхагдах өв соёл минь мөн. Монгол оронд буй хадны зураг бичээсийг хайрлаж хамгаалахаас өөр аргагүй. Энэ чинь биднээс гадна нийт хүн төрөлхтний оюуны их өмч юм шүү дээ" гэлээ.

     Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн нутагт байх хоёр уулын хадны зургуудыг Америкийн эрдэмтэд ирж очин найман жил судалжээ. Үр дүнд нь 4 боть ном хэвлүүлсэн байна. Тэд эртний хүмүүсийн хэрхэн ан гөрөө хийдэг байсан тухай, тариа ногоог хэрхэн тариалдаг, зэрлэг мал амьтныг гаршуулах ухаан, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн захиаг нэг нэгэнтгүй буулгажээ. Эндээс ургуулан бодоход хадны зураг бол хүн төрөлхтний “Хүүхэд нас” юм. Тийм ч учраас тухайн үеийн ард түмний хамгийн гэгээлэг зүйлсийг хаднаа мөнхлөн үлдээсэн гэж би боддог хэмээсэн зураач Тэнгисболдын хэлсэн үг яахын аргагүй бодогдоно.  

    ...Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дуутын хаданд Монголын эх оронч Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад бий. Шүлэг сийлсэн хад нь газрын гүний маш бөх чулуу.  Шүлэгт хадыг юмаар цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг тул нутгийнхан “Дуут хад” гэж нэрлэжээ. Дуут хаданд 380 шахам жилийн өмнө сийлсэн тэр гайхамшигт шүлгийг өчигдөрхөн сийлсэн мэт хол, ойрт тодоос тод харагддаг билээ. Хаданд сийлсэн шүлгийг сийрүүлбэл:

...Дээд тэнгэр ханы аху хийгээд

Дэлхий дэх Хан богдсын аху газар

Дээр доорын ялгас болбоос бээр

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй.

...Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид болбоос

Алан идэхийн агаар нэгэн буй зэрэг олон арван шад шүлгийг хулгана жилийн 1624 оны нэгдүгээр сарын 18-нд Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив гэсэн бий. Энэ мэт дуу, шүлгийг үүсгэгч хадны зураг, бичээсийн талаар Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Аким цааш өгүүлэхдээ: "Өнгөрсөн өдрүүдэд би Тариатад очлоо. Тэр нутгийн хадан дээр дандаа улаан өнгө зүсмийн морьд зуржээ. Бүр улаан шүү. Тэр морьдыг хараад сууж байхад надад сонгодог симфони эгшиглэх шиг санагдсан. “Симфони гэдэг дуутай уран зураг юм” гэж нэг мэргэн хүн хэлсэн. Тэр морьдоос тэнгэрийн санаа, гайхалтай хөгжмийн зохирол дуулдана лээ. Уран зураг, уран яруу найраг үнэртэж байна лээ. Бид хадны зургийг зөвхөн зураг талаас нь хараад хэвшчихэж. Одоо өөр талаас нь харж судлах цаг хэдийн болсон. Ерөөсөө дүгнээд хэлэхэд хадны зурагт муу юм гэж байхгүй, муухай зүйл гэж байдаггүй. Бүгд сонин, бүгд давтагдашгүй" гэсэн юм. 

     Монгол нутгаас олдсон хамгийн эртнийх нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сэрвэн хаалганы бичээс. Уг бичээст XII-р зууны сүүлээр болсон байлдаанд Алтан улс Монгол руу цэрэгтэй орж ирсэн тухай тэмдэглэжээ. Энэхүү бичээсийг эртний Манжуудын өвөг Зүрчин хэлээр  бичсэн тул бүрэн тайлж уншихад бэрхшээлтэй гэдэг. Хоёр дахь бичээс нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Дэлгэрхангай уулын өвөр “Хүрэн хайрхан”-ны бичээс. Энэхүү уулын бичээст Хүннү болон хятадын Хан улс хоорондоо манай тооллын 89 онд байлдсан тухай бичжээ. Эдгээр бичээс нь Монгол нутгийн хамгийн эртний хадны бичээс болж байна” гэдгийг тодотгожээ.

       Хүн төрөлхтний хүүхэд нас, хамгийн гэгээн хүсэл мөрөөдлийг нь тээсэн Монголын алтай, хангай, тал хээр, говийн бүрдэн цохиог хайрлахын учир энэ. Түүний хад чулуунд сийлсэн бүхнийг тайлан уншваас хүний энэхэн хорвоогийн баяр гуниг цөм бий...

 

 

Үзсэн: 1893

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна