Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийд тархсан монгол өв


Densmaa 2018-10-25 04:10

Энэ төслийн үр дүнд Монголын ямар өв гадаадад байна гэдгээ мэдэхээс гадна дэлхий нийтэд Монголын өвийг танилцуулах боломжтой

    Олон улсын Монгол судлалын холбоо, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын соёлын өвүүдийг танилцуулсан 20 боть номыг энэ төслийн хүрээнд хэвлүүлэх юм. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад Монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байна гэсэн мэдээ бий. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гээд нийтдээ  20 боть ном хэвлүүлнэ. Энэ төслийн хүрээнд Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулна гэж Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун хэллээ. "Дотоодын болон гадаадын архив номын санд хадгалагдаж байгаа дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах шаардлагатай. Гадаадын улс орнуудад хадгалагдаж байгаа нэгдсэн мэдээллийн санг бий болгох нь чухал. Тухайн улсад хадгалагдаж байгаа дурсгалыг судлах тухайн улсын судлаач Монголын  судлаачдын хамтарсан судалгаагаар үр дүн гарах ёстой гэсэн чиглэлээр энэ төслийг санаачилсан. 34 улсад Монголын соёлын өв хадгалагдаж байна. Энэ улсын 20 гаруйтай нь ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж  өнөөг хүрсэн.  Өөрөөр хэлбэл хамтарч ажиллах судалгааны суурь тавигджээ.  Энэ төслийн санаачлах эхлүүлэх ажил 2011 онд эхэлсэн. Зарим дурсгалын фонд материалыг үзэх судлах, судлаачдаа олох гээд 6,7 жилийг зарцуулсан.  2020 он гэхэд 20 каталог бүхий ном хэвлүүлэх юм. Гадаад дотоодын 50 шахам эрдэмтэн судлаачид оролцож байна.  Энэ төсөл хийгдсэнээр тухайн улсын фонд архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа  дурсгалыг  мэдэх. Судалгааны эргэлтэнд оруулах, Монголын ард түмэн мэдэх боломжтой. Энэ төсөл хэрэгжүүлсний дараа илүү нарийвчилсан төсөл үргэлжлүүлнэ. Тухайлбал бичгийн өв соёлыг дараагийн 20 ботид гаргах юм. Хамгийн гайхалтай архивын дурсгал бол Оросын Эрмитажийн музейд хадгалагдаж байна.  Энд Монголын бүх үеийн түүх бий. Эрмитажийн Хүннүгийн бүрэн цуглуулга, хар хорин хотын бүрэн цуглуулгыг сая хэвлүүлсэн. Үүнийг сонгомол маягаар 20 ботид хэвлүүлэх юм. Английн хааны нийгэмлэгийн архивт зөвхөн Монголын хамаатай 3 мянган гэрэл зураг огт хэвлэгдээгүй. Монголын 19,20 зууны дүр төрхийг харуулж чадна. Дэлхий дээр өнөөдөр монгол шиг өв соёл нь түгээмэл тарсан улс байхгүй. Энэ жил дэлхий дээр монгол судлал үүсч хөгжөөд 200 жил болж байна".

   “Дэлхийд тархсан монгол өв” төсөл нь Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах, гадаадын эрдэмтэн судлаачид, сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах, дэлхийн улс оронд хадгалагдаж байгаа соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах зэрэг олон  талын ач холбогдолтой. Монголчуудын тухай гэрэл зураг гадаадад 50 мянга орчим байдаг байна. 20 боть номыг гаргахдаа гэрэл зураг, гар бичмэл, бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйл гэх зэргээр төрөлжүүлэн хэвлэнэ. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх 20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлсэн гэж ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ярьж байна. "Тухайн улсаас нь нэг монгол судлаач оролцох төлөвтэй байна. Судлаачдын томилолтын зардлаас гадна тэр улсаас оролцож байгаа судлаачдыг цалинжуулах гээд багагүй хөрөнгө зарцуулах байх. Ер нь энэхүү ажилд ихээхэн хөрөнгө гарахаар төлөвлөгдөж байна. Энэ төслийн үр дүнд Монголын ямар өв гадаадад байна гэдгээ мэдэхээс гадна дэлхий нийтэд Монголын өвийг танилцуулах боломжтой. Гэхдээ эхний ээлжид гарч ирсэн 20 боть нь үнэлэгдэхгүй бүтээлүүд болно. Урт хугацаандаа Монголын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах ажил юм".

     Дэлхийн улс орнууд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бүтээл гаргах ажлыг өргөн хүрээнд явуулж байна. Тухайлбал Солонгос, БНХАУ, Узбекстан, Казахстан, Япон зэрэг орнуудад зарим төсөл хэдийн хэрэгжиж эхэлжээ. Монгол Улс 1990-ээд оноос хойш гадаад ертөнцөд нээлттэй болж Монголын түүх, соёл уламжлалтай холбоотой өвийг судлах, шинээр нээн илрүүлэх, хамтын судалгааны ажлыг ямар нэг хэмжээгээр гадны болон дотоодын ажлыг эхлүүлсэн ч өдгөө хүртэл нэгдсэн системтэй байгаагүй. Одоогоор манай улсын өв соёл хадгалагдаж байгаа болон хамааралтай дэлхийн улс орнуудын 70 орчим хувьтай хамтран ажиллах гэрээ байгуулж, өв соёлын судалгаа хийгдсэн. Нийт 34 улс байгаагаас 26 нь хамтын ажиллагаатай байдаг. Тухайлбал “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”-ийн судлаачаар МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар ажиллаж байна.  “Франц болон баруун Европ дахь өв”-ийн судлаачаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат гэх зэрэг улс орон болгонд тухайн орны үүх түүх, ёс заншлыг сайтар мэддэг эрдэмтэд ажиллаж байгаа юм. Энэ тухай Гадаад харилцааны яамны  хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатараас тодрууллаа. "БНХАУ- дэлхий дээрх монгол судлалын хамгийн томоохон төвийн нэг. Монголын түүх бол олон зуун жилийн турш хөрш орнуудын салшгүй холбоон дор бичигдэж ирсэн. Монгол улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй том судалгааны төсөл. Тухайлбал БНХАУ-д хадгалагдаж байгаа өв соёлыг судлах маш том ажил хүлээгдэж байна. Бээжин хотод Монголын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа Нэрт кино найруулагч Жижидсүрэн гуайн багтай хамтарч Бээжин хотод байгаа Монголын  түүхийн өв дурсгалуудыг судлах ажлыг эхлүүлсэн.  Маш их зүйл гарч ирсэн. Хотын балгас, хөшөө дурсгал, гүүр зэрэг их зүйлийг судалж холбогдох ном, гэрэл зураг, баримтат кино хийсэн. Энэ ажил үргэлжилнэ. 13-р зууны үеийн Монголын их гүрэн 4-н нийслэл хоттой байсан. Цаг улирлын байдлаас улбаатай" гэсэн юм. 

     Бээжин, Хөх хот, зүүн хойд, болон баруун хойд хятад, өвөрмонголын олон газар очиж  Монголын түүх, соёлыг судлах юм. Ингэхдээ сонирхогчийн хэмжээнд судалгаа явуулахгүй. Тухайн улсын холбогдох  байгууллагатай харилцан ажиллаж,  олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлэх юм.

     Төслийн үр дүнд олон зууны тэртээх монгол хүний оюун ухааны цар хүрээг илтгэн харуулсан барилга байшин, ахуйн хэрэглээний зүйлс, судар бичгийн гар бичмэл зэрэг үнэт зүйлсийг нэгтгэж, өөрсдийн үнэ цэнийг дотоодод болон гадаадад сурталчилах ажил хийгдэнэ гэдэг шинэ түүхийн хуудас бичиж байгаа хэрэг билээ.

Үзсэн: 1093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна