Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол судлаач гадаадын залуу эрдэмтэд


Densmaa 2018-10-30 05:10

Олон орны монголч эрдэмтэн залуустай танилцаж, монгол сайхан орноор аялна

Монгол судлаач  залуу эрдэмтэд манай улсад ирээд байгаа билээ. Арав дахь жилдээ болж буй уг сургалтад АНУ, ОХУ, Польш, БНХАУ, Япон, Солонгос, Турк зэрэг долоон орны 23 залуу судлаач иржээ.

Монголчууд бидний ардчилал, эрх чөлөөг эрхэмлэн шинэ нийгмийг цогцлон байгуулж буй бүхий л үйл ажиллагааг дэлхийн эрдэмтэд дэмжин ажиллаж байгаагийн нэг тод илрэл бол тус сургалт юм. 

Манай сонсогчид монголч эрдэмтдийн тухай танилцуулж байгаарай гэж хүссэн байдаг. Тухайлбал, Хятадын Жилин мужид ажиллаж байгаа манай сонсогч Жон Рутлэж энэ тухай бичсэн байна. 

Монгол бол өнө эртний баялаг түүхтэй, төрт ёсны их уламжлалтай үндэстэн. Аливаа улс үндэстний оршин тогтнох нэг үндэс бол үндэстний түүх, өв соёл, уламжлал. Тиймээс монголчууд бид монгол судлалаа олон улсын төвшинд хөгжүүлэхийн төлөө анхаарч ирлээ.

Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар Их хурал Улаанбаатар хотноо 1959 онд болсон юм.

Энэ их хурал нь монгол хэл бичгийн судлал төдийгүй, Монгол судлалын олон улсын хамгийн анхны их хурал байсан тухай эрдэмтэд дурсан ярьдаг.

Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон эрдэмтэн байдгийг манай сонсогчид мэднэ.

Английн монголч эрдэмтэн Баудэн, Японы Абэмацу, Озава, Финляндийн Алто, Оросын Рерих, Санжеев, Хятадын Вэн Ду Цзян, Энэтхэгийн Рагу Вира нарын хийсэн монгол судлалын бүтээл туурвилыг монголчууд бид мартахгүй.

Тэгвэл тэдгээр агуу эрдэмтний залгамж халаа, тэдний Монгол судлалын талаар хийж бүтээсэн зүйлийг үргэлжлүүлэх шинэ залуу үе түрэн орж ирж байгаа нь тун бахархалтай хэрэг.

 Монголд ирэхэд өөрийн соёлтой, өглөө босоод монгол хүн юу хийдэг, юуны төлөө санаа зовж байдаг, энэ газар нутаг дээр монголчууд хэдэн зуунаар яаж зохицон амьдарч ирсэн бэ? гэдгийг харах явдал бол залуу эрдэмтдийн хувьд том боломж билээ. Тиймээс гадаадын залуу эрдэмтдийг монгол ахуй амьдрал, соёлтой танилцуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

ШУА, МУИС, МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нар залуу эрдэмтдэд Монголын түүх, соёл, аман зохиол, мал аж ахуйн чиглэлээр хичээл заахаас гадна судлаачид соёлын олон арга хэмжээнд оролцдог. Үүнд, Монгол эртний нийслэл Хархорин хоттой танилцаж, Анхдугаар богд Занабазарын шавилан сууж байсан Эрдэнэзуу хийдээр орж, Орхоны хөндийн дурсгалт газруудаар аялал хийх юм. Зарим сургалтыг монгол наадмын үеэр зохион байгуулж байв. Залуу эрдэмтэд Монгол түмний уламжлалт баяр наадмын нээлтэд оролцож, хурдан морины уралдааныг үзэх хөтөлбөртэй байдаг. Хорь гаруй хоног Монгол оронд саатах залуу эрдэмтэд номын дуу сонсч, монгол ахуй амьдралтай танилцах сургалтад хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч "Монгол орныг зорьж ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай энэхүү арга хэмжээнд 10 жилийн турш нийт 19 орны 200 гаруй судлаач хамрагдсан байна. Та бүхэн монгол соёл, нүүдэлчдийн түүх, ахуйтай танилцан, өөрсдийн судалгааны чиглэлийг тодотгож, манай эрдэмтэдтэй хамтран ажиллах өргөн боломжийг олж авч байгаа юм. Ингэснээр хилийн чанад дахь монгол судлалыг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг Та бүхнийг хүлээж байгаа билээ. Залуу монгол судлаачдыг манай улсаас дэмжиж байна" гэлээ.   Бид залуу эрдэмтэдтэй уулзахаар МУБИС-ийг зорьсон юм.

Тэд энэ өдөр “Монголын нууц товчооны судалгаа” гэсэн сэдвээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн доктор, профессор Пунсаг багшаар хичээл заалгаж байв.

Хичээлийн тухай Өвөрмонголоос ирсэн Цагаан эрдэмтэн ярихдаа “Багш Монголын нууц товчооны билэгдлийн тухай их сонирхолтой хичээл заалаа.  Монголчууд цагаан өнгийг ихэд билэгддэг. Мөн хар өнгийг аян дайны өнгө хэмээдэг гэлээ. Монголчуудын өнгөний талаарх билэгдлийг сонсоод сууж байхад бор өнгө гэж ярьсангүй. Гэхдээ монгол хүн шар нар, бор хоног, бор аяга гэх мэтээр ярьдаг. Ер нь бор өнгө монгол хүний хувьд ямар билэгдэлтэй байдаг юм бол хэмээн бодож суулаа. Энэ нь магадгүй миний дараагийн эрдэм шинжилгээний ажил ч байж магадгүй хэмээн сонирхуулсан.

Сургалтад монгол судлалаар судалгаа шинжилгээ хийж байгаа магистр, докторын зэрэг горилогчид хамрагдсан байв. БНХАУ-ын  эрдэмтэн Ү Цуй Цин"Би монголын хэл, соёлоор докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна.  Монголд анх удаа ирж байгаадаа баяртай байна. Монгол орон их сайхан юм. Хичээлээ зарим даа ойлгохгүй байгааг нуух юун. Яагаад гэвэл багш зарим үгээ гадаадаар хэлдэг. Монголын түүх, эдийн засгийн тухай хичээл орсон. Их сонирхолтой байсан. Монголын эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байгаадаа маш их баяртай байна" гэсэн юм. 

 Залуу эрдэмтдийн зарим нь монгол оронд анх удаа ирж байгаа бол Монголын түүхийг Турк эрдэмтэн Конроб Аержелеси гурав дахь жилдээ монгол оронд ирээд байна. Тэрээр “Монгол Турк хоёр улс нүүдэлчин соёлтой, Монголын түүхийг мэдэхгүйгээр Туркийн түүхийг судлахын аргагүй. Тиймээс би монголын түүхийг судалж байна” гээд " Монголчууд эртний үүх түүхтэй агуу ард түмэн. Монгол, Турк 2 улс адилхан нүүдэлчин соёлтой учир монголын түүх надад их сонирхолтой байдаг. Монгол газар туркчуудтэй холбоотой түүх дурсгалын болоод археологийн олдвор их байдаг. Энэ бүгдийг судлах нь миний зорилго. Эл сургалтад хамрагдсанаар монгол ахуй соёл, түүхтэй илүү ойр танилцана гэж бодож байна. Одоогоор би YIII зууны монголын аж ахуй, төрийн бодлого, эдийн засаг гэсэн судалгааны ажил хийж байгаа. Мөн “Дундад зууны үеийн Монгол ба Турк” гэсэн  түүхийн харьцуулсан судалгаа хийж байна. Монгол хүмүүс их найрсаг, монголд ирээд олон найз нөхөртэй болсон"хэмээн сонирхуулан ярьлаа.

 Японы эрдэмтэд монгол орон, монголчуудыг эртнээс нааш судалж ирсэн. Монгол орны талаарх судалгаагаар Японы монголч эрдэмтэд дэлхийд дээгүүрт ордог. Энэ удаагийн сургалтад японы залуу эрдэмтэн Хонда Ёоши хамрагдаад байна. Тэрээр Японы Гадаад хэлний их сургуульд магистрантурт сурдаг.  Хонда Монгол оронд аялал жуулчлалаар өмнө нь ирж байсан бол энэ удаад сургалтад хамрагджээ. "Монгол оронд аялал жуулчлалаар анх ирж байхдаа, хөдөө тал, морь мал зэргээр л танай орныг төсөөлж байсан. Гэтэл УБ хотод анх буухад өндөр барилга байшин, орчин үеийн машин тэрэг, залуус нь орчин үеийн хэв маягтай байхыг хараад ихэд гайхсан шүү. Яагаад гэвэл би орчин үеийн Монгол орны тухай төдийлөн сайн мэддэггүй байжээ. Би урьд нь Өвөрмонголын өөртөө засах оронд очиж байсан юм. Одоо бодоход нэг үндэс угсаатай ард түмэн, хоёр өөр соёл, бүтээн байгуулалттай юм байна гэдгийг мэдэж авлаа. Сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Олон орны монголч эрдэмтэн залуустай танилцаж, монгол сайхан орноор аялна. “Монгол хэл бусад хэлтэй хэрхэн холбогдох нь” хичээл бидэнд орсон.  Гадаад үг хэллэг монгол хэлэнд байдаг юм байна. Энэ тухай багшийн яриа их сонирхолтой байсан".

  Монгол оронд хорь гаруй хоног саатах залуу эрдэмтдийн сургалт Төв номын сангийн ховор хуучин, үнэт номын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Дэлхийд өөр байдаггүй цорын ганц дурсгал болох номонд зориулсан хөшөө Монголын Үндэсний төв номын санд байрлаж байдаг. Мөн номын сангийнхамгийн жижиг ном нь "Ногоон дарь эхийн магтаал". Номын хэмжээ 5 орчим см. Энэ номыг эрдэмтэн Шагж "хүний хараа нэг цэгт төвлөрдгийг ашиглан", өрхөө бүтээн гэрээ харанхуйлаад, өрхөндөө зүний сүвэгчийн чинээ өчүүхэн цоорхой гарган хурц нартай өдрүүдэд адууны ганц ширхэг хялгасаар бичжээ. Ийм аргаг монгол дархчууд хэрэглэдэг. Энэ аргаар тал арвай дээр арслан сийлж байсан сийлбэрчид бий. Эрдэмтэн Шагж энэ аргыг ном бичихдээ ашигласан байна. Номыг энгийн нүдээр унших боломжгүй. Энэ номыг 1916 онд бүтээсэн бөгөөд ийм аргаар “Алтангэрэл” судрыг бичиж, YIII Богд хаанд барьсанд Шагж багшийн бичсэнийг гайхан биширч ихэд хөхүүлэн шагнасан гэдэг.  Энэ мэтчилэн монгол орны түүх соёл, ёс заншилтай холбоотой арга хэмжээг монгол эрдэмтдэд сургалтаар зохион явуулна.

Үзсэн: 1260

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна