Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хойд туульд амьдарсан Монгол эрдэмтэн


Densmaa 2018-12-26 12:12

Саха Якутын хойд нутгийн -70 градус хүртэл хүйтэрдэг дархан цаазат бүсэд голчлон судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийж Био-Анагаах ухааны холбогдолтой 38 ном бичиж ард түмний хүртээл болгожээ.

   Анагаах ухаан, биологийн шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэн монгол хүний оюуны чадавх, арга ухаан, тэвчээр хатуужил заан  алс хол 60-70 хэмийн хүйтэн Тундрт 25 жил судалгаа шинжилгээ хийжээ. Тэрээр Далай ламтай уулзах үед эх хүнийг баярлуулж яв гэж захиж байжээ. Тиймээс эх хүнийг баярлуулахын тулд цаа бугаа судлах хэрэгтэй болсон байна. Энэ амьтны тухай таван настайгаасаа мэдэж эхэлсэн. Хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав зэрэг бий болсон гэж уншаад маш их сонирхож байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд цаа бугын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байсан минь миний судалгааны ажилд том нөлөө үзүүлсэн. Цааны сүүгээр хүн болсон олон жишээ бий. Энэ амьтныг анагаах ухааны талаас нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ гэдэг үүднээс хослуулж судалсан. ОХУ-ын эрдэмтэн Владимировын энэ амьтны эрхтнүүдийн бүтэц, үүргийг судалсан бүтээлээс өөр дорвитой ажил байхгүй нь энэ чиглэлээр судалгааны ажил хийх санаа сэдлийг минь өдөөсөн юм. Эд эрхтнүүдээр нь бэлтгэсэн эмийг бие болон сэтгэцийн өвчнийг эмчлэхэд амжилттай хэрэглэж байсан баялаг түүхтэй. Эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээс олж авсан мэдлэгээ дорно дахины болон өрнө дахины анагаах ухааны аргуудтай хослуулан эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх олон шинэ аргыг боловсруулан гурван мянга гаруй хүнийг эмчилсэн. Янз бүрийн шалтгаанаас болоод хойд туйлын бүсийн хэт хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар даарч хий бадганаас үүдэлтэй чөмөг хөрөх, сав бөөр, таван цулын эмгэг өвчний улмаас үргүйдэж, үр хүүхэд төрүүлэх чадваргүй болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эмчилж 180 гаруй хүүхэдгүй гэр бүлд үрийн заяа хайрлан аз жаргал бэлэглэжээ.  

Б.Баасансүрэн: Хойд туйл өвөл арван хоёрдугаар сарын 22-ноос гурван сарын турш харанхуй байдаг. Гурван сарын харанхуйд би номоо бичдэг. Энэ хугацаа бол миний хамгийн чөлөөтэй цаг. Энэ хооронд өдөр бүхэн хоёр хуудас юм бичиж, зурдаг. Тэр үед одоогийнх шиг бэлэн юман дээр өсөөгүй. Надад зөөлөн, хатуу харандаа, дээр үеийн оросын бор цаас байсан.Та бүхний хэрэглэдэг бичгийн цаас, бал тэнд хөлдчихөөд байдаг юм. Энэ бүхэн надад тэсвэр хатуужил өгч, үүнийг сөрж шинжлэх ухааныхаа мөрийг бичих хүч хайрласан. Хүйтэнд амьдрахад бойтгоо хийж өмсөхөөс эхлээд олон юм сурсан. Энэ нөхцөлд цаа бугын судалгаанд цус, таван цул эрхтэн, зургаан сав, арьсыг нь харж ямар улирлын арьс хүн зонд дулааныг хадгалж чадах вэ гэдгийг судалсан. Хүний бүдүүн нарийн гэдсэнд нь дулаан ялгаруулах чадалтай байвал чөмөг хөрдөггүй. Чөмөг хөрснөөс болж хүмүүст дархлалын өвчлөлүүд тусдаг. Дороосоо даарч болдоггүй. Хойд туйлын цаа бугууд хүйтэнд маш сайн дасан зохицсон эвэр туурайнаас авахуулаад доод талын батушкнь газрын хүйтнийг тэсэж чадаж байна. Хойд мөсөн далай зундаа дээрээсээ 5-6 метр л гэсдэг. Бусад нь тас хөлдүү хэвээрээ байдаг. Тэр хөлдүүг тэсэхийн тулд өөрийнхөө эрүүл мэндийг бодож тохирох хувцсыг судалж байж хийж өмссөн. Би энэ бүх судалгаа шинжилгээг хийхийн тулд өөрөө бүхнийг хийсэн. Тухайлбал, идэх хоол хүнс, өмсөх хувцсаа хүртэл өөрөө хийсэн. Тэгэхгүй бол хүний нутагт хэн надад юм хийж өгөх юм. Гурван сарын харанхуйд галын дөлөнд сууж, энерги авдаг байлаа.

Якутад 7-10 орчим мянган зэрлэг цаа бий гэсэн судалгаа бий. Мөн хойт туйлд дөрвөн төрлийн цаа буга байдаг. 70 хувь нь зэрлэг төрлийн цаа буга. Янз бүрийн өвчин тусахгүй л бол 13-17 насалдаг. Шим тэжээлийн хувьд эрүүл цэвэр ургамлыг цасан доороос ухаж иддэг. 30-аад төрлийн ургамал иддэг нэг үгээр судалгаа хийхэд нэн тохиромжтой. Цаа буганд хамрын салст нь 32 ширхэг байдаг. Шүдний завсарт нь утас орох зайгүй маш сайн бэхэжсэн байдаг онцлогтой амьтан. Цаа буга дурлалдаа маш үнэнч. Бие биенээ хайрласаар байгаад насыг бардаг. Эм цааг хээлтэй байх үед эрэгчин нь цас малтаж дулаацуулж өгдөг. Хүнлэг, ариун сайхан сэтгэлтэй гайхамшигтай ухаантай. Үхэр, хонь ургамлыг нэг дор олноор иддэг бол цаа буга ургамлын үр үндсийг туурайныхаа завсар хавчуулж бэлчээрт тарааж явдаг. Цаа араатан амьтнаас хүртэл өөрийгөө хамгаалах чадвартай. Тундарт түүний хамгийн гол дайсан нь чоно. Хамгийн том чоно 2 метр өндөр, 120 кг жинтэй сүрдмээр биетэй шүү. Тэр аварга биетэй араатнаас хамгаалахын тулд баатар цаанууд буюу сүргийн хамгаалагчид нь эмийгээ дундаа хийгээд цагийн зүүний дагуу зогсолтгүй эргэлддэг. Энэ үед 10 чоно байсан ч тэдэн рүү орж халдаж чадахгүй буцдаг гэж Баасансүрэн доктор цааны тухай сонирхуулан ярьж байв. Тэрээр хойд туйлд 25 жил амьдрахдаа гурван настай итэрийн арьсаар хийсэн уутан хөнжил нөмөрч унтдаг байлаа. Энэ нь 60-70 градуст дааруулдаггүй. Миний өмсдөг хувцсыг Тормос гэдэг хэмээн ярьж байна.

Баасансүрэн: Якутад зэрлэг цаа 60 гаруй бий. Зэрлэг цаа, бэлчээрийн цаа хоёр ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэвэл, бэлчээрийн цаа ургамлыг ямаа шиг иддэг. Зэрлэг цаа сугалж иддэгээрээ ялгаатай.Би Хөвсгөлийн цааг бэлчээрийн цаа гэж үздэг. Өөрийнхөө цаануудыг урт наслаасай гэсэндээ Тогоонтөмөр, Бат-Очир гэх мэтчилэн нэр өгчихдөг. Үүний ачаар хийморьтой, золбоолог явдаг юм шиг санагддаг. 15 айл байдаг. Цөөхөн шүү дээ амьдардаг хүмүүс нь. Манайх хойд туйлыг дөрвөн улиралтай гэдэг. Би бол зургаан улиралтай гэж боддог. Хавар нүүдэл хийхэд хэцүү байдаг. Өвөл харанхуйд галын дөл, хүн, нохойгоо барааддаг. Хаврын улиралд тамир тэнхээтэй ургамал иддэг.

  Цаа гэдэг сүрэг дотроо эмч, баатар гээд өөр өөрийн үүргээ гүйцэтгэдэг. Эмч цаа гэхэд өвчтэй цаагаа дагуулаад эмийн ургамалтай газар очих жишээтэй. Өдөртөө өвс ургамлаа олж идэхийн тулд 20 км явдаг учраас өөхөн тарга хуримтлуулдаггүй. Маханд нь агуулагдах амин дэм маш өндөр. Бас тэр хэзээ ч авч яваа хүнээ орхидоггүй. 3-4-үүлээ ойртож зогсоод дулаацуулна. Цааны сүү гэхэд эхийн цагаан сүүний дараа ордог. Ерөөсөө цаа бугын бүх зүйл анагаах эрдэмтэй ажээ.

     Эрдэмтэн Баасансүрэн Саха Якутын хойд нутгийн -70 градус хүртэл хүйтэрдэг дархан цаазтай бүсэд голчлон судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийхийн зэрэгцээ Био-Анагаах ухааны холбогдолтой 38 ном бичиж ард түмний хүртээл болгожээ. Ан амьтнаа судлах тусам бид тэднээсээ эргээд суралцдаг. Цаа буга бол эрс тэс уур амьсгалыг даван амьдардаг, хаана ямар ашигтай ургамал ногоо байдгийг бидэнд хэлж өгдөг байгалийн оточ шүү дээ гэж Хойд туйлд 25 жил ажиллаж байгаа судлаач Баасансүрэн ярьж байсан юм.

Үзсэн: 1653

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна