Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-04-23
mongolia

Шинэ мэдээ

“Монгол Дархан” цуврал нэтрүүлэг 1-р дугаар


Densmaa 2019-01-23 10:01

Монгол дархчуул хээ угалзын эх зохиогчид юм.

   Монголчууд төрт ёсны уламжлалыг тээж яваа угсаатан, эрдэм бишрэлтэй хүмүүн, сүр сүлд ихтэй уул нурууг дархалж дархан цол олгодог амой. Халдашгүй гэсэн үг л дээ. Хубилай хааны үед бий болсон Чингисийн найман цагаан орд өргөөг Дархад хэмээх угсаатан олон зуун жилээр манаж байна. Богд хан уул, Түшээт хан уул, Отгон тэнгэр уул бүгдээр төрийн дархан цолтой. Ийм сонин содон ард түмэн. Одоо “урч хүн”-ийхээ тухай тодотгон ярья.

   Монголчууд дархан хүн бурхан ухаантай гэлцдэг. Тэдэнд бусдаас ялгарам ухааны ур, гарын ур, нүдний ур бий. Хад чулуунаас хүдэр ялгаж боловсруулаад ган болд болгосон нэгэн дархан бусдын басамжлалд ундууцахдаа: За би энэ ганболдыг яах ёстой юм. Буцаагаад үнс болгох уу ус болгох юм уу гэж асуугаад анхны шороон хэлбэрт нь оруулж байсан гэдэг. Ийм эрдэм бишрэлт тул Монгол төр тэдэнд дархан цолыг олгосон юм. XVII зууны үед Халхын Сэцэнхан Шолой арван хөвгүүддээ төрөл бүрийн төмөрлөг эд юмсыг өмч болгон хувааж өгөхөд тэдгээрийн тоон ддарханы дөш орж байжээ. Энэ тухай дархан Аюушийн ярианд анхаарлаа хандуулна уу.

   Монгол дархны бүтээлд Монгол төрт ёсон ч бий, өв соёл нь ч бий, урлаг нь ч бий. Энэ бүгдийг нэгэн ойлголтонд багтааснаараа Монгол төрийн дархан дахин давтагдашгүй хийц шигээ эгэлгүй хүмүүс. Ер нь Монгол төрийг хүчирхэг байлгах эд эс нь дархандаа байжээ. Би нэгэн жишээ хэлье. Хааны зарлигийг сайд ноёд суудлаасаа босож, өвдөг сөгдөн тосдог бол дархан хүн суудал дээрээ тосдог бүрэн эрхтэй байжээ. Ингэж үе үеийн Монголын төр, дархан хүнээ хүндэтгэж, нөгөө талаар дархалсан. Дархлах гэдэг энэ үгнээс Дархан гэсэн үг үүсчээ. Бид Хятад дархчуулыг Инжаан гэж нэрлэдэг. Уг үгийн утга нь дархан гэсэн үг биш л дээ. Тэдэнд Пийжаан, Шийжаан, Инжаан, Мужаан, Тийжаанууд бий. Тэд бүгд өөр өөрийн үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл арьсны, төмрийн, гангийн, алт мөнгөний гээд төрөлжин гэсэн үг. Тийжаанууд тийжаанаа л хийж чадна, Инжаанууд нь инжаанаа л дөнгөх жишээтэй. Монгол дархан бүгдийг хийж чаддагаараа онцлог. Монгол дархныг гадны улс оронд очиход та чухам юуны дархан вэ л гээд байдаг юм. Тэдний ойлголтоор бол бид аяганы, бүсний эсвэл эмээлийн ч гэдэг юмуу нэг тийм тодорхой, тодорхой зүйлд л хуваагдах ёстой юм шиг. Монголчууд хариулахдаа бид бүгдийг хийдэг дархчуул гэхээр тэд толгой сэгсрээд байдаг юм. Ер нь тийм биз дээ. Саахалт эмгэний саалийн хувингийн элсэн бүсийг засаж сэлбэхээс  өгсүүлээд төрийнхөө тэргүүний тэргүүндээ асаах малгайн оройн дээд чимгийг бид л урладаг.

   Монгол дархан эд, мөнгөний шуналаас хол байдаг. Хичнээн уран тансаг эд хийвч захиалагчийн өгсөнийг л авна. Монголын мөнгөн урлалын гурван гайхамшгийн нэг алдарт Батноров хийцийг үндэслэгч уран Тожил буюу Ишжамц дархны эхнэр чихэндээ цайны шилбэтэй явдаг байсан гэдэг. Магадгүй үүнийг харсан хэн нэгэн “Дархан хүний эхнэр сүйхгүй, эмч хүний эхнэр хамаргүй” гэж зүйрлэсэн  байж болох юм. Уул нь үгийн санаа нь Монгол төрийн дархан, уран тансаг хүн байж өөрийн амьдрал ахуйдаа ч хэрэг тусгүй бусдын төлөө ажилладаг гэсэн шүүмж  байх л даа. Дархан хүн нэг урлал бүтээхдээ нэг бус багаж зэвсэг бүтээнэ. Энэ нь ямар ч дарханд байх гар хурууны ажил гэж тайлбарладаг.

   /Аюуш/ Монгол дархны ухаан их. Газар шороогоо таньж хүдрээ авна, хайлна. Юу хийх гэж байгаадаа тааруулж боловсруулна. Үүнд өнөө цагийн Геологийн шинжлэх ухаан явж байгаа юм, хайлах боловсруулахад химийн, физикийн гээд салбар салбарын шинжлэх ухаанууд багтана. Тавь гаруй нэр төрлийн ган боловсруулдаг байсан. Дэлхийд алдартай Японы Хатана сэлэм нь Монгол дархны нэгэн аргын боловсруулттай ган. Та бүгд Балба дархны балбаж хийсэн, Монгол дархны мохоож хийсэн гэсэн хэлц үгийг сонссон байх. Мохоож хийнэ гэдэг нь юмыг туйлдана хүргэнэ гэсэн үг. Өнөө цагийнхаар бол эцсийн бүтээгдэхүүн гэхүү. Энэ бүгдийг ярихдаа би Өндөр гэгээний хөөмөл, цутгамлын төрөл ч юм уу эсвэл Далай чойнхор вангийн ган хийц, Батноров, Дарьганга, Ноён сэврэй зэрэг алдарт мөнгөн урлал тэдгээрийн уран сайхан, дүр  дүрслэлийнхэн талаар ярьсангүй.

Батноров хийц ч гэдэг Тожил хийц ч гэдэг. Батноров гэж Хэнтий аймгийн Батноров сум. Монгол төрийн дархан Ишжамцын төрсөн нутаг. Тожил гэдэг нь Ишжамц дархны хүүхэд нэр. Энэ дархан төрөлх нутаг ус, багын нэрээ уран хийцэндээ үлдээсэн нь энэ. Түүний дөрөв дэхь үеийн шавь дархан Эрдэнэбаяр өгүүлэхдээ миний аав Батсүх дархан байнга л бодолд дарагдсан байдаг. Явахдаа газар ширтсэн харагдана. Өөр хүнд бол өр алдсан эсвэл өвчинд нэрвэгдсэн мэт харагддаг байсан байх даа. Би хүүхэд байсан ч гэлээ аавынхаа тэрхүү зовлон шаналалыг нь ойлгодог байсан юм. Өнөөдөр би аавынхаа ур ухааныг өвлөсөн шигээ өвчин шаналалыг нь ч бас эдлэж явна даа гэж ярьсан.

Сонсогч та гайхаж байна уу. Өвчин шаналал гэж юу яриад байна гэж. Уран дархан хүн бусдыг хуулбарлах байтугай өөрөө өөрийнхөө хийсэн бүтээлийг дахин давтддаггүй. Давтагдашгүй тэрхүү бүтээлийг нь хэдэн арван жилийн хойно жирийн иргэд хараад л, За хө энэ чинь тэр дархны хийц байх шив. Аргагүй л нүдэнд тусаад байсан юм гэнэ. Тэдний шаналалын хариу нь энэ.

Өнөөдөр бүх юм үйлдвэржиж нэг урлагийн бүтээл нэгэн мянга болсон нь энүүхэнд. Гэвч юмны мөн чанарыг мэдэрдэг, мэддэг хэн бүхэнд дахин давтагдашгүй ямар ч урлагийн бүтээл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй.

 

Монгол дархчуул хээ угалзын эх зохиогчид юм. Зохиогоод зогсохгүй ямар хээ угалзыг юунд ашиглах, хэн хэрэглэхийг нь хүртэл зохиожээ. Жишээ нь эмээл дээр гэхэд цэцгэн хээг зөвхөн эмэгтэй эмээлд, 12 луутай эмээл эр хүнд ээлтэй гэнэ.Энэ мэтээр уулан хээ, усан хээ, өлзий хээ, үүлэн хээ гээд бүгд өөр, өөрийн бэлгэдэлтэй. Монгол дархны нэгэн гайхамшиг бол “Битүү амьсгаа”. Битүү амьсгаа гэдэг нь нэгэн амьсгаагаар гагнуурын шингэнийг тасралтгүй үлээж гүйлгэх арга. Нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ гагнуураа үргэлжлүүлэх явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй хий,үлээж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болдог. Үүнийг Монгол дархны битүү амьсгаа гэдэг. Хэрэв зэ гагнуурын шингэнийг гүйлгэх явцдаа задгай амьсгал авах л юм бол гануурын шингэн тасалдаж урлах бүтээл үзэмжгүй болно. Монгол дархны энэ гайхамшгийг өнөөгийн Монгол лимбэчид чадамгай ашиглаж байна. 2011 онд "Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-Битүү амьсгаа" гэсэн нэртэйгээр яаралтай хамгаалах ёстой биет бус соёлын өвөөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Энэ бол Монгол дархны ухаанаас эхтэй билээ. Энэ мэтээр Монгол дархны бүтээсэн урлал түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг нь тоочоод баршгүй. Дагаж мөрдөх ёс заншил нь ч арвин.

Дархан айлын хойморт суудаггүй, дархан айлын гэрийн буйран дээр гэрээ барьдаггүй гал догширно гэнэ. Дархан хүний алх дөшин дээгүүр алхдаггүй, дархан хүнийг басамжлах, дорд үзэх нь нүгэлтэй. Дархан хүнээр адууныхаа тамгыг хийлгэсэн хүн зөөлөн зүсмийн халуун хошуутай мал бэлэглээд авч очсон хадаг дээрээ тамгаа тосож авдаг уламжлалтай.

Өнөөдөр Монголын нэр цуутай уран дархчуулын ихэнх нь 8-9 үе дамжсан дархчуул байна. Үүнийг багцаалбал Их Монгол Улсын үеэс шав сууриа тавьсан нь нотлогддог. Дархчуулын хэдэн үе дээрээ явж байгааг тэдний хэрэглэдэг “Тагал” буюу “Цоолтуур”-наас нь харж болдог. Цоолтуур гэдэг нь 5 см-ийн өргөнтэй, 10-15 см орчмийн нэвт нүхэлсэн цул төмөр. Жишээ нь 5 нүхтэй цоолтуур хэрэглэж байгаа дархныг харсан хүн, Аа... Энэ дархан 5 үе дээрээ яваа юм байна гэж танина. Зургаа дахь үе нь ирвэл уламжилж авсан дархан нь Тагал буюу Цоолтууран дээрээ нэг нүх нэмж гарган үе удмаа тэмдэглэж байх жишээтэй. Ийм нарийн нандин өв соёлыг тээгч Монгол дархны ухаан, ур хийц нь төр, түмэн олныхоо мэлмийг баясгасаар байна.

Үзсэн: 192

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна