Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Наурызын баяраа бид өглөө эртлэн босож нарандаа мөргөснөөр эхлүүлдэг


Densmaa 2019-03-21 11:03

Та ямар ч Казак айлд орсон бүсгүйчүүдийн гараар мэтгэсэн үндэсний хээ угалз бүхий гэрийн эдлэл хэрэгслийг хараад өөрийн эрхгүй гайхан шогшрох бизээ

 

     Жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Казак түмэн өдөр шөнө тэнцэж урин хавартайгаа энх мэнд учран золгож буйн илэрхийлэл болгож Наурыз буюу Хаврын баяраа тэмдэглэдэг. Наурыз гэдэг Перс гаралтай үг бөгөөд Нау гэдэг нь монголоор шинэ гэсэн үг. Рыз гэдэг нь өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай.

     Монгол, Казак түмэн үндэс язгуур өөр ч нийтлэг зан чанар их. Эсгий туургатны нэгэн адил гэр өргөөгөө эрхэмлэж үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, өмсөж зүүх, ууж идэх хүнс хоол нь ойролцоо. Монголчуудын цагаан сар, казакын Наурызын баяр нь сар өдрөөр өөр ч ахас ихсээ хүндэтгэх, үг сургаалыг нь сонсох, урин цагийг угтан баярладгаараа ижил. Та ямар ч Казак айлд орсон бүсгүйчүүдийн гараар мэтгэсэн үндэсний хээ угалз бүхий гэрийн  эдлэл хэрэгслийг хараад өөрийн эрхгүй гайхан шогшрох бизээ.

   Түүхийн ямарч он цагийг туулсан бай казах түмэн үндэснийхээ  гайхамшигт өв соёлыг гээгээгүй юм. Гэрийн доторх хана туурга, ор дэрний иж бүрэн хэрэглэл, дэвсгэр, өмсөж суугаа хувцас, малгай, алчуур бүгдийг үндэснийхээ хээ угалзаар чимэглэсэн байна. Казак өвөгчүүл, гэртээ тухлах бол тохойн доороо эсвэл ар нуруундаа үндэсний хээ угалзаар өвч бүрсэн дэрийг ивж тааваар сууна. Хаврын баярыг эрчүүл нь удирдан явуулна. Наурызын баярын нэгэн өвөрмөц зан үйл бол гар угаах ёслол. Энэ зан үйлд зориулж гэрийн эзэгтэй Сулык, Малык хэмээх хоёр алчуур бэлдэнэ. Хоол идэхийн өмнө гар угаасны дараа хэрэглэдэг алчуур нь Сулык бол хоол идсний дараа хэрэглэдэг тосны алчуур бол Малык юм. Энэ хоёр алчуурыг сольж хэрэглэх нь цээртэй. Наурызаас гадна насны баяр, хурим зэрэг томоохон баяр ёслолд дээрх хоёр алчуурыг заавал бэлддэг. Наурызын баярын хүндэтгэлийн зоог бол “Каз” юм. Гэрийн эзэгтэй мах шүүсийг бэлэн болгоод гэрийн эзэн эсвэл гадны зочдын хамгийн өндөр настай хүний өмнө зоогоо тавина. Тэгэхдээ хонины чанасан толгойг гэрийн эзэн рүү хандуулж тавина. Зоогонд хонины сүүл оролцуулсан сүүж заавал байна. Үүнийг “Жамбас” гэнэ. Шүүсэндээ малын мөч бүхнээс оролцуулна. Малын элэг, уушиг гэх мэт дотор махнаас тавина. Ингэснээр бүтэн хонь болж буйгаа билэгддэг юм. Энэ тухай казак түмний төлөөлөл ахмад дайчин Сабиханаас тодруулахад "Наурызын баяраа бид өглөө эртлэн босож нарандаа мөргөснөөр эхлүүлдэг. Наурыз бидний хувьд хамгийн том баяр. Бид баяраа угтаж гэр орон, булаг шанд, байгаль орчноо цэвэрлэж сэтгэлийн хир буртаггүйгээр  угтахыг эрмэлздэг. Мөн нүүдэлчин түмний үрс учир байгаль дэлхий минь хур бороогоо харамгүй хайрлаасай, хүн малын өвчин зовлонгүй байгаасай гэж өглөөний нарандаа залибардаг" гэсэн юм. 

     Наурызын баярын өдөр казакууд эв найрыг эрхэмлэж урд жилд хэн нэгнийг гомдоосон бол уучлал эрнэ. Баярын өдрүүдэд архи уух, тамхи татах цээртэй. Баяраар 40 айлаар зочилж чадвал тухайн хүний гэм нүглийг бурхан өршөөдөг гэж үздэг. Наурызаар хүүхэд залуус нь үндэсний тоглоомоор тоглож эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалддаг. Туламыг бэлтгэхдээ ямааг нядалж битүү туламлан өвчиж бэлтгэдэг. Эрчүүд хамгийн хурдан сайн морьдоо унаж Көхпар булаалдах товлосон газраа очно. Нэг хүн туламыг гар дээрээ өргөн давхихад араас нь олон эрчүүл туламыг булаан авахаар хөөнө. Нойтон тулам тасарч урагдахгүй тул эрчүүл эрчүүлийн гар дамжсаар барианы зүг ойртоно. Бариа гэдэг нь айл гэр. Көкпарыг гар дээрээ өргөн бусдаас тасарсан эр давхин явсаар дурын айлын гэр дээр Көкпараа шидсэнээр тэмцэл өндөрлөнө. Гэр дээр “Көкпар”-тай айл тэмцэлдэгсэдийг гэртээ урьж дайлдаг ёстой. Мөн Курес гэх үндэсний бөхийн барилдаанаар өрсөлдөнө. Курес нь Монгол үндэсний бөхийн барилдаантай төстэй. Ялгаатай нь хоёр бөхийн аль нэгний гар түрүүлж газар хүрсэн нь ялагдсанд тооцогддог. Спортын ийм арга хэмжээ явагдахаас гадна Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээнийг явуулна. Айтыст нас хүйсний ялгаа байхгүй. Хэн уран цэцнээр хүний сайн муу, ертөнцийн өнгө, хүйтэн дулааныг гаргаж чадсан нь ялагч болно. Мөн харанхуй болмогц энэ тэнд түүдэг асааж түүнийг тойрч дуулж бүжиглэх ёс ч бий. Үүнийг “Алатау” буюу галаар ариусгах ёслол гэдэг. Үүр цайх үед бүгд ойролцоо орших аль нэг өндөрлөг дэнж, ууланд гарч ургах нараа угтан авдаг. Ургаж буй нарыг баяр баясгалантай тосч, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөөд гэр гэртээ харьдаг уламжлалтай. "Үндсэндээ бид хоол унд баярын ширээгээ аль болох олон төрлийн тэгэхдээ хамгийн их амт чанартай зүйлс оруулан бэлтгэхийг эрхэмлэдэг. Көжег гэхэд л долоон төрлийн будаа оролцуулан хийдэг. Энэ нь хүний биед хамгийн их тэжээллэг, хүч тамир оруулдаг шидтэй идээ. Баярын урьд орой айл бүхэнд бурхан залран ирдэг гэж үздэг тул аль болох цэвэр цэмцгэр байж аяга таваг, сав суулга бүхнийг  идээ умдаагаар дүүргэж тавьдаг уламжлалтай. Одоо миний өмнө Дастархан дэлгээтэй байна. Одоо би Бата хийнэ. Та бүгдээрээ оролцоно гэдэгт итгэлтэй байна".

     Наурызын баярын үеэр эмэгтэйчүүд шиг гоёмсог хувцастай, эмэгтэйчүүд шиг ажилтай ихтэй хүн үгүй. Наурызаар гэрт нь ах дүүс гэлтгүй гадны ямарч хүн орж ирж бэлтгэсэн идээ умдаанаас хүртэх эрхтэй тул зочин бүрээ сэтгэл хангалуун гаргахыг тэд хүсдэг. Бэлтгэсэн идээ умдаа нь дор хаяж хоёр зуун хүнийг дайлахад элбэг хүрэлцэхээр байх ёстой тул эмэгтэйчүүдийн үүрэг их. Мөн эмэгтэйчүүдийн ажилч хичээнгүй байдал нь Наурызаар илэрдэг гэх тул бүсгүйчүүл ирсэн зочин бүрийнхээ өмнө нүүр улайхааргүй байхыг хичээнэ. Казак эмэгтэйчүүд охин үрээ багаас нь ажил үйлэнд дагуулж сургадаг. Үндэсний хээ угалз бүхий хувцас хэрэглэлийг 10 орчим наснаас нь мэтгэж, оёж сургадаг. Казак хувцас эдлэл хэрэглэл нь казак үндэстэнийг илэрхийлэх дахин давтагдашгүй загвартай байх ёстой гэж үздэг. Тэд хурим, гоёл, ахуйн гэсэн гурван төрлийн хувцас урлаж өмсдөг. Гэхдээ орон оронд байгаа Казак үндэстний хувцас нь уламжлалаа дагаад өөр өөр. Монголын Казакуудын хувцас ахуйн тал руугаа илүү хөгжсөн байна. Жишээ нь эрэгтэйчүүдийн шовгор оройтой, орой дээрээ шар шувууны өд хатгасан үслэг малгай, хамба хилэн юмуу хилэн хүрэм өмсдөг. Эмэгтэйчүүдийн хувцсыг голдуу цайвар өнгийн эдээр хийдэг. Нөхөрт гарсан хүүхнүүд цагаан алчуураар толгойгоо ороож, цагаан өнгийн урт хормойтой хувцас түүний гадуур богино хантааз өмсдөг. Харин нөхөрт гараагүй охидын хувцас хамгийн дэгжин нь байдаг. Хээ угалзаар чимэглэсэн, шар шувууны өд хатгасан тоорцог, бэлхүүсийг нь маш тод гаргасан даашинз өмсдөг. Хувцас урлахдаа янз бүрийн чулуу, шүр, сувд, туузаар чимэглэнэ. Аксакал буюу өвөгчүүлийн хүрэмний зах нь маш том эргүүлэгтэйгээр хийнэ. Залуучууд бол зүгээр шулуун захтай хүрэм өмсөнө. Нас нэмэгдэх тусам захыг эргүүлж, сүүлдээ тэр нь нэлээд өргөн болж ирнэ. Гутлыг “Мась” гэдэг.  Гутлын онцлог нь гэвэл баруун зүүн гэхгүй. Булигараар хийнэ. Эмэгтэй гутлыг “Кебес” гэх ба үндэсний  хээ угалзаар чимэглэж өндөрхөн өсгийтэй ч хийдэг. Энэ бүгдийг урладаг Наурызын баярын гол эзэн болсон Ром гуайг нэвтрүүлэгтэй урьлаа. Тэрээр "Бид ирсэн зочин бүрийнхээ өмнө элбэг хангалуун байхын тулд баяртаа олон хоногийн өмнөөс бэлтгэдэг. Казаа бэлтгэнэ. Көжегөө амттай болгохын тулд хичээнэ. Ер нь дэлгэж тавьсан Дастархан-аа аль болохоор дүүрэн байлгахын төлөө зүтгэнэ дээ".

    Казакууд шинэ өдрөө угтаж золгохдоо хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог. Энэ нь амь насны түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг гэсний билэгдэл юм. Казакын Наурыз баярын бас нэгэн  өвөрмөц  ёс бол “Шашу” тараах ёслол юм. Шашу тарааснаар Наурызын баяр өрх айлд ийнхүү эхлэж байгаа нь тэр.

Хээ угалз мэтгэсэн цагаан өнгийн алчуураар гоёсон Апа буюу эмээ нар  амтатнаар хишиг тараана. Шашуг хүн бүрийн гарт өгдөггүй. Таваг дүүрэн чихэр амтат нь  барьсан “Апа” нар цацал өргөх мэт олны зүг амтатнаа цацаж хишиг хүртээдэг. Ширээ тойрон суусан өвгөд хүүхэд гэлтгүй “Шашу”-ны хойноос ухасхийцгээнэ. Хэн нь илүү олон чихэр, амттан цуглуулснаараа өрсөлдөнө. Айл болгон сүү цагаан идээ, будаа мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засч, долоон төрлийн зүйлээр амталсан Наурыз-Көже бэлтгэнэ. Көже гэдэг нь чанасан махныхаа шөлөнд цагаан, шар будаа, арвай зэрэг долоон төрлийн будаагаар амталж чанасан шөл юм. Казак айлд зочилсон хэн бугай нь ч энэхүү көженээс ханатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн билэгдэл юм. Казакын ард түмэн идээ будаагаа ширээн дээр өрдөггүй. Тусгайлан бэлтгэсэн хээ угалз бүхий даавууг газраар дэлгэж дээр нь идээ будаагаа тавьдаг. Үүнийг “Дастархан” хэмээнэ. Олон төрлийн идээ будаа, амттан байх тул Дастарханыг тойрч суусан хүн бүр дуртай идээ будаанаас ичиж нэрэлхэлгүйгээр чөлөөтэй хүртэцгээнэ.

    Казакын Наурызын баярын ширээний хамгийн хүндтэй идээ шүүсний нэг бол Каз” хэмээх адууны хавиргаар давсалж борцолсон шүүс юм. Казыг хэр баргийн хүн хийж чаддаггүй. Мөн “Жент” хэмээх өвөрмөц идээний төрөл бий. Түүнийг буталж нүдсэн ээзгий, үзэм, жигнэмэг зэргийг адууны тосоор багсарч хийдэг. Баяраар айлд орсон хүн бүр эхлээд “Жент”-ээс түрүүлж амсах ёстой. Ан хийж, аянд яваа казак эрчүүд “Жент”-ийг тусгайлан бэлтгэж жижиг хүүдийнд хийж авч явдаг. Бүтэн жилийн турш идээ будаа элбэг, хур  бороо ихтэй байхыг ерөөж, шөнө нь сав суулгаа идээ будаа, булгийн тунгалаг усаар дүүргэж тавьж шинэ өглөөний илчит нарыг алгандаа тосож эхэлдэг Казах түмний Наурызын баяр ийнхүү сайхан болж байна аа.

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

Үзсэн: 1919

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна