Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын найман Богдын уламжлалт өв” үзэсгэлэн


Densmaa 2019-05-21 10:05

400 шахам жилийн "настай", Анхдугаар богдын дээл, малгай нь онцгой үнэ цэнэтэй үзмэрүүдийн нэг юм

     Энэ жил тохиож буй Богд хааны мэндэлсний 150 жил, Дэлхийн музейн өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс “Монголын найман Богдын уламжлалт өвөөс” үзэсгэлэнг дэлгэж байна. Үзэсгэлэнд Монголын найман Богдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, Манжийн  хаанаас өгсөн бэлэг сэлт зэрэг нийт 40 орчим үзмэр тавьжээ. Дүр дүрийн Богдуудаас үлдсэн эд зүйлс нь Монголын шашин соёлын өв материал төдийгүй монгол төрийн ой санамжийн чухал гэрч баримт. Тухайлбал, 400 шахам жилийн "настай", Анхдугаар богдын дээл, малгай нь онцгой үнэ цэнэтэй үзмэрүүдийн нэг юм. Шармал мөнгөн суурьтай, 45 ширхэг оюу шигтгээтэй суурь бүхий шүрэн жинстэй, цагаан зандан модны навч зүйж хийсэн цан хэлбэртэй малгай, хөлтэй хүрэн магнаг дээл энд байна. Хоёрдугаар Богдод Манжийн хаанаас бэлэглэсэн биндэрьяа эрдэнийн өнгөтэй бадар аяга болон хоёр луу зөрүүлэн цутгасан тавиур сонирхол татаж байв. Мөн I, II, III, VII Богдын дүрийг урлаж оёсон зээгт наамал бүтээлүүдийг дэлгэжээ. Урьд өмнө олон нийтэд дэлгэж үзүүлж байгаагүй үзмэр гэвэл, Богд хааны ордонд уламжлан хадгалсан шар торгон өргөмжлөлүүд болно. Эдгээр нь төвдийн “шар үсэг” хэмээх төвдийн бичмэл үсэг, монгол бичгээр хадмаллан, шар торгон дээр улаан хар бэхээр бичсэн байна. Үүнээс нэг нь Бодала ордноос бичсэн Далай ламын зарлиг, гурав нь VIII Богдоос Хамба номун хан цол, хамбын эрх ямба, барсын сүүл, жууз, жолоо, номын хүнс ба хурлын газарт тэргүүн сайдуудаас ахлах ямба, нугалбар айлтгах эрхийг олгосон тухай батламжлан бичсэн шар торгон өргөмжлөлүүд  байгаа нь  үсэг бичгийн чухал дурсгал юм гэж тус музейн тайлбарлагч онцолж байв.

Үзсэн: 1019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна