Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Марсын төлөөх Монгол тэмүүлэл”


Densmaa 2023-03-23 03:03

Mars-V бол Марс гараг дээр суурьших хүнийг Монголын говьд бэлтгэх зорилготой төсөл.

    Монголчуудын од эрхсийн талаарх мэдлэг нэн эртний уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн таван хошуу мал сүргээ хариулж, ан ав хийж, тариа будаа тариалж ирсэн Монголчуудад цаг хугацааг нарийн мэдэх, зүг чигийг баримжаалах, ургац суулгах, хураах, хонь мал төллүүлэх, өвлийн дүн орох, хавар эхлэх, хонь хяргах, эсгий хийх, ичигсэд хөдлөх, өдөр шөнө тэнцэх, өвөл зуны нар буцах, нүүдэл суудал хийх цаг хугацааг сайтар мэдэж байх явдал зайлшгүй хэрэгтэй байсан. Үүнд од, гариг, нар, сар зэрэг тэнгэрийн эрхсүүд гол туслагч болж байжээ.

      Од эрхэс, огторгуй судлалын өмнөх түүхийг хөөн хэлэлцвэл монголчууд бидэнд хэлэх зүйл бий.

       Мөнх тэнгэрээ танин мэдэх оролдлого 20 гаруй мянган жилийн эш баримттай бөгөөд Одон орны зурхайн ухаан Хүннү нараас эхтэй гэж үздэг бол дундад зууны үед монгол угсаатан Үлэг Бэхи 30 гаруй жил од, гарагийг судлаж, нар сар, оддын эргэх хөдөлгөөнийг багтаасан “Одот тэнгэрийн шинэ хүснэгт” хэмээх бүтээлээ туурвижээ. Энэ зурагт тэнгэрийн хойд туйлыг “Алтан гадас” одоор авч хойт хагасын 700 гаруй, өмнөд хагасын 600 гаруй,  нийт 1400 одыг зурж монголоор нэрлэсэн эл бүтээл нь одоо Улсын төв номын санд хадгалагдаж байдаг.

Монгол угсаатан Үлүг Бэхийн шинжлэх ухаанд байгуулсан гавьяаг Английн эрдэмтэн, зохиолч, Стивен “Байгалийн шинжлэх ухааны түүх” номондоо “энэ бол монгол хүний шинжлэх ухаанд үзүүлсэн гэрэл гялбаа” гэж хүлээн зөвшөөрч, өдгөө түүний бүтээл хүн төрөлхтөний соёл, шинжлэх ухааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. 

Өнөөдөр сансар судлал дэлхийн тэргүүлэх чиглэлийн нэг хэдийнээ болж дэлхийн улс орнууд төдийгүй компани, хувь хүмүүс ч энэ салбарт анхаарлаа хандуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголын залуус ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, өөрсийн боломж бололцоог үнэлэн дүгнэж сансар судлалын салбарт өөрсдийн хувт нэмрээ оруулж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээ Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн гүүр болохоор зориглосон Mars-V төслөөс “Марсын төлөөх Монгол тэмүүлэл” нэвтрүүлгээ бэлтгэлээ.                        

       Марс гараг дээр газардсан роботын илгээсэн зургийг хараад Монголын говьтой тун ч төстэй байсныг ажигласнаар төслийн анхны санааг гаргасан гэнэ. Дараа нь судалгааны баг говийг зорьж хөрсний дээжийг, уур амьсгалын нөхцлийг гүнзгийрүүлэн судалжээ. Марс гарагийн жилийн дундаж хэм нь -63 градусын хүйтэн байдаг бол манай говийн хувьд  -42 хэм хүртэл хүйтэрдэг. Энэ нь дэлхий дээр байгаа долоон цөл дотроос хамгийн хүйтэнд тооцогдож байгаа юм. Түүнчлэн Монголын говь агаарын нягтаршил багатай, хуурай цөлд тооцогддогийн зэрэгцээ үзэгдэх орчин нь Марс гарагийн гадаргуутай тун төстэй аж. Тиймээс Улаан нүдэн гарагт газардах сургуулилтын бааз байгуулж, сансрын судалгааны бүсийг байгуулах нь шинжлэх ухааны хувьд боломжтой юм. Иймд төслийн багийнхан Монгол улсын хөгжилд түлхэц үзүүлж чадахуйц төслийн үндэслэл, судалгаа, төлөвлөгөөг боловсруулж дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Одоо та бүхнийг Mars-V төслийн гүйцэтгэх захирал, Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяртай уулзуулъя.

     Г.Амгаланбаяр: Mars-V бол Марс гараг дээр суурьших гэж байгаа хүнийг Монголын говьд бэлтгэх зорилготой төсөл. Сансрын төсөл монголчуудаас хол юм шиг сонсогддог. Марс гээд нэрлэсэн болохоор бүр ч хол сонсогдож магадгүй. Гэхдээ Монгол улсад ямар үнэ цэн өгч чадах вэ, дэлхийд ямар үнэ цэн өгч чадах вэ гэдэг нь энэ төслийг онцгойруулж байгаа юм. Монголчууд тэрхүү үнэ цэнийг өгч чадах боломжтой байгаа нь манай төслийн гол үндэслэл болж байгаа юм. Бид амьдарч байгаа энэ цаг мөч бол хүн төрөлхтөн технологийн хувьд өндөр хөгжсөн, хүн төрөлхтнийг бүтэн тэжээх хэмжээний массын үйлдвэрлэлтэй болчихсон энэ цаг үед энэ технологийн хөгжлөө юунд чиглүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Иймд дэлхийтэй хамгийн ойрхон Марс гараг дээр хүн нутагшуулах нь хүн төрөлхтний хамтын зорилго болоод байна. Энэ зорилгод дэлхийн бүх улсууд ямар нэгэн байдлаар өрсөлдөж оролцохыг эрмэлзэж байна. Энэ оролцоон дунд бид нар технологийн хувьд хоцрогдмол, үйлдвэржилтийн хувьд сүүлдэж явж байгаа, дэд бүтэц муутай, хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй орны хувьд бидэнд ямар боломж байна вэ гэдгийг онцгойлон гаргаж ирж байгаа юм. Энэ тохиолдолд бидэнд нэгдүгээрт цаг уурын онцлог буюу Марстай төсөөтэй нөхцөл байдалтай Монголын говь бол хүн төрөлхтөнд бидний өгч чадах хамгийн том үнэ цэн байна. Хоёрдугаарт Марс бол хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, амьдрах нөхцөл маш хүнд, тогтворгүй, бид нарын амьдарч мэдэхгүй тийм газар. Тэгэхээр ийм хүнд нөхцөлд хэрхэн амьдрах вэ, дасан зохицох вэ, амьд гарах вэ гэдэгт нүүдэлчин монголчуудын байгальтайгаа дасан зохицож амьдардаг амьдралын хэв маяг нь Марс дээр очиж амьдрах хүмүүсийн амьдралын хэв маягийн судлагдахуун болгож болох юм байна гэдэг үндэслэл болж байна. Гуравдугаарт дэлхий өөрөө улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд, харилцааны хувьд маш тогтворгүй байна. Дээр нь байгаль орчны доройтол, цаг уурын өөрчлөлт зэрэг нь дэлхийг тогтворгүй байдал руу оруулж байна. Ийм тогтворгүй нөхцөл байдал нь ямарваа нэг дэлхийг хамарсан томоохон асуудлыг хүн төрөлхтөн өрсөлдөж биш, хамтдаа шийдэх гаргалгааг саанал болгож байгаа юм. Мэдээж эдийн засаг, технологи гэдэг ч юм уу өрсөлдөх юманд өрсөлдөх хэрэгтэй, өрсөлдөөнд давуу тал их бий. Гэхдээ хамтрах ёстой зүйл дээр хамтарч байх хэрэгтэй. Тэгэхээр хүн төрөлхтний хамтын мөрөөдөл бол хэл соёл гэхээсээ илүүтэйгээр бүгд хамтарч чадах дундын мөрөөдөл байх ёстой. Аль улсын иргэн, хаана төрсөн, ямар соёлтой байхаас үл хамаараад Марс дээр буух хүн бол юун түрүүнд “хүн” юм.  Хүн төрөлхтөн “хүн” дээрээ нэгдэх ёстой. Иймд бид “хүн”-ээ бэлтгэх асуудал, түүнийг бэлтгэх газар нь хаана байх вэ, ямар нөхцөлд бэлдэх вэ, ямар ур чадвар суулгах вэ, тэр газрыг олох гэдэг нь их чухал. Монгол орны хувьд хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай, зэвсэглэлээр хөөцөлддөггүй, цөмийн зэвсгээс ангид улс учир геополитикийн хувьд Марс дээр очих хүнийг бэлтгэхэд санал болгох гайхалтай цэг байх боломжтой гэж үзэж байна. Эдгээр үндэслэл нь Монгол улсыг хүн төрөлхтний Марс гарагт хүн суурьшуулах хүсэл тэмүүллийн холбоос цэг болгох боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Тийм ч учраас Марс төсөл нь хүн төрөлтхний Марс гарагийг эзэмших холбоос байя гэсэн эрхэм зорилго тавиад ажиллаж байна.

      Марс гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болж, 2035 онд дэлхийгээс Марс гараг руу хүнтэй хөлөг хөөргөхөөр төлөвлөөд байгаа энэ цаг үед Mars-V төсөл нь сансрын судалгаанд Монгол улсыг төлөөлөн оролцож байгаагаараа онцлог юм. 2019 оноос  эхэлсэн Mars-V төсөл нь дотроо үндсэн гурван хэсгийн хүрээнд Марс гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох, шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм. Нэг дэх хэсэгт Maрсын сургуулилтын академи байгуулахаар төлөвлөжээ. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Марс дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт Марсын аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулж, төслөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дэд бүтцээр хангах юм. Харин гурав дахь нь дагуул хот байгуулах төсөл. Бид Mars-V төслийн кино багийн ахлагч продюсер Д.Онондоржоос Mars-V төслийн аялал жуулчлалын ач холбогдлын талаар асууж сонирхлоо.

     

     Д.Онондорж: Хүмүүс үргэлж од гараг эрхэс рүү тэмүүлж ирсэн. Гэхдээ тэднээс шилдэг цөөн хэд нь л сансарт нисэж, тойрог замд гарч, саран дээр бууж, Марс руу явах боломжтой болдог. Гэтэл энгийн хүмүүс ч өөрийн хүсэл тэмүүллээ биелүүлэх боломжийг Mars-V төслөөс бүрдүүлэхийг зорьж байна. Mars-V төсөл нь хэдийгээр шинжлэх ухааны төсөл боловч тодорхой хэмжээний дадлыг өөрийн биеэрээ мэдрэх боломжийг энгийн хүмүүст аялал жуулчлалын хэлбэрээр санал болгож байгаа юм.  Энэ нь Монголд шинээр ярьж байгаа цоо шинэ зүйл биш. Дэлхийн олон оронд шинжлэх ухааны өөр зориулалттай хэрнээ аялал жуулчлалын хэлбэрээр хэрэгжүүлж байгаа туршлага байгаа юм. Сансар судлалын хажуугаар сансрын аялал жуулчлал хөгжиж, өнгөрсөн жил гэхэд жуулчдыг дэлхийн тойрог зам руу гаргах төслүүд хэрэгжээд явж байна. Иймд багадаа сансрын нисгэгч болохыг хүсдэг байсан хүмүүст хэсэг хугацаанд Марс дээр очоод сансрын нисгэгч болсон мэт мэдрэмжийг өгөх боломж харагдаад байгаа юм. Энэ бүгдийг Mars-V төслийн хүрээнд байгуулах шинжлэх ухааны станц дээр хэрэгжүүлэх боломжтой.  

    Дэлхий нийт сансар огторгуйг илүү сонирхож байгаагийн нэг илрэл нь сансрын холбогдолтой кино, зөгнөл зохиол олширч байгаа явдал юм. Тухайлбал Мэд Дэймоны тоглосон Martian буюу “Марсын хүн” киног нэрлэж болно. Уг кинонд Марс гараг дээр үлдсэн ганц сансрын нисгэгч, түүнд тохиолдож байгаа адал явдлыг сонирхолтойгоор гаргаж чадсан кино. Энэ киноны зураг авалтын Йорданд хийсэн байдаг. Монголын говьд ч ийм төрлийн кино зураг авалтыг хийх бүрэн боломжтой гэж продюсер Д.Онондорж онцолж байлаа. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн хүргэе.

      Д.Онондорж: Монголын хувьд тэр улаан шороо болон бусад нөхцөл байдал нь Марсынхтай бүр илүү дөхүү, цаг агаар ч төстэй байгаа нь Марсын болон шинжлэх ухааны зөгнөл киноны зурагт авалтыг хийхэд илүү төстэй байгаа юм. Миний хувьд ч Марсын тухай киног Монголдоо хийх сонирхол байсаар байна. Тухайлбал Марс нийгэмлэг (Mars Society)-ийн ерөнхийлөгч доктор Зубрин өнгөрсөн жил Монгол ирэхэд нь түүний First Landing хэмээх уран зохионы номоор нь кино хийх саналаа хэлж, анхны яриа нь хийгдээд явж байна. Уг киноны үйл явдлын бараг 90 хувь нь Марс дээр болдог. Түүнээс 50 хувь нь гадаа орчинд, үлдсэн нь дотор станцад болдог. Тэгэхээр станцыг нь Монголдоо бариад, гадаа зураг авалтыг нь ч Монголдоо хийх тийм тохиромжтой нөхцөл үүсээд байгаа юм.  

      Mars-V төслийн зүгээс олон ажлууд төлөвлөсний дотроос олон улсын хамтарсан багийг Монголын говьд ажиллуулж, Марс гарагт байгаа юм шиг орчин нөхцлийг бүрдүүлж, тэнд хэрхэн амьдарч, судалгаа хийж болох талаар сорилт зохион байгуулахаар төлөвлөсөн нь онцлог байлаа. Монгол, Америк, Канад, Япон, Европын сансрын агентлагийн оролцогчдоос бүрдсэн 6 хүнтэй багийг энэхүү сорил туршилтад оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ ажлын хүрээнд Марс дээр явагч ровер, Марс дээрх сууц, сансрын өмсгөл зэргийг Монголын говьд зохицуулан барьж бүтээх ажил ид өрнөж байгаа юм байна. Доктор Роберт Зубринаар удирдуулсан Марс нийгэмлэгийн The Mars Desert Research Station буюу дэлхий дээрх Марсын судалгааны станц  АНУ-ын Юта мужид байрладаг бөгөөд энэ төрлийн туршилт судалгааг явуулдаг. Тус станцынхан Mars-V төслийн Beta mission зохион байгуулах ажилд хамтран оролцож байгаа нь тус туршилт сорилтын ач холбогдлыг олон улсад хэрхэн үнэлж байгаагийн илэрхийлэл болов уу. Бид Mars-V төслийн Beta mission танилцуулга загварыг хариуцан ажиллаж байгаа Ө.Энхжинтэй уулзаж энэ туршилт сорилын талаар тодруулсан юм. Тэрээр Японы Нагояагийн их сургуулийг 2022 онд биологи, тархи судлалын чиглэлээр төгсөж ирээд эх орондоо ажиллаж байгаа нэгэн юм.

    Ө.Энхжин: Сансрын судалгаа гэдэг нь математик, физик, механик инженер, биологи зэрэг бүх судалгаа шинжилгээ нийлж байж нэг сансрын пуужин хөөргөдөг, нүсэр ажил байдаг тул Марс гараг дээр хүн суурьшихад биологийн талаасаа ямар шаардлага гарах вэ гэдэг нь чухал судлагдахуун болно гэж бодсон. Мөн дэлхий дахинд ийм төрлийн ажлууд хийгдэж байгаа учир Монголдоо ийм судалгаа оруулж ирвэл би ч гэсэн ажлын байртай болох боломж байна гэж хараад энэ төслийн багт нэгдэж орсон.  Миний хариуцан ажиллаж байгаа Beta mission  нь эхний ээлжинд 14 хоногийн турш олон улсын оролцогч хүмүүсээс бие физиологи, сэтгэл зүй,  шинжлэх ухааны талаас нь шалгалт, сорилтонд оруулах анхны загвар модуль бий болгож байгаа даалгавар юм. Олон орны хүмүүс жижигхэн зайнд ороод хэн ч байхгүй зэлүүд газар хоорондоо бие биетэйгээ учраа олж, 14 хоног амь гарна гэдэг нь маш том шалгуур болно гэж бид нэр үзэж байгаа. Мөн ямар нэгэн багаж төхөөрөмж нь эвдрэх ч юм уу эсвэл салхи шуурганд төөрөх тохиолдолд хүмүүсээ хэрхэн аврах вэ, хаанаас ямар заавар зааварчилгаа өгч ажиллах талаар бид нар ажиллаж байна. Нэмээд микробиологи, биологийн даалгаврууд өгнө. Хөрс нь зөвхөн элс, хүнд нөхцөлд ургамлыг хэрхэн яаж ургуулах вэ? Түүгээрээ хүмүүсийн хүнсний хэрэгцээг хэрхэн хангах вэ гэх мэтчилэн даалгаврыг бид нар зохиож байна.

      Сансарын шинжлэх ухааныг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Элон Маскын үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг баталсаар байгаа юм. Mars-V төслийнхөн ч олон улсад өөрийн төслөө танилцуулж, хамтын ажиллагаагаа хэдийгээ эхлүүлжээ. Mars-V төслийн гүйцэтгэх захирал, Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр олон улсын хамтын ажиллагааныхаа талаар ийнхүү ярьж байна.

     Г.Амгаланбаяр: Бид нар энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Марс руу явах гээд шинжлэх ухааныг хөгжүүлсэн байгаа улсуудад Монгол улсын үнэ цэнийг харуулах ёстой. Тэндэнд төслөө танилцуулж, хүлээн зөвшөөрүүлж, хамтран ажиллаж, тэдний дэмжлэг туслалцааг авах хэрэгтэй. Иймд Америкийн сансар судлалын агентлаг NASA, Японы JAXA, Энэтхэгийн ISRO, Европын сансрын агентлаг ESA зэрэг төвийн улирдлагуудад төслөө танилцуулсан. Түүнээс гадна энэ чиглэлдээ судалгаа хийж байгаа дэлхийн томоохон эрдэмтэд, докторуудад танилцуулсан. Энэ дотроос онцгойлох юм бол Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Зубрин манай төслийн зөвлөхөөр ажиллаж, бид нар бас Марс нийгэмлэгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болоод ажиллаж байна. Мөн MEPAG, IMWG Марсын чиглэлийн төслүүдийн олон улсын хамтарсан нэгдэл, холбоонуудын албан ёсны гишүүн болоод байна.  Түүнчлэн гадаад зөвлөхүүд ажиллаж байна. Япон-Арабын Эмиратын хамтарсан Марс төслийн ахлах зөвлөх доктор, профессор Акаяама сан манай төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Марс руу явахаар бэлтгэгдэж байгаа сансрын нисгэгчдийг зөвлөхөөрөө аваад, тэд нарын туршлагыг өөрсдийнхөө хөтөлбөрт хэрхэн хэрэгжүүлэх вэ гээд хамтраад ажиллаад явж байна. Өөрөөр хэлбэл бид энэ төслийг Монголын цөлд, Монголын нүүдэлчдийн дасан зохицдог байгалийн өгөгдлийг үнэ цэнтэй шинжлэх ухааны судлагдахуун болгох вэ гээд эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаад, хүлээн зөвшөөрүүлээд улирал эсвэл сар тутам хамтарсан хурлууд хийгээд явж байна.

      Алдарт одон оронч, математикч, гүн ухаантан Үлүг Бэхийн мэндэлсний 587 жилийн ойгоор буюу 1981 оны 3-р сарын 22-нд Монгол улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэнгэр эрхэсийн хязгааргүй орон зайд, одот тэнгэрийн орчлонд дүүлэн нисэж, дэлхийн сансар судлалын салбарт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, Монгол гэдэг нэрийг дэлхий дахинаа дуурсгасан. “Ард түмэн ийм их баяр хөөртэй байхыг 1911 оны Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан үйл явдлаас хойш үзээгүй” гэж ахмадууд дурсан ярьдаг. Үүний нэгэн адил Монгол улс дан ганц уул уурхай, соёл уламжлалдаа тулгуурлахын зэрэгцээ технологи, шинжлэх ухааны дэвшлийг хослуулан Марсыг эзэмших дэлхий нийтийн хүсэлд өөрийн амбицийг гаргаж ирэх цоо шинэ алсын харааг Mars-V төслийнхөн гаргаж, хэрэгжүүлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзсэн: 869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна