Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-02-2024
монгол

Шинэ мэдээ

"Каритас Монголд"


Densmaa 2023-12-05 02:12

“Каритас Монгол” байгууллагын Баянхошуунд байрлах Мэргэжлийн сургалтын төвд жил бүр 80 гаруй хүн суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй болж байна. Мөн төвийн дэргэд цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв ажилладаг.

    “Каритас Монгол” нь нас хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүйгээр эмзэг бүлгийн хүн амд туслах зорилготой дэлхий даяар 160 гаруй салбартай олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь салбар юм. Тус байгуулагын Монголд ажиллах болсон түүх нь 1999-2000 оны өвөл Монголын хөдөө нутагт нүүрлэсэн цас зудын гамшигт өртсөн малчдад туслах санаачилгаас эхлэлтэй аж. Тэр өвлийн зуданд 450 мянга гаруй малчид эрвэгдэж 3 сая орчим мал хорогдсон юм. Иймд “Каритас” олон улсын байгуулагын зүгээс 1999-2003 оны хооронд зудад нэрвэгдсэн малчдад хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүсний зэрэгцээ малчин өрхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг явуулж, сургуулийн дотуур байрыг засварлах мөн малчдад зориулсан гүний худаг гаргах, засварлах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Улмаар тус байгууллага 2010 оноос Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдөр тус байгууллага 23 үндсэн, 30 сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    “Каритас Монгол” байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, хүний эрх болон иргэдийн амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулж иржээ. Мөн 2007 оноос Голланд, Бельги, Авсрти, Их Британийн Каритасын гишүүн болон бусад байгууллагатай хамтран “Сайн дураар буцан ирэгчдийг угтан авах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь Европын Холбооноос санхүүждэг бөгөөд ажиллах, сурах, амьдрах, цагаачлах зорилгоор Европыг зорьсон боловч цаашид амьдрах боломжгүй болсон хүмүүсийг эх орондоо буцаж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм байна. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд 500 орчим Монгол иргэд эх орондоо эргэн ирж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар эрүүл мэнд, төрөл бүрийн сургалтад хамрагдах, байр орон сууц түрээслэх, бичил бизнес эрхлэхэд санхүүгийн тусламж авах боломжтой байдаг юм байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгальд ээлтэй хүнсний ногоо эрхлэгчдийг дэмжиж 3 улирлын хүлэмжийг ажиллуулах, хүүхэд залууст зориулсан байгаль орчныг хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт зэргийг тогтмол зохион байгуулдаг аж. Мөн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, аавуудыг мэдлэгжүүлж, чадавхижуулах олон ажлыг хийдэг юм. Мөн анх Монгол ирсэн, гамшигийн үед тусламж үзүүлэх үндсэн санаачилгаа үргэжлүүлсээр байдаг аж. Тухайлбал зудын болон үер усанд нэрвэгдсэн малчид, иргэдэд цаг тухай бүрт нь тусламж үзүүлж ажилладаг байна.  Харин бид өнөөдөр “Каритас Монгол” байгууллагын дэргэдэх Мэргэжлийн сургалтын төвийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

     “Каритас Монгол” байгууллагын дэргэдэх Мэргэжлийн сургалтын төв нь СХД-ийн 40 дүгээр хороонд буюу Баянхошууны гэр хороолол дунд байрладаг бөгөөд гэртээ хүүхдээ хардаг эсвэл өвчтэй хүмүүс асардаг эмзэг бүлгийн хүмүүс голдуу ирж суралцдаг гэдгээрээ онцлог юм. Мөн хажуудаа хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв байгуулсан нь гэртээ хүүхэддээ санаа зовохгүйгээр сургалтандаа суух боломжийг олгодог байна. Бид “Каритас Монгол” байгууллагын захиргааны менежер Ж.Насанжаргалтай уулзаж төвийн талаар нь асууж сонирхсон юм.                                     

Ж.Насанжаргал: Ажилгүй байгаа эмэгтэйчүүд дунд ийм төрлийн сургалт их хэрэгтэй юм байна гэдгийг бид нар олж мэдээд, маш даруухан ажлаа эхэлсэн. Ингээд одоогоос арван хэдэн жилийн өмнө сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд, бага багаар томорсоор өнөөдөр ингээд сургалтын төвийнхөө хажууд цэцэрлэгтэй, номын сантай болж өргөжөөд байна. Ер нь энэ хавьд ажилгүй гэртээ суудаг, бага насны хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаггүй, өвчтэй хүн асардаг хүмүүс их байдаг. Тэд нарт тохирсон ийм төрлийн сургалт явуулснаар гэртээ өөрөө ажлын байртай болно. Цагаан сар, Наадмаар тодорхой хэмжээний орлоготой болж байна. Мөн эдгээр хүмүүс ажил хийдэггүй учраас хамт олонгүй, ганцаардмал байдаг. Энд ирснээр хамт олонтой болж, төгсөлтөө хийж, зугаалгаар явж, бие биетэйгээ байн байн уулздаг болсноор хамт олон, найз нөхөдтэй болж байна. Одоо Фэйсбүүк дээр төгсөлтөөрөө групп үүсгэчихсэн хоорондоо нөхөрлөж байна. Энэ нь тэдгээр хүмүүсийн нийгмийн амьдралд их эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Манай байгууллага бусад байгууллагыг бодвол гадаадын байгууллагын сүлжээ гэдэг утгаараа гадны хүмүүстэй их холбоотой, зочид их ирдэг. Иймд  гадны хүмүүстэй уулзаж, нүүр хагараад янз бүрийн юм сурна гэх зэрэг боломжууд маш их байдаг даа.

      "Каритас Монгол” байгууллагын дэргэдэх Мэргэжлийн сургалтийн төв гар урлал, Монгол Европ хувцасны оёдол гэсэн чиглэлээр 21 хоногийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж, төгсөгчиддөө мэргэжлийн сургалтын сертификат олгодог. Жилдээ 80 гаруй оюутныг сургаж, амжилттай суралцсан төгсөгчиддөө оёдлын машин, материал авах, сургалтанд явуулах зэрэгт нь зориулж бичил санхүүжилт олгодог аж. Мөн жил бүр Тайваниас мэргэжлийн багш нар ирж дээд болон ахисан түвшний эсгүүрийн сургалтуудыг заадаг байна. Тус төвийг төгссөн эмэгтэйчүүдийн зарим нь хэдийнээ өөрийн гэсэн брэндээ гаргаад дотоодын болон Өвөрмонголын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож байгаа тухай сургалтын төвийн багш нар ярьж байлаа. Одоо та бүхэнд Монголд 7 дахь жилдээ ажиллаж байгаа тус сургалтын төвийн ажилтан Кенийн иргэн Анн-ыг уулзуулъя.

Анн: Би энэ төв ажиллаж, хүмүүст тусалж байгаадаа баяртай байдаг. Хотын захын гэр хороолол, хөдөөнөөс ирсэн мэргэжилгүй хүмүүс манай төв ирж, сургалтад сууж мэдлэг, чадвар эзэмшээд хувиараа хөдөлмөр эрхлэгч болж гардаг. Ингэснээр тэдгээр хүмүүс, ар гэр, үр хүүхдээ тэжээх боломжтой болж байна гэсэн үг юм. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд монголчуудтай ажилласан туршлагаасаа хэлэхэд Монгол хүмүүс их найрсаг, хамт ажиллахад урамтай байдаг учир ямар ч хүндрэл бэрхшээл гардаггүй. Миний хамт ажилладаг хүмүүс бүгдээрээ монголчууд. Тэд надад монголд хэрхэн амьдарч, хүмүүстэй хэрхэн харьцах талаар зааж зөвлөдөг учир хамтран ажиллахдаа баяртай байдаг.

    Тус мэргэжлийн сургалтын төвд зөвхөн бүсгүйчүүд эмэгтэйчүүдээс гадна эрчүүд ч ирж оёдол үйлд суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй болдог юм байна. Бид тэдний төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн иргэн Г. Баттөмөртэй уулзаж ярилцлаа. Тэрээр Шарга морьтын зуслангаас өдөр бүр 20-оод километр замыг туулж ирж энэхүү сургалтад сурч байгаа нэгэн юм байна.

Г. Баттөмөр: Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг болохоор тэмээ, хонины ноосоор юм хийж сурах гээд энэ сургалтад явж байна. Одоо ноосон тавчик, тэмээний сувинер хийж сураад байна. Сургалтаа төгсөөд Чингэлтэй дүүрэгт байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвдөө багшлах санаатай байгаа. Над шиг гэрээ суудаг группт байдаг хүмүүст сурсан зүйлээ зааж сургах хүсэлтэй байна.  

2016 оноос тус сургалтын төв хажуудаа хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллуулж эхэлжээ. Сургалтын төвд суралцаж байгаа нялх, бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ хүүхэддээ санаа зовоод сургалтаа дуусгаж чадахгүй байх тохиолдол байсан учир энэ асуудлыг шийдэхийн тулд анх цэцэрлэг байгуулах санаачилгыг гаргасан байна. Улмаар 2 том найман ханатай гэр барьж, хүүхэд харах үйлчилгээгээ эхлүүлсэн аж. Харин өнөөдөр энэ нь өргөжиж цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв болж  үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоо энэ цэцэрлэгт 3-5 насны 30-аад хүүхэд суралцаж байгаагийн дээр бага ангийн хүүхдүүд өдөр өнжүүлэх төвд явж байна. Бид өдөр өнжүүлэх төвийн багш Т.Болорцэцэгтэй уулзсан юм.

Т.Болорцэцэг: Би энэ байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Анх өдөр өнжүүлэх төвд ажиллаж байгаад 2 жилийн өмнө номын сан нээгдэж, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан. Харин одоо өдөр өнжүүлэх төвдөө 1-ээс 5 дугаар ангийн хүүхүүдэд хичээл зааж байна. Өдөр өнжүүлэх төв маань өглөө, өдөр гэсэн хоёр ээлжтэй. Одоо өглөөний ээлжинд 5 хүүхэд, өдрийн ээлжинд 9 хүүхэд, нийт 15 хүүхэд суралцаж байна. Үүнээс олон хүүхэдтэй бол хүүхдүүдийн сурлагын чанарт нөлөөлөх тул цөөн хүүхэдтэй ажилладаг. Ихэвчлэн аав, ээж нь ажилтай, өглөө гараад орой ирдэг, гэртээ харах хүнгүй хүүхдүүд ирж хичээллэдэг. Мөн хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд ирж ганцаарчилсан сургалт авдаг. Ер нь 1-5 дугаар ангийн бүх хичээлээр давтлага өгдөг. Гэхдээ ихэнхдээ үндсэн хичээл болох монгол хэл, математикийн хичээлээр түлхүү давтлага өгдөг. Мөн хүүхдийн сонирхлоос хамаарч бусад нэмэлт хичээлийн давтлагыг өгч байна.

     Тус төвийн үйл ажиллагааг Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ-наас дэмжин ажиллаж, БНПУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Польшийн хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд хүүхдийн номын сан байгуулж өгсөн байна. Номын сантай болсноор тус төвийн дэргэдэх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдүүд төдийгүй ойр орчинд амьдардаг гэр хорооллын хүүхдүүд монгол, гадаад төрөл бүрийн ном уншиж чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжтой болжээ. Улмаар БНПУ-ын ЭСЯ-аас тус төвийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж 2023 оны 11 дүгээр сард англи хэлний сургалтын танхимыг нээж өглөө. Сургалтын танхимыг нээх үеэр бид БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кшыштоф Бойкотой уулзаж “Каритас Монгол” байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар нь тодруулсан юм.

Элчин Сайд Кшыштоф Бойко: Бид “Каритас Монгол” байгууллагатай 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ төвд хэрэгжүүлсэн төсөл маань маш чухал байсны нотолгоо нь өнгөрөгч 4 дүгээр сард БНПУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Польшийн тэргүүн хатагтай Корнхаузер Дуда энэ төвөөр зочилж, Польшийн тусламжаар хэрэгжүүлсэн төсөлтэй танилцсан явдал гэж бодож байна. Энэ сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн, суралцаж байгаа эмэгтэйчүүд олон зүйлийг сурч, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байгаад нь баяртай байдаг. Цаашид ч бид энэ төвийнхөнтэй хамтран ажиллаж, ирэх 2024 онд дахин нэг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.   

   Олон нийтэд чиглэсэн тус төвийн үйл ажиллагааг БНПУ-ын ЭСЯ цаашид ч дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажилд ирэх жилүүдэд хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа тухай Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх англи хэлний сургалтын танхимыг нээх үеэр онцолж байлаа. Англи хэлний танхим тохижуулан нээснээр дунд, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан англи хэлний анхан, дунд шатны сургалтыг явуулах юм. Ингэснээр Баянхошууны хүүхэд залуус гэрээсээ холгүй, англи хэлний сургалтад сууж, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Үзсэн: 712

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна