Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Авто замын салбарынхан хөгжлийн гарц, шийдлээ хэлэлцлээ


Densmaa 2023-12-11 01:12

“Авто замын хөгжлийн чиг хандлага - 2023” эрдэм шинжилгээний хурлаар салбарын өнөөгийн байдал, асуудал, шийдлээ хэлэлцэж шинэ технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцлаа.

       Сүүлийн жилүүдэд Монгол Улсад авто тээвэр, авто замын салбар эрчимтэй хөгжиж байна. Авто замыг шинээр барих үүнтэй холбогдуулан, авто тээврийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого тодорхой үр дүнд хүрсээр байна. Үүний дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр Ази, Европын хооронд олон улсын транзит тээврийг явуулах, олон улсын чанартай авто замыг хөгжүүлэх, авто замын сүлжээг байгуулах зорилгоор олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь үр дүнгээ үзүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал Ази, Номхон далайн эдийн засгийн комисс, Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан зэргийг дурдаж болох юм. Уг төсөл хөтөлбөрт хамрагдсанаар гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжлэг үзүүлэх, гишүүн орнууд хоорондын тээвэр, хил, гаалийн асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.

       Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн төв, 100 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдож улсын чанартай авто замын сүлжээний 50 хувь нь хатуу хучилттай болсон. Эдгээр замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, авто замын үндсэн хөрөнгийг арчлан хамгаалах замаар түүний эдийн засгийн үр өгөөжийг хадгалах, засвар арчлалтын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, ирээдүйн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Иймд авто  замын салбарын хөгжлийн шатыг ахиулах, гарц шийдэл эрэлхийлэх зорилготой “Авто замын хөгжлийн чиг хандлага - 2023” эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо боллоо. ЗТХЯ, “Зам тээврийн хөгжлийн төв”, “Монголын авто замчдын холбоо”, ШУТИС, “Монголын авто замчин залуучуудын холбоо” хамтран зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хурлаар авто замын салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, гадаадын төлөөлөгчид,  авто замын компанийн төлөөлөл цуглаж авто замын салбарын өнөөгийн бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шинэ технологи, шийдлийн талаар хэлэлцлээ. Бид ЗТХЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаагаас авто замын салбарын бодлого, хэрэгжилтийн талаар асууж, тодруулаа.

Ч.Сугармаа: Алсын хараа - 2050 урт хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрт 16000 гаруй км хатуу хучилттай зам барихаар төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд мөн 4000 км хатуу хучилттай зам барина гэж тусгагдсан байгаа. Эдгээр замыг барихын тулд авто замын салбарт “Таван тойрог” хэмээх төслийг төр засгийн хувьд хэрэгжүүлэх бодлого гаргаад ажиллаж байна. Энэ төслийг урьдчилсан байдлаар 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Уг төслийн хүрээнд 9000 гаруй км зам баригдах юм. Таван босоо, хоёр хэвтээ чиглэлд, боомтыг боомттой холбосон гэсэн үг. Үүнээс 6000 гаруй км нь баригдаад байна. Үлдсэн 3000 гаруй нь баригдах төлөвлөгөөндөө явж байна. Үүний хүрээнд улсын төсөв, гадаадын тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж энэ замуудаа барихаар төлөвлөж байна. Уг эрдэм шинжилгээний хурал нь жил бүр авто замын салбарт хийгдэж хэвшсэн хурал юм. Эндээс залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих бодлоготой. Энэ жилээс түрүүлсэн судалгааны ажлуудыг бид нар дэмжиж үйлдвэрлэлт нэвтрүүлэх арга замыг хайж  эрэлхийлэх бодлого барьж ажиллаж байна.

      Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга архитектурын сургууль нь газрын гадарга, геологи, гидрологийн онцлог болон уур амьсгалын өөрчлөлтөнд оновчтой тохирсон, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, найдвартай нөхцөлийг хангасан автозам, гудамж замын байгууламжийг төсөллөх, бүтээн байгуулах, шинэчлэн өргөтгөх төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг авто замын инженер, мэргэжилтэн бэлтгэдэг Монголдоо хамгийн том сургалт судалгааны байгууллага юм. Тус сургууль инновацийг хөгжүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх, туршилт судалгааг тогтмол хийдэг. ШУТИС-ийн Барилга архитекторын сургуулийн авто замын профессор, техникийн ухааны доктор  Р.Болормаа авто замын салбарт шинээр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа технологийн тухай ийнхүү ярьж байна.

Р.Болормаа: Авто замын салбарт нано технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Манай Монгол Улсын авто замын салбарт уг технологийг хөгжүүлэхийн тулд бид нарт нэн түрүүнд лабораторийн тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Маш өндөр түвшний микроскопууд хэрэгтэй. Наногийн ямар бүтцэд ямар холболт бий болж байна, ямар нэгдлүүд бий болж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд лабораторийн түвшинд турших хэрэгтэй. Эрс тэс уур амьсгалтай гэдэгтэй холбоотойгоор наногийн бүтэц бүрэлдэхүүн нь бид нарын хөлддөг, гэсдэг, хуурай, халуун, байдаг энэ нөхцөлд аль бүтэц нь эвдэрдэг, аль нь тогтвортой байдаг вэ гэдгийн лабораторийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тодорхойлоод түүнийгээ нэвтрүүлэх гэх мэт үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байгаа юм. Цэвдгийн талаар бас асуусан. Авто замынхан цэвдэгтэй газар хэрхэн зам барих вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа. Харин манайд цэвдгийн бүсчлэл нь хаана байгаа вэ гэдгийг тодорхойлдоггүй. Энэ тухай би хурал дээр дурдсан, цэвдгийн бүсчлэлийг нарийн тодорхойлж өгөх, аль замын бүсэд байгаа цэвдгүүд нь замын байгууламжид нөлөөлдөггүй вэ, нөлөөлдөг бүс нь хаана хаана байгаа вэ? гэдгийг судалгаагаар тодруулж өгөх шаардлагатай байгаа юм. Түүнээс технологийн хувьд бид нар маш сайн мэддэг. Авто замын салбарын ахмад инженерүүд, замын салбарын сургалтын суурь нь Орос улсын технологиуд дээр суурилсан байдаг. Орос улс нь өөрөө цэвдэгтэй бүс нутаг ихтэй учир технологи, стандарт зэрэг зүйлс нь сайн хөгжсөн байдаг. Тэр бүгдийг бид Монгол улсдаа хэдийнээ нэвтрүүлчихсэн.

“Авто замын хөгжлийн чиг хандлага - 2023” эрдэм шинжилгээний хуралд гадаадын эрдэмтэн судлаачид ч мөн оролцож, хамтын ажиллагаа болон судалгаа шинжилгээнийхээ талаар илтгэл хэлэлцүүлж байлаа. Бид тус хуралд оролцож байгаа БНСУ-ын Барилга байгууламжийн технологийн хүрээлэн(KICT)-гийн доктор Ким Ёнжу (Ph.D Kim Yongjoo)-тай уулзсан юм.

Ким Ёнжу: Би анх 2013 онд Монголд ирсэн. Түүнээс хойш Монголын авто замын салбар түүн дундаа Зам тээврийн хөгжлийн төвтэй эрдэм шинжилгээ, технологийн чиглэлээр тасралтгүй хамтран ажиллаж байна. Монголд төдийгүй дэлхий нийтээрээ авто замын салбарт асфальт бетон хатуу хучилтыг хэрэглэдэг. асфальт бетон хучилт маань тодорхой хугацааны дараа засвар арчлалт шаарддаг. Сүүлийн үед засвар арчлалтын “slurry seal” (слари сийл) технологийн олон улсад өргөн ашиглаж байна. Энэ технологийг Монголд 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Монголд энэ технологийг хэрэгжүүлэхэд хэр зохистой байна, юуг сайжруулж, өөрчлөх шаардлагатай байгаа талаар Солонгосын Барилга байгууламжийн технологийн хүрээлэнгийн судалгааны баг Монголын талтай хамтарсан судалгаа хийгээд одоо энэ хурал дээр судалгааныхаа хаалтын үр дүнг танилцуулж байна. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учир энгийн буюу дулаан оронд хэрэглэдэг технологиуд тохиромжгүй байдаг. Тиймээс аливаа технологийг хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан судалгаа хийгээд ямар сайжруулалт хийх хэрэгтэй байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тиймээс Монголын Зам тээврийн хөгжлийн төвтэй хамтран хийсэн бидний судалгааны ач холбогдол ч мөн үүнд оршиж байгаа юм. Энэ жилийн хувьд лабораторийн болон талбайн туршилтуудыг амжилттай хийж гүйцэтгээд стандартад нэмж оруулах шаардлагатай зөвлөмжүүдийг гаргалаа. Ирэх жил төслийн хамтын ажиллагаа маань үргэлжлэнэ. Энэ нэмж хэлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ODA төслийн хүрээнд Монгол Улсын ЗТХЯ, "Зам тээврийн хөгжлийн төв"-тэй хамтран “Авто замын хучилтын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ.  Энэ төслийн хүрээнд Монголд хийсэн судалгаа шинжилгээнийхээ үр дүнд тулгуурлан дээр дурдсан “Слари Сийл” технологийг Монголын нөхцөлд хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллах юм.  

      Авто зам Монгол орны тээвэр логистикийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед авто замын инженерчлэлийн асуудал нэн чухал. Үүний дотор авто замын барилгад ашиглах материалыг зөв сонгож, тодорхойлох нь замын даац, ашиглалт, эдэлгээ зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Авто замын барилгад ашиглаж байгаа материалын дотроос хамгийн үнэтэй нь замын битум болон полимерээр сайжруулсан битум юм. Манай улсын хувьд битумыг гадаад улсаас өндөр үнээр худалдан авч, тээвэрлэн авч ирдэг тул зам барилгын талбайд хямд зардлаар тээвэрлэж хүргэх нь чухал байдаг аж. Савалсан битум нь тээвэрлэх, хадгалах, халаах зэрэг ажиллагааг хялбар, үр дүнтэй болгодог тул сүүлийн 10 жилд эрчимтэй ашиглаж байгаа юм байна. Монгол Улсад нийлүүлж байгаа нийт битумын 50 хүртэл хувийг савласан битум эзэлдэг. “Авто замын хөгжлийн чиг хандлага - 2023” эрдэм шинжилгээний хуралд Савласан битум холбогчийг савлах болон хөргөх явцад бодисын шинж чанарт ямар өөрчлөлт гарч байгаа талаар ОХУ-ын судлаач, доктор Р.Г.Житов илтгэл хэлэлцүүлсэн юм. Одоо түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Р.Г.Житов: Би 10-аад жил монголчуудтай хамтран ажиллаж байна. Монгол, Орос хоёр орон цаг агаарын хувьд төстэй уур амьсгалтай тул замын технологи нь төстэй байдаг. Гэхдээ Монголын өвөл, зуны улирал Оросынхтой харьцуулвал илүү хуурай байдаг учир зам барихад арай хялбар гэж хэлж болно. Судалгааны хувьд битум холбогч нь чанараа алдахгүй савалгааг дааж, өөрийн шинж чанараа удаан хугацаанд хадгалдаг болохыг туршилтаар нотолсон. 

       Монгол Улсын хэмжээнд олон улс болон улсын чанартай мөн тусгай зориулалтын 15 мянган километр замд өнөөгийн үнэлгээгээр 8,5 их наяд төгрөгийн үл хөдлөх үндсэн хөрөнгө байна гэсэн судалгаа байдаг. Харин өнөөгийн арчлалт, хамгаалалт, засварын хөрөнгө оруулалттай холбоотойгоор энэ хөрөнгийн үнэ цэн жил бүр буурч байгаа юм. Мөн авто зам муу байвал хүний амь нас, эд хөрөнгө хохирох аюултай. Иймд замын засвар, арчлалтын ажилд олон улсад нэвтэрсэн шинэ технологи ашиглаж, цаг тухай бүрт нь засаж, сайжруулах нь чухал гэдгийг эрдэм шинжилгээний хурлыг үеэр онцолж байлаа. Бид замын засвар арчлалтын чиглэлд сургалт, туршилт судалгаа хийж хэрэгжүүлж байгаа “Гео грид хийц” компанийн захирал Ц. Ариунболортой уулзаж ярилцсан юм.

Ц.Ариунболор: Манай “Геогрид хийц” компани нь БНСУ-аас авто замын засвар арчлалтын материал болох геотор, асфальтбетоны нэмэлт, эмульс, хүйтэн асфальт зэргийг нийлүүлдэг бол “GSL international consulting” компани маань Солонгос улсын KICT хүрээлэнтэй хамтран Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудад мэргэжлийн сургалт мөн судалгаа шинжилгээний ажлуудыг сүүлийн 10 гаруй жилийн турш тасралтгүй хийсээр ирсэн.

Асуулт: Монгол орон маань өөрөө эрс тэс уур амьсгалтай, цаг уурын хүнд нөхцөлд зам барих технологи нь өөр байдаг байх. Орчин үеийн ямар технологи, шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай вэ? Танай компанийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа тухай танилцуулна уу?

Ц.Ариунболор: Асфальт бетон хучилт нь тодорхой хугацааны насжилттай байдаг. Таны хэлсэнчлэн эрс тэс уур амьсгалтай энэ нөхцөлд асфальтбетон хучилтын чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Тиймээс Монгол орны цаг уур, авто замын нөхцөлд тохирсон материалын судалгаа хөгжүүлэлтийг тасралтгүй хийх хэрэгтэй. Манай компанийн хувьд Солонгосын судалгааны байгууллагуудтай хамтран аливаа шинэ технологийг нэвтрүүлэхдээ эхлээд лабораторийн болон талбайн нөхцөлд туршиж үзээд, жил болгон мониторинг хэмжилт хийж тухайн технологийг Монгол улсын цаг уур, авто замын нөхцөлд тохиромжтой гэж дүгнэсэн тохиолдолд судалгааны ажлаар дамжуулан техникийн шаардлага, стандарт, гарын авлага гаргах тал дээр ажилладаг. Одоогийн байдлаар шилэн мяндасаар хүчитгэсэн халуун асфальтбетон хольцыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт, судалгаа болон асфальтбетон хучилтын геотор материалын техникийн шаардлага боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Асуулт: Нарны гэрлээр ажилладаг замын тэмдэг тэмдэглэгээнүүд их сонирхолтой санагдлаа, үүний онцлог, давуу тал юу вэ?

Ц.Ариунболор: Уг тэмдэг нь Солонгос улсын авто замын гэрэл цацруулагчтай тэмдэг юм. Улсын чанартай авто замд төдийгүй нийслэлд замын тэмдэг шөнийн цагт харагддаггүйн улмаас аваар осол, хүний амь эрсдэх зэрэг ноцтой асуудлууд гардаг. Энэ тал дээр анхаарлаа хандуулаад эрчим хүч тог цахилгаангүй газар өдөртөө нарны зайгаар цэнэглэгдээд шөнөдөө тод гэрэлтдэг, цацруулагч тэмдгийг нэвтрүүлэхээр энэ оноос эхлэн ажиллаж байна. Манай оронтой харьцуулахад дулаан уур амьсгалтай газрын энэ технологи манай орны -40 хэмд хэр зэрэг үр дүнтэй ажиллах зэргийг лабораторийн нөхцөлд туршиж үзээд энэ оны 12 дугаар сарын сүүлээр Дарханы замын уулзвар хэсэг дээр 2 тэмдэг байрлуулна. Мөн он гараад туршилт судалгаагаа үргэлжлүүлж, нийслэлийн сургууль орчмын бүсэд туршилт хэлбэрээр оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

     Авто замын салбарын залуу судлаачдын инноваци, шинэ технологийн талаарх судалгаанууд эрдэм шинжилгээний хуралд оролцлогчдын анхаарлыг татаж байлаа. Салбарын залуу судлаачдаа хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар уг хурлыг зохион байгуулагч “Монголын авто замчин залуучуудын холбоо”-ны тэргүүн Н.Нямсүрэнгээс тодрууллаа.

Н.Нямсүрэн: Бид залуучууддаа зориулсан үйл ажиллагаа голчлон явуулдаг. Түүний нэг жишээ бол энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал юм. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байгаа хүмүүсийн ихэнх нь залуу судлаачид байгаа юм. Эдгээр залуусынхаа хийсэн бүтээл, амжилтыг практикт хэрхэн нэвтрүүлэх вэ, бусдад яаж таниулах вэ, зэрэг дэвээ ахиулахад нь хэрхэн үнэлэх вэ, хийсэн хүмүүсийг яаж үнэлэх вэ, хийгээгүйгээсээ ямар ялгаатай байх вэ гэдгийг гаргах үүднээс энэ эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Авто замын салбарт хамгийн түрүүнд норм, стандарт тавих ёстой. Одоо ямар асуудал байна вэ, үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэх мэт норм, стандартыг шинэчлэх асуудлыг залуучууд маань дэвшүүлээд хийгээд, манлайлаад явж байна. Хоёрдугаарт залуучууд маань хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, шинэ технологи, инновацийг санаачилж гаргаж ирэх үүрэг хүлээж байдаг. Иймд шинэ технологи, инновацийг салбартаа таниулж, нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

       Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжөөд 94 жил хэдийнээ болсон боловч өргөн уудам газар нутагтай манай орны хувьд авто замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ цаг үед Монголын авто замчид хөгжлийн шийдлээ хэлэлцсэн “Авто замын хөгжлийн чиг хандлага - 2023” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Үзсэн: 573

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна