Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хог хаягдлын хор уршиг ба шийдэл


Densmaa 2023-12-15 10:12

Дэлхийн улс орнууд шатаах байгууламжаас татгалзаж, "тэг" хаягдлын зарчимд шилжиж байна.

     Дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн хог хаягдал бий болж буй. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг аж. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрлэсэн нийт хуванцрын 36 орчим хувийг хүнсний зориулалттай бүтээгдэхүүний сав, баглаа, боодол эзэлдэг бөгөөд үүний ихэнх нь хог хаягдал болон хувирдаг байна. Харин Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3,3 сая тонн хог хаягдал цуглардаг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манай улс нийт хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж байна. Гялгар уут, болон хуванцар нь байгальд шингэхдээ 100-гаас дээш жил болдог гэж үздэг. Энэ хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж, хөрсний бүтэц, үржил шимийг алдагдуулж, ус, агаарыг бохирдуулж экосистемийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг. Энэ мэтчилэн бидний замбараагүй, бодлогогүй хэрэглээ хүний эрүүл мэнд, байгаль орчинд муугаар нөлөөлж эргээд хүн төрөлхтний хувь заяанд занал хийлж байгааг Хоггүй Монгол ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Булган хэлж байна.

Б.Булган: Хог хаягдал ил задгай хаягдахаараа хөрсөнд давхар хучилт үүсгээд цөлжилтийг бий болгодог. Микро хуванцар нь усны бүтцэд өөрчлөлт оруулдаг гэх мэтчилэн байгаль орчин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Томоор ярих юм бол дэлхийн дулаарал өөрсдийнхөө амьдрал дээр харах юм бол агаарын бохирдол элдэв өвчний эх үүсвэрийг бий болгож байна. Хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал дээр стандарттай байх ёстой. Хүн ямар нөхцөлд ажиллах вэ? яаж хамгаалах вэ гэдэг стандарт байх ёстой. Яг бодит байдал дээр дахин боловсруулах үйлдвэрүүд дээр очиход ихэнх үйлдвэрүүдийн хувьд хөгжлийн маш бага шатандаа явж байгаа. Тэнд хүмүүс маск ч зүүгээгүй хайлж байгаа юман дотор ажиллаж байна. Харахад бол маш хүнд санагдаж байсан. Нэг талаар бид хогыг бууруулаад байгаа юм шиг нөгөө талаараа хүмүүс эрүүл мэндийг дахиад хордуулаад агаараараа бас бохирдуулаад байгаа юм байна гэж харсан.

     Дэлхийн улс орнууд өөрсдөдөө нүүрлэж буй хог хаягдлын хямралыг шийдвэрлэх гарц шийдлийг олох шаардлагатай тулгарч, дийлэнх нь шатаах аргыг сонгосон. Энэ аргыг сонгох болсон шалтгаан нь “Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх байгууламж” хэмээн нэрлэж зах зээлд нийлүүлж буйтай холбоотой. Хог хаягдлыг шатаах аргыг дэмжигчид нь энэ арга бол асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой технологийн шийдэл бөгөөд орчны бохирдолгүй үйл ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчний борлуулалтаас их ашиг олох, шинэ ажлын байр бий болгох боломжтой хэмээн танилцуулдаг. Гэвч бодит байдал дээр энэ нөхцөлөөс тэс өөр байх нь элбэг байна. Тодруулбал, Скандинавын орнуудаас эхлээд Франц, Нидерланд, Литва, Испани, Португал зэрэг Европын орнуудад Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх арга амжилтгүй хэрэгжсэн олон тохиолдлууд байгаа юм. Эдгээр орнуудад хог хаягдлын хямралыг шийдвэрлэхэд шатаах аргыг ашиглах нь үр ашиггүй, зохисгүй гэдэг нь батлагдсан төдийгүй үр бүтээмж муутай мөн шийдвэрлэх боломжгүй олон шинэ асуудлуудыг дагуулах болгожээ. Одоо үргэлжлүүлэн Эко сум ТББ-ын тэргүүн  Г.Нарантуяагийн яриаг хүргэе.

Г.Нарантуяа: Хог хаягдал зохицуулах салбар ч гэсэн өөрөө байгаль орчинд асар их хортой. Их хэмжээний ус ашиглана. Их хэмжээний эрчим хүч ашиглана. Эргээд аюултай хог хаягдал болж байгальдаа хаягддаг. Хуванцар нь анх түүхий эдийг олборлохоос өгсүүлээд л бүх шатандаа бохирдол үүсгэдэг. Жишээлбэл хуванцрын олборлолтын үйлдвэрүүд гээд төсөөлье л дөө тэд дандаа газрын тос байгалийн хийг ашиглаж байгаа учраас тэр цооногоос их хэмжээний бохирдол гарна. Дулааны арга ашиглаж боловсруулдаг учраас их хэмжээний химийн нэгдэл ялгарна. Ерөнхийдөө бол хуванцрын үйлдвэрлэлийн салбарт 10 мянга гаруй химийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэгддэг. Материалын эдийн засгийг бүхэлд нь авч үзэх юм бол 100 мянга гаруй химийн нэгдэл ашиглагддаг гэж үздэг. Хуванцрын үйлдвэрийн хажууд амьдардаг хүмүүс л гэхэд хорт хавдраар өвчлөх эрсдэл нь асар өндөр. Хогийн цэгийн ойролцоо амьдардаг хүн л гэхэд 15-аас 20 жилээр бага насалдаг байх жишээтэй. Иймэрхүү бодитой жишээнүүд бол асар олон бий.  

     1874 онд Англид анхны шатаах байгууламж баригдсанаас хойш дэлхий даяар олон мянган Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх байгууламж баригджээ. Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх нь дэлхийн бусад бүс нутгаас илүүтэй Европт амжилттай хөгжиж буй салбар гэж тодорхойлогддог. Гэвч тус бүс нутагт хог хаягдлын шатаах байгууламжийн үйл ажиллагаа бүтэлгүйтсэн жишээ хэд хэд бий. Тухайлбал Харлинген хотод байрлах REC (Reststoffen Energie Centrale) нь Нидерландад одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй 13 хог шатаах байгууламжийн нэг бөгөөд нэгэн цагт орчин үеийн гэж нэрлэгдэж байсан. Гэвч урт хугацааны туршилтуудаар тус шатаах байгууламж нь диоксин ялгаруулдаг болохыг илрүүлж, фуран болон тэсвэртэй органик бохирдуулагчийн хэмжээ нь Европын Холбооны хуулиар тогтоосон хэмжээг хэд дахин давсныг тогтоожээ. Улмаар 2018 оны 11 дүгээр сард REC-ийн шатаах байгууламжийн диоксин ялгаруулалт байгаль орчинд зөвшөөрөгдөх тогтоосон хэмжээнээс хэт их, мөн ялгаруулалтын хэмжээг дутуу үнэлдгийг судалгаагаар дэлгэжээ. 2019 оны 5 дугаар сард Нидерландын төрийн захиргааны дээд шүүх болох Нидерландын төрийн зөвлөлөөс REC-ийн хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн удирдлагууд хорт хийн ялгаруулалтыг хэмжих заалтуудыг буруу ашиглаж байсныг тогтоож мэдэгдэл хийсэн юм. Энэ мэтчилэн хог хаягдал шатаах байгууламж нь хүний эрүүл мэнд байгаль, орчинд асар хор хөнөөлтэй гэдгийг дэлхий дахинаа ойлгож энэ аргаас татгалзаж эхлээд байна.

      Дэлхийн улс орнууд хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх нь асуудал шийдэхээсээ илүү бүр ч олон эрсдэлийг дагуулж байгааг ойлгож эхэлжээ. Иймээс хог хаягдал шатаах технологиос татгалзаж "тэг хаягдал"ын зарчимд шилжиж байна. Энгийнээр тодорхойлбол, Тэг Хаягдал гэдэг нь нөөцийг үр дүнтэй зохицуулж ашиглах зарчим юм. Энэ зарчим нь анхнаасаа хог хаягдал үүсгэхгүйн тулд тухайн эд зүйлсийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь авч үзэхийг шаарддаг байна. Дэлхийн Тэг Хаягдлын хөдөлгөөн нь олон улсад түгээмэл ашиглагддаг 3R зарчмыг илүү нарийвчлан хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх менежмент, бодлого, үйл ажиллагаанд баримтлах 7 түвшний шаталсан зарчмыг өргөнөөр нэвтрүүлсэн байдаг. Тэг хаягдлын бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь болдог өөр хоорондоо харилцан уялдаа бүхий онцлог хэд хэдэн шинж бий. Үүнд: үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх; хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан төрөлжүүлж цуглуулах; үйлдвэрлэгчдэд хариуцлага хүлээлгэх; иргэд, оршин суугчдын бодит оролцоог нэн түрүүнд хангах; нөөцийн зохицуулалтын төвлөрлийг бууруулах; гэсэн зүйлүүд багтдаг байна. Тэг хаягдлын зарчмыг амжилттай хэрэгжүүлж түүнээс эдийн засгийн болоод эко системийн хувьд эерэг үр дүн хүртэж буй улс орон олон байгаа тухай Эко сум ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа ийнхүү ярилаа.

Г.Нарантуяа: Тэг хаягдлын шийдлийг л олон улсад хамгийн зөв хараа гэж үзэж байна.  Хог хаягдал гээд л ярихаар хүмүүс тийм юм байхгүй энэ бол мөрөөдөл огт хог хаягдалгүй байна гэж хэзээ ч байхгүй гэдэг. Энэ нэг талаар үнэн, хог хаягдалгүй амьдарна гэж байхгүй. Гэхдээ тэг хаягдалтай болохын төлөө зорих буюу нөөцийг хог хаягдал болгохгүй байх ийм л зорилгын төлөө явна гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд бид нар нөөцөө аваад хэрэглэсээр байгаад хог болгоод хаяж байгаа шугаман эдийн засагтай амьдарч байна. Хэрэв тойрог эдийн засагт шилжих юм бол нөөцөө эргүүлээд эргэлтэд оруулдаг. Түүхий эдийн олборлолтыг таслан зогсоох ийм л тогтолцоонд шилжих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэг хаягдал буюу хог хаягдал гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, олборлочихсон байгаа нөөцийг яаж үр ашигтай ашиглах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй. Жишээ нь нөөцийг бүтээгдэхүүн болгохдоо анхнаасаа зөв загварчилах хэрэгтэй. Ямар материал ашиглах вэ гэдгээс өгсүүлээд л хамгийн ухаалгаар сэтгэж ажиллах ёстой гэсэн үг. Тэг хаягдлын зарчимд шилжсэн олон улс орон байна. Европ, Ази тивийн улсуудыг нэрлэж болно. Ялангуяа Азийн орнууд үүнийг оройж яваа гэдгийг бас онцлох хэрэгтэй. Европын орнуудад тэг хаягдал Европ гээд бүр холбоо байна. Франц Испани. Итали гээд олон орон үүнд нэгдсэн. Азийн орнуудаас Хятад улс бас цаг уурын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтдаа хүрэхийн тулд нэлээн хичээж тэг хаягдал хятад гэсэн хөдөлгөөн эхлүүлсэн. Нэлээн амжилттай ажиллаж байна. Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур. Малайз Япон гээд олон улс бий. Япон гэхэд бүр дэлхий дахинд танигдсан нэг жишээ байгаа. Энэ бол Камикацу хотын шишээ. Камикацу хот нь шатаах зуухтай байж байгаад иргэд нь эрүүл мэндийн хор хөнөөлтэй байна байгаль орчинд бас хортой байна гээд эсэргүүцээд байгуулаад 3 жил болсон шатаах зуураа хаалгасан. Тэгээд энэ тэг хаягдлын системийг хэрэгжүүлээд хог хаягдлынхаа хэмжээг маш ихээр багасгаж чадсан. Хог хаягдалд зарцуулдаг зардлаа 75%-аар бууруулсан. Хог хаягдлаа 45 төрлөөр ангилдаг төвтэй болсон. Энэ тосгоны оршин суугч болгон тэр төв дээрээ очоод ангиллуудынхаа дагуу хог хаягдлаа хийгээд явдаг. Мөн хажуудаа цахилгаан барааны засварын төвтэй. Ингэснээр дахин ашиглалтыг маш сайн дэмждэг үлгэр жишээ хот болсон.  

      "Тэг хаягдал"-ын зарчмыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл бол иргэдийн оролцоо. Иргэд хог хаягдлаа сайтар ангилж чадвал зайлшгүй шаардлагатай дээрх өөрчлөлтүүдийг авчрахад ихээхэн түлхэц үзүүлнэ. Хог хаягдлаа сайтар ангилах нь одоогийн дахин боловсруулагчид дахивруудаа цэвэрхэн, үр дүнтэй ангилахад тус болоод зогсохгүй өрхийн хэрэглээнээс ямар төрлийн дахин боловсруулагдахгүй эцсийн хог гарч байна вэ гэдгийг тодорхой мэдэх боломжийг бүрдүүлдэг. Дахин боловсруулагдахгүй хог хаягдлыг шууд хогийн цэгт эсвэл шатаах үйлдвэрт хүргэх бус нэг бүрчлэн ангилж ямар үйлдвэрлэгчийн ямар бүтээгдэхүүний сав баглаа боодол ямар хэмжээтэй байгааг нарийвчлан тогтоож мэдээлэл цуглуулан тэдгээр бохирдуулагчдад хандсан шаардлага хүргүүлэх ажил зохион байгуулах нь зүйтэй. Энэ бүхэнд иргэдийн идэвх оролцоо асар чухал гэдийг Ээлтэй үйлдэл ТББ-ын үүсгэн байгууллагч Ц.Амударьяа хэлж байна.

Ц.Амударьяа: Бид нарын зөвлөж байгаа хамгийн эхний зүйл бол эх үүсвэр дээрээ нь ангилаад сурахыг л зөвлөж байгаа. Энэ бол хамгийн чухал бөгөөд хамгийн энгийн тэгсэн мөртөө хамгийн үр дүнтэй шийдэл. Би хог хаягдлын талаар ярьж эхлээд суралцаж эхлээд 5 жил болж байна. Анхнаасаа л хогоо ангилж эхэлсэн. Энэ нь миний амьдралыг маш ихээр өөрчилсөн. Би өмнө нь өдөрт нэг бондгор хог гаргадаг байсан бол одоо 7 хоногт нэг удаа л хар ууттай хог гаргаж хаядаг болсон. Хүүхдүүдтэй хүн учраас хуванцраас бүрэн ангижирна гэж байхгүй. Гэхдээ аль болох өөрийнхөө чадлын хэрээр өдрийн хоолоо бэлдэж явах усны савтайгаа явдаг болсон. Эдгээр нь маш их зүйлийг өөрчилдөг. Хүүхдүүд маань ч гэсэн надаас үлгэрлээд анги дээрээ уусан ундааны саваа гэртээ авч ирдэг. Тэгэхээр бид өдөр бүр бага багаар алхам алхамаар, далал болговол нийгэмд байгальдаа яаж нөлөөлж болдгыг харах боломжтой.

    Тэг Хаягдлын зарчим нь ажлын байр олноор бий болгож, эдийн засгийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тойрог эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар хэрэгжүүлэх суурийг тавьдаг хамгийн сайн арга гэж улс орнууд үзэж байна. Иймээс дэлхийн олон орон энэ зарчмыг сонгож амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

    Монгол Улсын хувьд ч гэсэн хог хаягдлын асуудал улам бүр даамжирч, тулгамдсан асуудлын нэг болсон. Гэвч асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй гарц шийдлийг хараахан олоогүй л байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хог хаягдлын чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагуудын цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Түүний нэг жишээ бол Европын Холбооны дэмжлэгтэйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хэрэгжиж буй хог хаягдал зохицуулах зохистой тогтолцоог бий болгох зорилго бүхий төсөл юм. Одоо үргэлжлүүлэн Эко сум ТББ-ын тэргүүн Г.Нарантуяагийн яриаг хамтдаа сонсъё.

Г.Нарантуяа: Манай ТББ бол орон нутгийн хөгжлийг иргэдийн оролцоотойгоор яаж сайжруулах вэ? Орон нутагтаа тулгарч байгаа асуудлыг иргэд өөрсдөө санаачилга гаргаад өөрсдийнхөө хүчээр даван туулдаг байгаасай гэсэн хүсэл зорилготой байгууллага. Тэгээд энэ зорилгынхоо хүрээнд манайх гурван төсөл хэрэгжүүлж байна. Европын Холбооны санхүүжилттэй хог хаягдлын дахин боловсруулалт тогтвортой байдлыг хангах гэдэг төсөл, Люксембургийн байгаль цаг уур тогтвортой хөгжлийн яамны санхүүжилттэй эко барилга болон газар тариалангийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Европын холбооны санхүүжилттэй энэ төслийнхөө хүрээнд хог хаягдал дахин боловсруулах зохицуулах төв байгуулсан. Энэ төвдөө бүх давхиваруудаа авдаг. Иргэд маань өөрсдөө ангилсан давхируудаа авчирч өгдөг. Энэ төвд хамгийн чухал машин бол пресслэгч болон шил бутлагч машин байгаа. Бид нарын хувьд загвар төсөл гэдэг утгаараа Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж байна. Яавал болохоор байна яавал болохгүй байна гэдгийг туршиж үзэх ёстой байсан учраас хуванцараараа  хавтан хийж байна. Сум болгонд заавал байх шаардлагатай машин бол пресслэгч машин байгаа. Ерөнхийдөө анх ямар ч ангилалгүй байсныг бодвол иргэд авчирч өгдөг болсон.  Ялангуяа хөдөөгийн малчин иргэд маань давхируудаа авчирч өгдөг.

     Экосум ТББ-аас 2019, 2020 онуудад хийгдсэн хог хаягдлын судалгаанаас үзэхэд Хишиг-Өндөр сумын хог хаягдлын дийлэнх хувийг зуухны үнс, шил, хүнсний бүтээгдэхүүн, хуванцар болон хүүхдийн живх эзэлдэг байна. Эдгээр 5 ангиллын хог хаягдал нь жингийн хувьд нийт ахуйн хог хаягдлын бараг 90%-ийг  эзэлдэг ч төдий хэмжээний Тетра Пак болон металл лааз үүсдэг болох нь илэрчээ. Мөн тус судалгаагаар орон нутгийн албан газар, дэлгүүрүүдийн хог хаягдал үндсэндээ өрхийнхтэй ижил төрлүүдтэй бөгөөд нийтдээ сумын хэмжээнд жилд 200 тонн орчим хог хаягдал бий болдог гэсэн тооцоолол гарчээ. Европын Холбооны дэмжлэгтэйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус төсөл хэрэгжсэнээр дахин боловсруулалт болон дахин ашиглалтын хэмжээ нэмэгдсэн эерэг үр дүн гарсан байна. ЭКО сум төрийн бус байгууллага цаашдаа энэ чиглэлийн төслийг өөр олон суманд хэрэгжүүлж Монгол улсаа хог хаягдлын зөв тогтолцоотой болгохын төлөө ажиллаж байна.

 

Үзсэн: 1309