“МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД” тусгай үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд дэлгэлээ
...
Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн нас эцэслэсний 700 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагашнин хамтран “Марко Поло”-ийн амьдралын түүхийг өгүүлсэн “МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтийн хүртээл болголоо.
Агуу аялагч Марко Поло нь Хубилай хааны дэргэд 1272-1289 онуудад тасралтгүй 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийнхүү элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 01 сарын 15 хүртэл хугацаанд дэлгэгдэнэ. Ташрамд сонирхуулахад Италийн Венец хотынхны хамгийн хайртай түүхэн баатруудын нэг, агуу худалдаачин, аялагч Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали улсын Венец хотын Гүнгийн ордонд 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 29 -ны өдрийг хүртэл “Марко пологийн ертөнц” тусгай үзэсгэлэнг нээсэн. Тус үзэсгэлэнд түүний амьдрал адал явдал, аялал, уран бүтээл, нээлтүүдийн тухай эд өлгийн зүйлс багтсан байна.
Үзсэн: 15398
Tweet