Монголын ихрүүдийн баярын жагсаал төв талбайд боллоо
Энэ удаагийн ихрүүдийн жагсаалд Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг найман аймгаас 1000 гаруй ихэр оролцлоо
Монголын ихрүүдийн холбооны 35 жилийн ойд зориулсан баярын жагсаал төв талбайд боллоо. Манай улсад ихрүүдийн баярыг 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Хос уянга” нэрээр анх тэмдэглэн, анхны уулзалтад 57 ихэр оролцож байв. Энэ удаагийн ихрүүдийн жагсаалд Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг найман аймгаас 1000 гаруй ихэр оролцлоо. Дундговь аймгаас гэхэд монголын анхны 3 ихэр, хоёр сая дахь иргэн болсон хоёр ихэр, тэдний ихэр хүүхдүүд ирсэн байв. Ихрүүдийн баярын жагсаалд 2006 оноос хойш оролцож буй, Монголын анхны 3 ихэр Д.Цэрмаа, Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа нар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 8 дугаар сарын 1-нд мэндэлсэн. Тухайн цаг үед БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбал дарга ихэд баярлан, эмнэлгээс машинаараа гэрт нь хүргэж өгч байсан түүхтэй ажээ.
Үзсэн: 1551
Tweet