“Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган боллоо
Дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган боллоо. Монгол дархан, урлаачдын дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигт бүтээлүүд нь он цагийн туршид төгөлдөршин хөгжиж, төрт ёсны сүр хүч, түүх, соёлын өв уламжлалаар улам баяжин өргөжиж ирснийг археологийн олдвор, түүхийн эх сурвалжууд тод харуулдаг юм. Чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэхдээ “Манай эртний бүтээлүүдийн ур хийц, агуулга, зохиомж, шийдэл нь өнөө цагт ч гэсэн хүн төрөлхтний өв соёлын гайхамшигт бүтээл болон үнэлэгдэж байна. Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй” гэв. Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм. Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна. Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.
Үзсэн: 3614
Tweet