“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн ээлжит зочноор хатагтай Коринн Пэреира Да Силва оролцлоо
Энэ удаагийн зочин элчин сайд Коринн Пэреира Да Силва “Франц, Монгол хоёр улсын хоорондын харилцааны нэгэн жаран” илтгэл тавьсан юм
Монгол Улсын ШУА-иас зохион байгуулж буй “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн ээлжит зочноор Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэреира Да Силва оролцлоо. Энэ удаагийн зочин элчин сайд Коринн Пэреира Да Силва “Франц, Монгол хоёр улсын хоорондын харилцааны нэгэн жаран” илтгэл тавьсан юм. Энэ тухай ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, "Монгол, Франц улс шинжлэх ухаан, боловсролын салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн Францын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагатай 1994 оноос хамтарсан төсөл, хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байна” гэсэн юм. Түүнчлэн Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээ, идэвхтэй хагарлын судалгааг нийслэл, орон нутгуудад давтамжтай хийж, Монгол орны геодинамикийг судалсан. ШУА-ийн Археологийн хүрээлэнд төвлөрөн Монгол-Францын археологичид Монгол орны баруун, төвийн бүсэд “Эгийн гол”, “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлж, эртний чулуун зэвсгийн үе, Хүннүгийн түүхийн судалгааг баяжуулсан чухал нээлтүүд хийсэн байна. Монгол, Франц улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, батлан хамгаалах, байгаль хамгааллын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орона майнинг” компанитай байгуулсан ураны төсөл бөгөөд хоёр улс цаашид тогтвортой хөгжлийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм.
Үзсэн: 5168
Tweet