Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-06-2025
монгол

Шинэ мэдээ

Турк үндэсний хоолны соёлыг таниулах арга хэмжээ боллоо


Densmaa 2025-05-22 01:05

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайд яам Турк үндэстний хоолны соёлыг таниулан сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.

    2022 оноос хойш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон тэргүүн хатагтайн ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын гурав дахь долоо хоногийг “Турк үндэсний хоолны долоо хоног” болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү долоо хоногийн хүрээнд Туркийн олон зууны уламжлалт хоолны өв соёл, бүс нутаг бүрийн онцлог амт чанарыг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм.

      БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл хоолны өдөрлөгийн үеэр хэлсэн үгэндээ "Энэ жилийн арга хэмжээ нь Турк айл өрхийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үндэсний хоолны онцлог, эрүүл мэндэд ээлтэй хэрэглээг илүү тодотгож байна. Турк хоолны соёл нь үе дамжин өвлөгдөж ирсэн уламжлал, тэнцвэртэй шим тэжээл, байгальд ээлтэй хэрэглээг хослуулсан гэдгээрээ дэлхийн гастрономийн чиг хандлагад нийцэж байгаа юм. “Эрүүл хооллолт ба хаягдалгүй гал тогоо” хэмээх зарчмыг гол чиглэлээ болгосон Турк үндэсний хоолны нууц нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн дээр суурилдаг. Үүнд үр тариа, мах, загас, шинэ жимс, хүнсний ногоо, мөн исгэсэн уламжлалт бүтээгдэхүүнүүдийг оновчтойгоор хослуулсан эрүүл жорууд багтдаг" гэдгийг онцоллоо.

       Турк хоолны онцлог шинж нь хамтдаа хооллох, халуун дотно уур амьсгалыг эрхэмлэдэгт оршино. Өглөөний хоолонд олон төрлийн бяслаг, чидун жимс, талх, зөгийн бал багтдаг бол оройн зоогонд кебаб, шөл, мезе хэмээх төрөл бүрийн амтлагч, зууш зэргийг өргөнөөр хэрэглэнэ. Мөн тараг, даршилсан ногоо, цуу зэрэг исгэсэн бүтээгдэхүүн нь Турк гал тогооны чухал бүрэлдэхүүн болдог.

Көфте (бөөрөнхий мах), манты (турк банш), долма (ногоо, навчинд ороосон амталсан мах, будаа), баклава (самар, сироптой амтат боов) зэрэг алдартай хоолнууд нь бүс нутгийн онцлог, түүхийн ул мөрийг тээж байдаг. Харин айран, шалгам зэрэг уламжлалт ундаа, турк цай нь энэхүү хоолны соёлд шингэсэн зочломтгой, нээлттэй сэтгэлгээг илэрхийлдэг аж.

 

Турк үндэсний хоолны соёлыг таниулах арга хэмжээ нь Туркийн хоолны өв соёлыг олон нийтэд танин мэдүүлэх, үндэстэн дамнасан соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг юм.

Үзсэн: 2230

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна