“Цэнхэр дуулгатнуудаа алдаршуулъя”
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 5 дугаар сарын 29-ний өдрийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласан
Найман зууны тэртээ Их эзэн Чингис хааны туган дор дэлхий ертөнц нэгдэж, их амар амгалан, энх тайван амьдралыг цогцлоон 100 гаруй жил үргэлжилсэн байдаг. Харин өнөө цагт дэлхийн улс гүрнүүд НҮБ-ын цэнхэр туган дор дахин нэгдэж энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тэмцсээр байна. 20-р зуунд хүн төрөлхтнийг цочроосон хоёр том дайн дэгдэж, олон хүнд үхэл хагацлын зовлон амсуулсан гашуун түүх бий. Энэ түүхийг дахин давтахгүй байх үүднээс 1945 онд дэлхийн хамтын нийгэмлэг болох НҮБ-ыг байгуулсан. Улмаар 1948 онд Араб, Изралийн хоорондох сөргөлдөөнийг намжааж, гал зогсоох зорилготой анхны энхийг сахиулах ажиллагааг явуулсан түүхтэй.
Монгол улс НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ гурван удаа илгээж, Ерөнхий Ассамблейгаар таван удаа хэлэлцүүлсэн ч, дэлхийн их гүрнүүдийн үзэл сурталын зөрчил, улс төрийн хямралын нөлөөгөөр гишүүнчлэлтэй болох асуудал хүндрэлтэй байлаа. Ийнхүү хүнд бэрх замыг туулж 1961 онд НҮБ-ын албан ёсны гишүүн улс болсон нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд баталгаажуулах томоохон үйл явдал болсон юм. Улмаар бусад улс орнуудын аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгааг судлах явцдаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлах, нөгөө талаасаа улс оронд аюул, занал учирсан тохиолдолд цэнхэр дуулгатнуудаар аюулгүй байдлаа хамгаалуулах боломж байгааг тухайн үеийн зэвсэгт хүчний удирлагууд соргогоор анзаарч энэ талаар асуудал дэвшүүлж эхэлжээ.
Манай улсын хувьд ажиллагаанд оролцох алба хаагчдын бэлтгэл сургуулилтыг 1990-ээд оноос эхлүүлсэн. Улмаар 2002 онд дэд хурандаа Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж нарыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээр дэлхийн энх тайвныг сахиулах их үйлсэд оролцож эхэлсэн түүхтэй. Ийнхүү сүр жавхлантайгаар эхэлсэн даян дэлхийн энхийн манаанд зогсох үйл хэргийн буухиаг Монгол улсын олон зуун цэнхэр дуулгатан нэр төртэйгөөр үргэлжлүүлж байна. Монгол улсын зэвсэгт хүчин өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Сьерра Леон, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Бүгд найрамдах өмнөд Судан улсуудад болсон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Мөн түүнчлэн штабын болон цэргийн ажиглагч офицерууд Конго, Баруун Сахар, Судан, Өмнөд Судан, Абэ муж, Афганистан, Йемен, Этиоп, Гүрж, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэсэн байна. Одоо үргэлжлүүлэн ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржавын яриаг хүргэе.
Хурандаа Д.Мягмаржав: Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш одоо үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Та бид 2-ын ярилцаж байгаа яг энэ мөчид Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 890 гаруй цэргийн албан хаагч НҮБ-ын нийт 8 энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, дээр нь нэмээд цэргийн хүчний командлал болон бүсийн командлалуудад штабын офицерууд мөн цэргийн ажиглагч офицерууд үүрэг гүйцэтгэж байна. За мөн Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 4 офицер штабын офицерын үүрэг гүйцэтгэж байна. Ливан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн эмнэлгийн бүлэг томилогдон, эмч сувилагч нар маань үүрэг гүйцэтгэж байна. Баруун Сахарт 4 энхийг сахиулагч цэргийн ажиглагчаар ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Судан болон Өмнөд Судан улсад, маргаантай бүс нутаг Абэ гээд мужид явагдаж байгаа НҮБ-ын ажиллагаанд манай 4 офицер мөн штабын офицер ажиглагчийн үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн одоогоор цагийн байдал хамгийн хүнд байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд нэг цэргийн ажиглагч үүрэг гүйцэтгэхээр саяхан ээлж солигдоод дараагийн офицер явахад бэлэн болоод бэлтгэлээ хангаад байж байна. За Кипр дэх энхийг сахиулах ажиллагаанд хошууч генерал Б.Эрдэнэбат Цэргийн хүчний командлагчийн ажлын албанд үүрэг гүйцэтгэж байна. Ингээд нийтдээ 4 цэргийн албан хаагч маань үүргээ гүйцэтгэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэсэн арга туршлага, олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслээд бид нар алба хаагчдаа нэлээн өндөр түвшинд бэлтгэж байгаа гэж үздэг. Үүний маань баталгаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад ялангуяа цэргийн салбарын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний удирдах албан тушаалуудад манай офицеруудыг сонгон шалгаруулалтад оролцуулж тэднийг сонгож ажиллуулж байгаа явдал юм. Энэ нь бас бид нарын олж авсан мэдлэг мэдээлэл, туршлага хэр үр дүнтэй байгаагийн илэрхийлэл юм. Түрүүн дурдсан, хошууч генерал Б.Эрдэнэбат цэргийн хүчний командлагч буюу тэнд байгаа бүх цэргийн хүчнүүдийг удирдаад үүрэг гүйцэтгэж байна. Энхийн ажиллагааны газар буюу НҮБ-ын төв штабт хурандаа Нямжаргал одоо сургалтын бүлгийн даргыг ажлыг хийж байна. Нэг ёсондоо НҮБ-ын явуулдаг сургалтын бодлогыг барьж, цэрэг цагдаагийн чиглэлээр явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бодлогыг тодорхойлоход тэр хүн бодитойгоор хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Үүнээс гадна одоо Өмнөд Судан буюу Төв Африкийн Бүгд Найрамдах Улсуудад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд штабын офицерууд маань Цэргийн хүчний командлалын хэлтсийн даргаар ажиллаж байна. Өмнөд Суданд Холбооны хэлтсийн даргаар хурандаа А.Хоролсүрэн, Эмнэлгийн хэлтсийн даргаар хурандаа Т.Сүхбаатар үүрэг гүйцэтгэж байна. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хурандаа Нэргүй, БНӨСУ-д, Нэгдсэн ажиллагааны хэлтсийн даргаар дэд хурандаа Мөнгөн Абэ мужид үүрэг гүйцэтгэж байна гэх мэтчилэнээр манай бүрэлдэхүүн маань удирдах түвшинд бас ажиллаж өөрийнхөө мэдлэг, ур чадвар, хуримтлуулсан мэдлэгээ бас бусадтай хуваалцаж, ажил нь үр дүнтэй сайн байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Цаашлаад ч бид нар бас удирдах түвшинд ажиллах орон тоонууд дээр саналууд ирсээр байна.

НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхийн энх тайвны төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг бол, алба хаагч хүний хамгийн бахархалтай зүйл байдаг. Тэр ч утгаараа алба хаагчдаас тэсвэр тэвчээр ур чадвар ихээхэн шаарддаг байна. Тодруулбал, үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь аль нэг анги салбарт ажилладаг байх. Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд 80-аас дээш оноо авч, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, нэгдсэн штабт ажиллах, англи хэлээр бичиг баримт боловсруулах болон ярих чадвартай байх гэсэн шаардлагад нийцэх ёстой. Энэ бүх шалгуурыг биелүүлсэн, салбартаа манлайлагч, ур чадвартай алба хаагчаа энхийг сахиулах ажиллагаанд илгээснээр эрсдэл бага гарч, тэр хэмжээгээрээ тухайн улсын нэр хүнд өсөж, НҮБ-ын эхийн үйлсэд оролцох оролцоо нэмэгдэнэ гэсэн үг юм. Иймээс Монгол Улсаа төлөөлөн энхийг сахиулах ажиллагаанд явах гэж буй сонгогдсон алба хаагчдыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 45-60 хоногийн сургалтад хамруулдаг байна. Уг сургалтаар дайн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг цагийн байдлыг зохиомлоор бий болгоод түүнд дасан зохицох, ард иргэдийг хамгаалах гэсэн бэлтгэл сургуулилтыг хийлгэдэг. Ингэж бэлтгэгддэг учраас манай улсын бүх алба хаагчид томилогдон очсон газартаа үүргээ нэр төртэйгөөр биелүүлж чаддаг гэдгийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржав хэллээ.
Хурандаа Д.Мягмаржав: Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид маань энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш алба хаагчдын маань ур чадвар улам өсөн нэмэгдэж ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавх, тэдний мэдлэг мэдээлэл боловсролын түвшин өмнөх ажиллагаанд явах үетэй харьцуулахад харьцангүй өөр түвшинд очоод байна. Хэдий тийм боловч бид албан хаагчдаа улам хөгжүүлэх ёстой. Бид дэлхийн хүнд цаг агаар, цагийн байдал, байлдааны нөхцөл байдалтай хэдийд ч тулж болох эрсдэл өндөр нөхцөлд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулна. Тэр бүрэлдэхүүнээ бас тухайн цагийн байдалд нь сургаж бэлтгэх ёстой. Шилдэг нь биш юм аа гэхээр шилмэлүүд нь заавал тэнд үүрэг гүйцэтгэж байх ёстой, тийм нөхцлийг цаанаасаа шаарддаг. Энэ утгаараа бид бие бүрэлдэхүүнээ төрөл бүрийн арга хэлбэрээр сургаж байна. Мэдээж цэргийн хүний өдөр тутмын үйл ажиллагаа бол бэлэн байдлаа хангах, байлдааны бэлэн байдал, зэвсэг техниктэйгээ харьцах энэ сургалт маань явагддаг. Түүний зэрэгцээ энхийг сахиулах ажиллагааны тодорхой тактик ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтуудыг анги, байгууллага дээрээ явуулдаг. Мөн олон улсын болон 2 талын хамтарсан сургалт дадлагуудыг энхийг сахиулах ажиллагааныхаа сургалтын хүрээнд явуулдаг. Бие бүрэлдэхүүнээ чадавхжуулах зорилтын хүрээнд бялдрын, мэдлэг боловсролын, гадаад хэлний гэх мэт олон шалгуур үзүүлэлтүүд тавигддаг. Энэ бүх чиглэлээр нь батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цэргийн хамтын ажиллагааныхаа хүрээнд төрөл бүрийн сургалт дамжаануудад бие бүрэлдэхүүнээ хамруулж байна. Хамтарсан сургалт дадлагуудыг өөрийн орондоо болон гадаад улс орнуудад зохион байгуулж байна. Тухайлбал монголчуудын хамгийн сайн мэдэх “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг энэ жил бид 21 дэх удаагаа зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ сургууль маань энхийг сахиулагчдыгаа сургаж бэлтгэх, ялангуяа дадлагажуулах, туршлага солилцох томоохон арга хэмжээ юм. Энд оролцсон цэргийн албан хаагчдаа бид ажиллагааны газар оронд илгээдэг учир чухал нөлөөтэй гэж үздэг.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад энэ тавдугаар сард ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болсон. Тус уулзалтад дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар оролцсон юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энэ уулзалтад оролцож энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын өнөөгийн оролцоог танилцуулахын зэрэгцээ цаашид баримтлах бодлого, ирээдүйн амлалтын талаар хэлэлцүүлжээ. Амлалтаар манай улс эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог 15 хувьд хүргэнэ. Мөн цэргийн эмнэлгийн салбар, түргэн байрлах хүчний рот, энхийг сахиулах ажиллагааны сургалтын хөдөлгөөнт багийг бэлтгэж ажиллагаанд оролцуулахаар болжээ. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд Зэвсэгт хүчний анги салбарын бие бүрэлдэхүүн бодлого төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагчид тухайн орон нутгийн иргэд, хохирогчидтой ярилцаж тэдэнд сэтгэл зүйн туслалцаа үзүүлдгээрээ онцлог давуу талтай. Мөн хүүхдүүдийг цэрэгт хүчээр элсүүлэхээс урьдчилан сэргийлэх, цэрэг дайчдыг нийгэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй энхийг сахиулагч 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын “MINURSO” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй. Тэр үеэс хойш олон зуун эмэгтэй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэсээр иржээ. Тэдгээр эмэгтэй энхийг сахиулагчдын 90 гаруй хувь нь цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бол үлдсэн хувь нь цэргийн ажиглагч, холбогч офицер, штабын офицероор бие даан үүрэг гүйцэтгэсэн байна.
Монгол бүсгүйчүүдийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох зам мөрийг засаж Африк тивд анхны эмэгтэй цэргийн ажиглагчаар хурандаа Н.Нямжаргал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэрээр өдгөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм. Түүний эхлүүлсэн энэхүү зам мөрийг бэлтгэл дэд хурандаа Г.Тунгаамаа, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Д.Ариунжаргал зэрэг олон шилдэг бүсгүйчүүд тодруулсаар өнөөг хүрчээ. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэд хурандаа Тамир юм. Түүний хувьд хоёр дахь энхийг дэмжих ажиллагаандаа үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн байна.
Дэд хурандаа Тамир: 2024-2025 онд Өмнөд Судан Улсад хүнсний штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн. Эмэгтэй цэргийн албан хаагчдын хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг бол шалгуур өндөртэй. Маш хичээл зүтгэл шаардсан, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний нэрийг өндөрт өргөсөн хариуцлагатай ажил үүрэг юм. Бусад орны энхийг сахиулагчидтай үүрэг гүйцэтгэхэд Монгол эмэгтэй цэргийн алба хаагчид хариуцлага өндөртэй цагийн юмыг цагт нь хийдэг уян хатан, бусадтай маш эвтэй найртай харьцдаг олон давуу талтай юм шиг санагдсан. Зэвсэгт хүчинд эмэгтэй, эрэгтэй цэргийн албан хаагчид ялгаагүй л адилхан мөр зэрэгцээд үүрэг гүйцэтгэж байна. Тэр ч утгаараа сурсан мэдсэн юм ижил түвшинд байдаг. Тийм учраас өөрсдийгөө дайчилж одоо энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд би эмэгтэй хүн гээд бусдаас дутаад байх юм байхгүй байна. Ямар ч байсан өөрсдийгөө дайчлаад илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдсан. Өмнөд Судан улсын хувьд маш ядуу буурай орон. Ард иргэдийн амьдрал нь хүнд. Хотын төвөөр явж байхад хүүхдүүдийг хараад эх хүний хувьд өөрийнхөө үр хүүхэдтэй харьцуулаад өрөвдөх, сэтгэл шимшрэх асуудлууд зөндөө гардаг. Эмэгтэй энхийг сахиулагчид ажиллагааны мандатад заагдсан үүргийн дагуу энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, шинэчлэгдсэн ихэнх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын засгийн газарт дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн хяналт судалгаа явуулах гэсэн үндсэн чиг үүргийг хариуцан хэрэгжүүлж ажилладаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байх үед олон орны туршлагаас хуримтлуулж дадлага чадвар эзэмшдэг. Мөн өөрийн орны туршлагыг тухайн газар оронд хэрэгжүүлдэг. Монгол цэргийн албан хаагчид цэргүүдийг НҮБ болон одоо ажиллагааны газар оронд бүгд “Монгол цэргүүд ёстой үнэхээр чадварлаг” гэж магтдаг. Миний үүрэг гүйцэтгэж байсан газар гэхэд Монголын цэргийн батальон 850 хүнтэй цэргийн батальон үүрэг гүйцэтгэж байсан. Манай батальоны ур чадварыг, хамгаалалтыг гүйцэх улс орнуудын батальон ер нь байхгүй гэж хүмүүс одоо ч ам дамжин ярьдаг. Командлагч ч гэсэн хурал зөвлөгөөн дээр Монголын бие бүрэлдэхүүнийг магтаж жишээ болгож ярьдаг. Ийм учраас Монголынхоо цэргийн албан хаагчдаар маш их бахархдаг.

Харин Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн командлалын харьяа 345 дугаар нэгтгэлийн ажиллагааны ахлах офицер, хошууч Х.Ууганбаатарын хувьд НҮБ-ын долоон энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Хамгийн сүүлд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо иржээ.
Хошууч Х.Ууганбаатар: Миний бие 2007 онд Батлан хамгаалах сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр элсэн ороод түүнээс хойш одоо 18 дахь жилдээ Зэвсэгт хүчинд алба хааж байна. Анхны энхийг сахиулах ажиллагаа маань 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Чад Улсад явагдсан Минорка энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. Маш халуун байсан. Африкийн оронд нэгдүгээр сард Монголд яг ид идэр есийн хүйтэн байсан үеэр нисэж очиход бүгчим цаг агаартай, 40-өөс дээш градусын халуунтай элсэн цөлд бууж байсан. Тэгээд л ер нь их хүнд санагдаж байсан. Тухайн үедээ тэр бүхнийг мэдэхгүй л очиж байсан. Ямар газар очих вэ гэдэг тухай мэдээлэл авсан ч яг газар дээр нь яваад очиход бол шал өөр л мэдрэмж авч байсан. Дараа 2012 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан. 2014 онд Өмнөд Суданд цэргийн багт, 2016 онд дахиад Афганистанд, 2018-аас 2019 онд дахиад Өмнөд Судандаа штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд эргээд Афганистан гээд өнгөрсөн жил 2023-аас 2024 онд Өмнөд Судан улсад явагдсан ажиллагааны 13 дугаар ээлжинд ажиллагааны ахлах офицерын үүрэг гүйцэтгэсэн. Ажиллагааны ахлах офицер гэдэг бол НҮБ-ын цэргүүдтэй хамтарч ажиллаж, цэргийн багтайгаа холбож, бүх үйл ажиллагааг нь хэрэгжүүлж удирдан чиглүүлдэг, маш хариуцлагатай албан тушаал юм. Тэр хэрээрээ маш олон туршлага судалж, НҮБ-ын ажиллагаа ер нь яаж явагддаг, манайх ер нь ямар оролцоо чиглэлээр ажиллаж, хүмүүсээ чиглүүлж явах хэрэгтэй вэ гэдгийг үүрэг, зорилгоо болгон ажиллаж байна. Албан тушаал ахиад, дэвшээд явахын хэрээрээ туршлага сууж байна. Хүний удирдлагад заасныг нь хийгээд л үүргээ биелүүлээд л явах, хүмүүсээ чиглүүлээд явах хоёр асар их ялгаатай. Улам үүрэг хариуцлага нэмэгддэг л дээ. Өмнөд Суданд сүүлийн үүрэг гүйцэтгэсэн байдлаар бол ер нь гадагшаагаа эргүүл цуваанд их үүрэг гүйцэтгэсэн. Цувааны хамгаалалт, энгийн иргэдтэй харилцах, иргэн цэргийн харилцааг зохион байгуулах гээд маш олон ажлуудыг хийдэг. Миний хувь хүний бодол бол тухайн улсын иргэн ард иргэдэд энхийг сахиулагчид тэдэнд туслахаар ирж байгаа шүү гэдэг эерэг сайхан хандлагыг төрүүлэх харилцаа үүсгэж, тэр хүмүүсийн сэтгэл санааг эергээр хүлээж авахад анхаарч ажиллах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Мэдээж хэрэг хүн болгон өөр. Манай ар гэрийн хувьд явахаар тушаал нь гарсан юм бол яваад ир дээ. Одоо залуу байгаа дээрээ л явчихсан нь дээр. Татгалзаад байх зүйл байхгүй ээ. Хайр нь ар талыг нь даана аа гэдэг. Би 3 хүүхэдтэй. 7 удаа энхийг сахиулах ажиллагаанд томилогдон явсан. Хүүхдүүдээ бага байхад нь, төрснийх нь дараа яваад л нэг настай болчихсон байхад нь ирдэг. Гэсэн ч манай гэр бүлийн зүгээс бол яваад ир л гэдэг юм. Ар гэр амьдралаа сайжруулаад, туршлага хуримтлуулаад яваад ир ээ гээд дандаа дэмждэг дээ.

Энхийг дэмжих ажиллагаа бол дайн, зэвсэгт мөргөлдөөн болсон аюулгүй байдлын хувьд нэн эрсдэлтэй газар оронд болж буй цэрэг улс, төрийн үйл ажиллагаа юм. Харин энхийг сахиулагч тэрхүү зэвсэгт мөргөлдөөнийг намжааж, гал зогсоох, дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд туслах үйл хэргийг биелүүлдэг. Нөгөөтэйгүүр эх орныхоо нэр төр, цэргийн алдар хүндийг өндөрт өргөж дэлхий дахинд эх орноо төлөөлж байдаг энхийн илч нар билээ. Иймд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 5 дугаар сарын 29-ний өдрийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласан байдаг. Үүний дагуу 2012 оноос эхлэн Монгол Улсын зэвсэгт хүчин энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Хурандаа Д.Мягмаржав: Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа ялангуяа нийтийн энхийг сахиулагчдаа 2002 онд анх одоо энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан ахмад энхийг сахиулагчид болон тэд нарыг үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж байсан тухайн үеийн Зэвсэгт хүчин батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүндээ, одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны далбаан дор дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа эрхэм энхийг сахиулагчдадаа 5 дугаар сарын 29 буюу НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажил үйлс нь улам өөдрөг бүтэмжтэй байж дэлхий нийтэд энх тайван аюулгүй байдал бүрэлдэн тогтохын ерөөл өргөе өө.
Аливаа улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь олон улсын хамтын нийгэмлэг болон энхийг эрхэмлэгч улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг олон улсын жишигт хүргэх гээд олон талын ач холбогдолтой. Энэ жишгээр Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүх өргөжиж байна. Тодруулбал, манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш дэлхийн 50 гаруй улстай дипломат харилцаа нэмж тогтоожээ. Мөн түүнчлэн ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Турк, Франц, Канад зэрэг улс орнуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлсээр байна.
Үзсэн: 3539
Tweet