Дэлхийн өглөөний цайны өдрөөр Турк өглөөний цайг танилцууллаа
"Дэлхийн өглөөний цайны өдөр"-ийг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас "Турк өглөөний цай" арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хадагтай Башак Гэнч Юксэл тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Турк өглөөний цай нь Турк үндэсний хоолны соёлын чухал хэсэг бөгөөд Туркийн ард түмний амьдралын хэв маяг, уламжлалт үнэт зүйлсийн тусгал юм. Уламжлалт Турк өглөөний цайны ширээнд төрөл бүрийн бяслаг, чидун жимс, шинэ ногоо, гэрийн жимсний чанамал, зөгийн бал, өрөм, цөцгийн тос, шинэхэн талх, гурилан бүтээгдэхүүн, өндөг зэрэг нэмэгдэж өглөөний зоогийг бүрэн төгс болгодог. Эдгээр амт орц нь Туркийн бүс нутаг бүрт өөр өөрийн онцлогоор баяжиж, уламжилалт өглөөний цайг дахин давтагдашгүй өвөрмөц болгодог. Өглөөний цайны салшгүй нэг хэсэг нь сайн хандалсан халуун цай юм. Тэнцвэртэй, эрүүл орцтой энэхүү зоог нь завхан идэх уух бус гэр бүл, ойр дотныхонтойгоо цагийг хамт өнгөрөөх халуун дулаан уур амьсгалыг бий болгодог онцлогтой" гэсэн юм.

Бид "Турк өглөөний цай"-ны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэгдлээс сонирхсон юм.
Туркт төгсөгч Б. Эрдэнэчимэг: Туркийн Эчин сайдын яамнаас Туркт төгсөгчдөө урихад бид маш баяртайгаа хүлээж авч ирлээ. Бид бүхэн 5 жил сурч төгссөн учир Турк орон бидний бараг хоёр дахь эх орон гэж хэлж болно. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг болохоор тэндэхийн хүсүүс ямар л хоол унд идэж, хэрэглэдэг, тэр бүх ёс заншлыг дагаж амьдарч ирсэн. Элчин дээр ирэхдээ баяртай байдгийн бас нэг шалтгаан нь тэнд хамт сурч байсан найз нөхөдтэйгээ уулзахын зэрэгцээ оюутан ахуйдаа идэж байсан идээ ундааг Турк тогоочийн бэлтгэснээр зооглох боломжийг бидэнд олгож байна. Дөнгөж төгсөөд Монголдоо ирсний дараа Турк хоолоо их санадаг байсан. Амралтын өдрөөр гэртээ хийж иддэг байлаа. Турк хоол Монгол хоолноос маш их ялгаатай, баялаг орцтой. Мөн бүс нутгаасаа шалтгаалаад хоол нь өөр өөр байдаг. Зарим бүсэд маш их халуун ногоотой хоол унд хэрэглэдэг байхад зарим нь халуун ногоо иддэггүй байх жишээтэй. Та Туркт очоод хэд хонохдоо идсэн хоолоороо “Турк хоолыг мэднэ” гэж дүгнэж болохгүй. Учир нь хэдхэн километрын зайтай хотуудын хоолны соёл тэс өөр байдаг. Монголтой харьцуулахад цаг уур нь таатай учир бараг өдөр бүр л шинэ ногоо, жимс хэрэглэдэг. Энэ утгаараа эрүүл хоолтой ард түмэн гэж хэлж болно.

Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл: Өнөөдрийн Туркийн өглөөний цайны арга хэмжээнд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Өнөөдөр энд дэлгэсэн идээ ундааны ихэнхийг идэж үзсэн, танил амт байна. Анх би Турк явахдаа олон улсын сүлжээ зочид буудлуудаар үйлчлүүлдэг байлаа. Харин сүүлдээ Туркийн дотоодын зочид буудалд буух дуртай болсон. Учир нь Турк зочид буудлуудын өглөөний цай үнэхээр баялаг, олон янзын хоолтой байдаг нь таалагддаг. Заримдаа би Турк дэлгүүр, ресторанаас баклава зэрэг зарим хэрэгцээтэй орцуудаа цуглуулж аваад гэртээ Турк өглөөний цай бэлддэг. Монголчууддаа хандаж Турк өглөөний цай шиг олон төрлийн хүнснээс бага багаар идэж хэрэглээрэй гэж хэлмээр байна. Ялангуяа сүү цагаан идээг Туркууд шиг олон янзаар өргөн дэлгэр хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр эрүүл мэндэд сайн төдийгүй хоолны үнэлэмж нэмэгдэж, өнгө үзэмж талдаа ч сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм.

"Кахвалты" буюу өглөөний цай гэсэн үг нь Турк хэлэнд "Кахве" (кофе), "Алты" (өмнө) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Кофе уухаас өмнө зооглох хоол" гэсэн утгатай . Иймд Турк өглөөний цай нь уламжилалт Турк кофегоор өндөрлөх нь хэвшмэл заншил аж.

Үзсэн: 6442
Tweet