Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Миний Мэдэх Турк Орон” эсээ бичлэгийн уралдаан боллоо


Densmaa 2025-06-05 12:06

Эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа БНТУ-ын Элчин сайдын яаманд болов.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 56 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Миний мэдэх Турк орон" эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. МУИС-ийн ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан тус уралдаанд Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгаас 80 гаруй сурагч оролцож, эсээ бичиж ирүүлснээс шилдэг 4 эсээг шалгаруулж шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Башак Гэнч Юксэл сурагчдад хандаж хэлсэн үгэндээ “Турк Улсыг сонирхон судалж, судалгааныхаа үр дүнд үнэ цэнтэй эсээ бичсэнд талархлаа илэрхийлье. Та бүхэн Туркийн тухай тодорхой хэмжээний ойлголттой болсон. Туркийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших боломж байгааг ч олж анзаарсан байх. Хэрэв та бүхэн Турк Улсад их, дээд сургуульд суралцах хүсэлтэй бол манай улсад тэтгэлэгтэй суралцах боломж байгааг мөн онцлон хэлмээр байна” гэсэн юм.

   “Турк Улсын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр” нь олон улс орны оюутан сурагчдад тэтгэлэгтэй суралцах боломж олгодог бөгөөд жил бүр Монгол оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг. Уг тэтгэлэгт хөтөлбөр дэлхийн хамгийн өргөн хүрээтэй иж бүрэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг гэдгээрээ онцлог. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Туркийн их, дээд сургуульд зуучлах, их сургуулийн төлбөр, сар бүрийн мөнгөн тэтгэлэг болон дотуур байр, эрүүл мэндийн даатгал болон оюутныг дасан зохицоход нь туслах зорилгоор эхний жил турк хэлний бэлтгэл, нислэгийн тийз мөн эрдэм шинжилгээний болон соёлын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангадаг гэдгийг Элчин сайд хадагтай Башак Гэнч Юксэл онцлон тэмдэглэж байлаа.

Бид шагнал гардуулах ёслолын үеэр МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэйтэй уулзаж эсээ бичлэгийн уралдааны зорилго, ач холбогдлын талаар асууж сонирхсон юм.

Т.Загарпэрэнлэй: Энэхүү уралдааныг бид хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монгол орны ихэнх аймгаас, түүнчлэн алслагдсан сумдаас сурагчид эсээ бичиж ирүүлсэн нь уралдааны цар хүрээ нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Энд шагнал авч байгаа сурагчдын дотор Баян-Өлгий аймгаас оролцож, шагналт байр эзлэж, Элчин сайдын яамнаас шагналаа гардаж авч байна. Ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах нь сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, оюун ухааныг нь тэлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох ач холбогдолтой юм. Аливаа нэг улс орны талаар эсээ бичихийн тулд тухайн улсын талаар судалгаа хийж, түүндээ үндэслэн дүгнэлт хийж эсээгээ бичдэг тул судалгаа шинжилгээний талаасаа тухайн хүүхэд өсөж хөгждөг. МУИС бол Туркийн хэл, соёл, түүх зэргийг бакалавр, магистр, докторын түвшинд зааж, боловсрол олгож байгаа Монголдоо цорын ганц сургууль юм. Тиймээс бид мэргэжил, хөтөлбөрөө сурталчлан таниулах, мөн Монгол-Турк хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулдаг юм. МУИС-ийн Турк судлалын тэнхим анх 2001 онд байгуулагдсан, 20 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай хөтөлбөрийн нэг онцлог нь бакалаврын II түвшний бүх оюутнууд ангиараа БНТУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр нэг жил суралцдаг. МУИС-иас тэнд үзсэн хичээлийг нь дүйцүүлэн тооцдог учир тухайн оюутан жил алдахгүйгээр 4 жилдээ багтаад төгсдөг давуу талтай.

    "Миний мэдэх Турк орон" эсээ бичлэгийн уралдааныг гурван шатны шалгаруулалтаар шүүж, тэргүүн байранд Монгол 3 дугаар сургуулийн сурагч А.Мишээл, дэд байрыг 61 дүгээр сургуулийн сурагч Ш.Энхзаяа, Баян-Өлгийн аймгийн "Дарын цогцолбор сургууль"-ийн сурагч Ж.Аминаа, тусгай байрыг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч У.Эгиймаа нар эзэллээ.  

Эсээ бичлэгийн уралдаанд II байр эзэлсэн 61 дүгээр сургуулийн сурагч Ш.Энхзаяа: Би эсээндээ Турк орны талаар бичихдээ нэлээд олон судалгаа хийсэн. Уралдаанд түрүүлэхээс илүүтэй Туркийн талаар судалж, олон зүйлийг сурч, мэдэж авсандаа маш их баяртай байна. Ялангуяа Туркийн Ататурк хааны амьдралын философийн талаар ихийг мэдэж авсан. Тиймээс эсээгээ Туркийн түүхтэй холбож бичсэн.

Эсээ бичлэгийн уралдаанд III байр эзэлсэн Баян-Өлгийн аймгийн "Дарын цогцолбор сургууль"-ийн сурагч Ж.Амина: Би багаасаа Турк улсад суралцахыг мөрөөдөж ирсэн учраас энэхүү уралдаанд оролцсон. Уралдаанд эсээ бичихдээ байр эзлэхээс илүүтэйгээр зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа Турк орныг хайрлаж, хүндэтгэдэг сэтгэлээ илэрхийлж бичихийг зорьсон.   

      Шагнал гардуулах үйл ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл, МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Баттулга, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Ганболд, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Аззаяа, Н.Гэрэлмаа, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Нарантунгалаг, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй, “Оюут” урлагийн үүсгэн байгуулагч, Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Р.Эрдэнэболор болон бусад зочид төлөөлөгч, албаны хүмүүс оролцлоо.

Үзсэн: 5194

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна