"Сакура" гэр музей

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод тарьж, дэлхийн II дайн дууссанаас хойш 80 жилийн дараа энх тайвны үнэ цэнийг дахин нотлон харууллаа.
Монгол Япон хоёр орон 53 жилийн тэртээ 1972 онд анх дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тэр цагаас хойш Япон Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш байсаар ирсэн. Монгол Улс Япон Улстай 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийг амжилттай хөгжүүлж байна. Мөн түүнчлэн манай хоёр улсын Засгийн газар болон холбогдох яам, агентлагуудын хооронд бүхий л төрлийн стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалт, бусад хэлбэрийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин тэлсээр байна.
Манай хоёр улсын засгийн газар өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж, харилцан туслалцаж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ иргэд хоорондын харилцаа, нөхөрлөлийн зөөлөн хүчний бодлогыг ч орхигдуулаагүй билээ. Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү гэргийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо. Тус цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн II дайны дараа олзлогдсон япон цэргүүдийн чулуу буталж байсан газрын туурь болон тэдний дурсгалд зориулсан “Сакура гэр” музей байдгаараа онцлогтой юм. Одоо үргэлжлүүлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүгийн яриаг хүргэе.
Элчин сайд Игавахара Масарү: Энэхүү арга хэмжээнд оролцох завшаан тохиосонд туулийн их баяртай байна. Энэ уулзалтаар Монгол улсад 12 мянган Япон иргэн олзлогдож байсныг, тэдгээрээс ихэнх нь нутаг буцаж чадалгүй нас барсныг мэдэж авлаа. Мөн ахмад дайчин Чогсомжав гуай тэр алс холоос хүрэлцэн ирж бидэнд тухайн үеийн үнэн түүхийг ярьж өглөө. Энэ бүхэн хоёр улсын иргэд түүхээ мэдэж найрамдалт харилцаагаа цааш нь илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна. Энэ жил дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож байна. Дайны дараа 12 мянган олзлогдсон япон иргэд монголд хүнд хатуу нөхцөлд Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтад бүхий л хүчээ зохиулан ажиллаж байжээ. Эдгээр хүмүүсээс 1700 гаруй хүн нь нутаг буцаж чадаагүй байна. Тэр бүх иргэдийг дурсан санаж бас ийм газар байдаг юм шүү гэдгийг олон хүнд мэдүүлэхийг хүсэж байна. Мөн олон хүнийг энэ түүхийг мэдэж энэ газар хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна. Одоо ч бас дэлхийн өнцөг буланд дайны бүсэд амьдарч, бусдын эрхшээлд байгаа хүн олон бий. Энэхүү хүнд хэцүү байдал нэг өдрийн өмнө ч гэсэн дуусаж тайван цаг ирэхийг би чин сэтгэлээсээ хүсээд энд зогсож байна.
Чингэлтэй дүүргийн иргэн С.Өлзийтогтох 2012 онд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Мөн тухайн газарт Дэлхийн II дайны дараа олзлогдсон япон иргэд чулуу олборлож байсан гэдгийг сонсоод үүнтэй холбоотой түүхэн материал цуглуулж олон нийтэд танилцуулж эхэлсэн байна. Улмаар 2022 онд Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Сакура” гэр музейг байгуулжээ. Гэр музей нь 1945-1947 оны хооронд Монгол улсад олзонд байсан 12,318 япон цэргийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Мөн тухайн үеийн Нийслэл хүрээ орчин үеийн шинэ Улаанбаатар хот болон өөрчлөгдсөн бүтээн байгуулалтын түүхийг баримтаар харуулдаг байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа олзлогдсон япон цэргүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг цогцлооход маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох хэллээ.
С.Өлзийтогтох: Японы олзлогсод манай энэ “Ногоон нуур”-аас замын чулуу хайрга бэлтгэж Сүхбаатарын талбай, Их сургуулийн зам, Бага тойруу доторх гол гол зам барих ажилд 2 жилийн хугацаанд ажиллаж байсан. Тийм учраас манай энэ цэцэрлэгт хүрээлэн ийм том нүх болон ухагдаж үлдсэн түүхтэй. Энэ түүхийг мэдэж судалсан учраас гэр хороолол дунд “Сакура гэр музейг” байгуулсан юм. Ингэснээр хүмүүс энэ үнэн түүхийг мэдэж ирж үзэх боломжтой болсон. Мөн цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дотоод гадаадын жуулчид ирж энэ музейтэй танилцах боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөө талаасаа энэ бол Монгол Япон хоёр улсын ард түмний харилцаанд гүүр болж байгаа чухал зүйл. Японы олзлогсдын Монголд барьж байгуулж өгсөн нийтдээ 30 гаран барилга, зам, гүүрүүд байдаг. Тэдгээрийг Монголчууд өнөөдрийг хүртэл 70, 80 жилийн турш ашигласаар яваа учраас энэ түүх бол маш чухал түүх гэж би боддог. Хувь хүнийхээ үүднээс би япончуудад талархдаг учраас энэ гэр музейг байгуулсан. Энэ гэр музей дотор байгаа тоосго, мод, шалны хулдаас гэх мэт зүйлүүд нь Монголын анхны орон сууцнаас гарсан материалууд юм. Харин дээгүүр өлгөсөн зургуудад бидний сайн мэдэх Маршал Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Монголын анхны орон сууц, ЗГ-ын ордон, МУИС, Төв номын сан зэрэг дандаа японы олзлогсдын гар бие оролцсон барилгуудын байна. Үүнийг хэдэн онд баригдаж байсан, хэн оролцсон гэдгийг нь маш энгийн байдлаар хүмүүст үзүүлэхээр дэлгэсэн байгаа. Япон тагнуул гэдэг нэрээр 1937 онд хамгийн оргил хэлмэгдүүлэлт болж байсныг бид бүгдээрээ мэддэг. Тухайн үед 20-30 мянган монголчууд хэлмэгдэж нас барсан. Тиймээс Монголд ажиллах хүч маш хомс болчихсон байсан. 1941-ээс 1945 он гэдэг бол дэлхийн 2 дугаар дайн эхлээд дууссан цаг үе. 1945 онд Монгол Улс бүхнийг фронтод гэсэн уриатай байсан. Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орчихсон тийм хүнд хэцүү үед буюу 1945 оны 10, 11 сард япончуудыг Монголд олзолж авчирсан. Монголчууд өөрсдөө бүхнийг фронтод явуулж байсан учраас 10 хэдэн мянган Япончуудыг тэжээх нь битгий хэл өөрсдөө идэх хоол хүнсний нөөцгүй болж байсан. Ингээд өвлийн хүйтэн, хоол ундны хомсдол, хүнд нөхцөлтэй ажил гэдэг энэ гурван зүйлээс болж Японы олзлогсод Монголд ирсэн эхний жил буюу 1945 оны 11, 12 дугаар сар болон 1946 оны 1, 2, 3-р сард маш олон хүн осгож, өлдөж, хоол тэжээлийн дутагдалд орж нас барсан байдаг. Тэдгээр хүмүүс нь 18-50-иад насныхан байжээ. “Сакура гэр музей”-г байгуулснаар монголд нас барсан олзлогсдын үр хүүхэд ирж байна. Мөн монголд олзонд байсан 100 гаруй настай хүн өнгөрсөн жил манайд ирээд явсан. Тиймээс энэ бол яалт ч үгүй маш чухал бөгөөд эмзэг түүх юм. Миний илүү их ач холбогдол өгдөг зүйл бол тэр олзонд байсан япончуудын хийж бүтээсэн зүйл монголчуудад маш чухал зүйл байсан юм шүү гэдгийг онцолж хүргэхийг хүсдэг.
“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох 2024 оны 11-р сард Япон орныг зорьж монголд олзонд байсан япон иргэдтэй уулзжээ. Тэрээр Сайто, Ямада гэх хоёр хүнтэй уулзсан бөгөөд тэдний олзонд байх үеийн хийж байсан ажил, амьдралын нөхцөл, бодит түүхийг сонссон тухайгаа бидэнтэй ийнхүү хуваалцлаа.
С.Өлзийтогтох: Эхлээд 107 настай Ямада гэж хүнтэй уулзсан. Ямада гуай бол Монголд олзлогдож ирээд 1947 оны 10 сард буцсан. Тэрээр 1946 оны хавар Сүхбаатарын талбайг барьж байгуулахын тулд хөлдүү газар жоотуудаж байсан тэр бол маш хүнд ажил байсан гэж ярьсан. Нэг ёсондоо Сүхбаатарын талбайг бүтээлцэж байсан хүн гэсэн үг. 1946 он бол Ардын хувьсгалын 25 жилийн ойн жил. Тэр үед 360 гаруй японы олзлогсод, 22 япон инженер, 12 оросын инженер, 60 гаруй монголчууд Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан гэсэн тоо байдаг. Ямада гуай дэлхийн 2 дугаар дайнд оролцоод, монголд олзлогдож ирээд ингэж явсаар 1947 оны 11 сард гэртээ очиход хүү охин хоёр нь хоёулаа нас барчихсан эхнэр нь өөрийг нь 7 жил хүлээгээд байж байсан гэсэн. Зөвхөн Ямад гуайн хувийн амьдрал дээр гэхэд л ийм зовлонтой асуудлууд их тулгарсан байна. Нөгөө хүн нь бол Сайто гуай. Тэрээр хойд Хоккайдо нутагтаа амьдардаг. 1945 оны 3 сард цэрэгт татагдаад 8 сард нь олзлогдчихсон. Сайто гуайг 18 настай байхад нь ээж нь нас бараад 8 өнчин дүүтэйгээ үлдсэн. 1945 оны 8 сард олзлогдоод явахынх нь өмнөхөн аав нь барсныг цэрэгт байхдаа мэдсэн. Тэгээд Сайто гуай аавыгаа нас барсан гэхэд итгэж чадахгүй байсан бөгөөд 8 өнчин дүүгээ яаж байгаа бол гэж бодоод ерөөсөө үхэж болохгүй заавал амьд буцаж очих ёстой гэж бодсон тухайгаа надад ярьсан. Сайто гуай токер, гагнуур зэрэг нарийн мэргэжлийн зүйлс хийдэг хүн байсан учраас Монголд олзлогдож ирээд ууланд чулуу бэлтгэх, газар ухах зэрэг хүнд ажил хийхгүйгээр хоёр жил нарийн мэргэжлийн ажил хийж байгаад буцсан байгаа юм. Зөвхөн хоёр хүний жишээ ярихад ийм байна. Гэтэл дэлхийн 2 дугаар дайнд олзлогдсон япончууд 575-640 мянган хүн гэсэн тоо байдаг шүү дээ. Яагаад үүнийг яриад байна вэ гэхээр дайн байлдаан, зөрчилдөөн, улс орны хямрал гэдэг зүйл жирийн ард иргэдийг ингэж сүйтгэдэг юм байна гэдгийг анхааруулж хэлэхийг хүссэн юм.
Япон улсын Хоккайдо мужийн иргэн Сайто нь 1926 оны 3 сарын 23-нд Хоккайдогийн Токачигийн Рикүбэцүд төрсөн. Түүнийг 18 наснаасаа сургуулиа орхин өмнө нь бизнесийн сургуульд сурч байсан туршлагаа ашиглан Тоёохара уурхайд токарийн болон тээрэмдэх машин барих ажилд оржээ. Улмаар 1944 оны 12 сард 19 насанд хүрч армид элссэн байна. 1945 оны 8, 9 сард Хятад, Хойд Солонгос, Курилын арлууд орчимд байсан 575,000 буюу түүнээс ч олон Японы иргэдийг Зөвлөлтийн 1,5 сая цэргүүд олзлон хяналтандаа авч "Токио дамойя" буюу "Токио руу буцаана" гэж хууран, галт тэргэнд бөөнөөр нь ачиж ЗХУ-ын нутаг руу татах нүсэр ажлыг эхлүүлсэн байдаг. Ноён Сайто гуай бусад олзлогдогсдын адилаар 1945 оны 12 сард өвлийн хүйтэнд Монголд ирж Улаанбаатар хотын Авто засварын заводод, дараа нь Төмөрийн заводод автомашин засварлах, токарийн машин дээр ажиллах зэрэг ховор мэргэжлийн ажлуудыг хийх болсон нь Монголоос амьд буцах нэгэн нөхцөл болжээ. Улмаар 1947 оны 10 сарын 23-нд Улаанбаатараас бусад нөхдийн хамт хөдөлж Зөвлөлтийн нутгаар дамжин явсаар 11 сарын 19-нд Япон улсын Хакодате боомтод орчжээ.
Харин Япон улсын Олзлогдогсдын нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Ямада: "1945 оны 11 сард Орос, Монголын хил Алтанбулагаас Америкийн цэргийн ачааны машинд японы олзлогдогсдыг ачиж авч явсан. Дараа нь мэдэхнээ биднийг Улаанбаатарт авчирсан юм билээ. 1946 оны хавар Сүхбаатарын талбайг байгуулахаар хөлдүү газрыг олзлогдогсод бид нараар ухуулж байсан нь маш хүнд санагдаж байсан" хэмээн ярьжээ.
80 жилийн тэртээ Чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Чогсомжав гуай “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд зочилж хуучны түүхийг хуваалцлаа. Тэрээр олзлогдсон япон хүмүүсийг харгалзан Хятад, ЗХУ-ын нутгаар дайран нутагтаа ирсэн 500 гаруй монгол цэргийн нэг юм. Мөн түүнчлэн 1946 оны хавраас 1947 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл Богд уулын Бумбатын аманд мод бэлтгэх ажил, Гадаад яамны барилгын суурийн шороо ухах ажил, одоогийн Уулын нуурын газарт чулуун тоочигт замын чулуу нураах, бутлах ажил, Зүүнхараа дахь ууланд мод бэлтгэх зэрэг ажлуудад олзлогдсон япончуудыг хоёр монгол цэрэг, нэг даргын хамт харгалзаж байсан хүн юм. Ахмад дайчин Г.Чогсомжав нь өдгөө 100 гаруй настай бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас энэхүү уулзалтыг зорин иржээ.
Г.Чогсомжав: Би Дотоод яамны хамгаалах хорооны цэрэг байсан бөгөөд олзлогдсон япон цэргүүдийг харгалзах ажил хийдэг байлаа. Барилгын суурь цутгах, барилга барих, замын чуулуу бутлах, зам барих зэрэг ажлуудад олзлогдсон Япон цэргүүдийг харгалзаж байсан. Япон цэрэгт буугаа булаалгаагүй, Япон цэрэг алаагүй, Япон цэрэг алдаагүй ийм хүн явлаа. Манай Монгол орон чинь их хүйтэн шүү дээ. Тиймээс япон хүмүүс САМАДЭСКАНА гэж хашхираад байрандаа орчихдог. -15 градусаас хэтрэх юм бол хацар, чих зэрэг нь хөлдчихдөг байсан. Дулаан орны хүмүүс арга үгүй шүү дээ. Олзлогдсон хүмүүс буу зэвсгээ хураалгаад ажиллана. Тухайн үед дотоод яамны хамгаалах хороо гэж байсан. Тус хорооны цэргүүд олзлогдсон япончуудыг алдахгүй, ийш тийш нь явуулахгүй хамгаалдаг байсан. Салаа бол салаагаараа, суман бол сумангаараа, рот бол ротоороо гэсэн цэргийн зарчимтай тус тусынхаа байранд байдаг. Найз нөхөд гээд нээх сүйд болохгүй ч буу бариад зодож нүдээд байдаггүй тус тусдаа цэргийн сахилгатай байдаг байлаа. Өнгөрсөн жил манайд 8 япон очсон. 4 эмэгтэй 4 эрэгтэй. Тэгээд хоол унд, идээ будаагаа авч ирээд уулзаад яасан. Түүний өмнө нь 3 япон хүн ирсэн гэх мэт манайхаар олзлогдсон япон цэргүүдийн ар гэрээс хүмүүс ирдэг. Би 1945 оны дайнд яваад Хятадын Цагаан хэрэм болон Шар мөрөнд очсон. Тэр үед Японы эзэн хааны зарлиг гараад дайн хийгээгүй. Хэрэв дайн хийсэн бол тэр хөндийд бид бүгд үрэгдэх байсан. Би цэргээс халагдаад Дотоод яаманд ажиллаж байсан. Орос, Герман, Польш зэрэг орнуудаар явсан.
Аливаа хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл чухал үүрэгтэй байдаг. Иймд Монгол Япон хоёр улс өнгөрсөн 53 жилийн хугацаанд хүүхэд багачууд болон ажиллах хүчний солилцоо явуулах, соёлын өдөрлөг зохион байгуулах, гамшиг ослын үед тусламж дэмжлэг үзүүлэх гээд бүхий л төрлийн үйл ажиллагааг хийсээр иржээ. Одоо үргэлжлүүлэн Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн С.Дэмбэрэлийн яриаг хүргэе.
С.Дэмбэрэл: Манай хоёр орны харилцааны хамгийн чухал зүйл бол 1981 онд тэмээний ноос, ямааны ноолуур боловсруулах Говь комбинат ашиглалтад орсон явдал юм. Тэр үеэс Монгол Японы найрамдалт харилцаа маш хурдацтай хөгжиж эхэлсэн. Улмаар 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаа буюу ардчилсан нийгэмд шилжсэн. Иймээс хойд хөршийн их тусламж зогсож, Монгол Улс сөхөрч байсан. Тэр үед Японы ард түмэн болон Япон улсын засгийн газар Монгол улсыг хамгийн түрүүнд гар тосож, дэмжиж, унахаас сэргийлсэн юм. Япон улсаас үзүүлсэн томоохон тусламжууд их бий. Тухайлбал, эхний 150 автобусыг грааж болон мэргэжилтний хамт өгсөн. Замын-Үүдийн боомтод ачаа тээвэр түгжрэлд орчихсон хэцүү байх үед Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламжийг барьж өгсөн. Ингэснээр маш их ачаа хурдацтайгаар Улаанбаатарт орж ирэх болсон. Мөн радио холбоо, сансрын холбоо, бусад дэд бүтцийн чиглэлээр олон төрлийн тусламжийг өгсөн. Ингээд манай хоёр улсын соёлын харилцаа улам хөгжөөд японы соёлын өдрүүдийг монголд хийх болсон. Япон ч гэсэн Монголыг сурталчилдаг сарын ажил, жилийн ажил явагдах болсноор япон хэлтэй хүмүүс их бий болсон. Өнөөдрийн байдлаар манай улсын 26 мянган хүн Япон улсад ажиллаж, амьдарч, сурч байна. Энэ бол тэр их хол байсан хоёр гүрэн маш их ойртсоны нэг илэрхийлэл гэж хэлэхээс өөр арга байхгүй.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд нийт 130 гаруй хүн зочилж дайны дараах хүнд жилүүдийн бүтээн байгуулалтын үнэн түүх, тухайн үед олзлогдсон япон цэргүүдийн ажиллах нөхцөл, нутагтаа буцсан хүмүүсийн бодит түүхийг сонссон юм. Түүнчлэн дурсгалын мод тарьж, дайн дууссанаас хойш 80 жилийн дараа энх тайвны үнэ цэнийг дахин нотлон харууллаа.
Үзсэн: 10897
Tweet