Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Залуусын хүч эх орны минь дархлаа...


Densmaa 2025-06-30 02:06

Залуус хүчтэй бол эх орон дархлаатай, Цэрэг хүчтэй бол тусгаар тогтнол ганхашгүй

   2220 гаруй жилийн тэртээ Модун шаньюй Монголын анхны төрт улсыг байгуулсан түүхэн агшин бол монгол цэргийн сүр хүч, төрт ёсны язгуур үндэс байв. Төр, сүлд хоёртоо үнэнч цэргүүдийн хөлс хүч, халуун амиар монгол цэргийн бахархам түүх эхэлж, эзэн Богд Чингис хааны Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, байлдах эрдэм, сахилга журам, ялалт амжилтаар дэлхийд гайхагдсан юм.

Түүхийн шаргал хуудсуудыг сөхвөл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайн, мөн баруун хилийн зэвсэгт тулгаралтуудад гарамгай үүрэг гүйцэтгэсэн нь монгол цэргийн дайчин замналын тод жим болон мөнхөрчээ.

Энэ их түүх өнөөдөр ч үргэлжилсээр. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралыг сахин хамгаалах үйлсэд Монголын дотоодын цэрэг болон зэвсэгт хүчний алба хаагчид тангараг өргөж, үнэнч сэтгэлээр зүтгэж байна. Тэд улсын хил хамгаалах, агаарын хилийн дархлааг хадгалах, гамшгийн үеийн аврах ажиллагаа, халдвар хамгаалал, үймээн самууныг зохицуулах зэрэг олон чиг үүрэгтэйгээр дотоодын аюулгүй байдлын тулах багана болсоор байна.

Энэ чухал үүргийг нэр төртэй биелүүлж яваа нэгэн хамт олон бол хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид юм. Тус анги нь нийслэлийн Улаанбаатар цэргийн хүрээний байлдааны болон команд штабын бэлтгэл, буудлага, жолоодлого, тактикийн хээрийн сургууль зэргийг үр дүнтэй зохион байгуулж, ар талын болон техникийн хангалтыг хариуцдаг чухал нэгж юм.

Үүгээр ч зогсохгүй энхийг дэмжих ажиллагаанд ч өндөр үр дүнтэй оролцдог. Ирак, Сьерра Леоне, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан зэрэг дэлхийн халуун цэгүүд рүү илгээгдэх цэнхэр дуулгатнуудыг ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, дэлхийн жишигт нийцсэн энхийг дэмжих үйлсийн сургалтыг тогтмол зохион байгуулсаар байна. Мөн зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжилтийн спортын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг нь тэдний бие бялдрын болоод сэтгэл зүйн дархлааг улам бүр бэхжүүлдэг гэдгийг ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын Цэргийн сургалтын удирдлага зохицуулалтын хэлтсийн Олон улсын сургууль хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Гантөмөр хэллээ.

Дэд хурандаа Э.Гантөмөр: Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу хүмүүс Тавантолгойн сургалтын нэгдсэн төв гэдэг нэрээр нь илүү мэддэг энэ газар маань Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэрт оршдог. 400 гаруй километр квадрат талбайг эзэлдэг. Энэ том талбайд зэвсэгт хүчний байлдааны буудлагатай, буудлагагүй тактикийн хээрийн сургуулиуд явагдаж байна. Үндэсний батлан хамгаалах сургуулийн сонсогчдын хээрийн гаралт болон анги байгууллагуудын хээрийн гаралтыг зохион байгуулдаг. Мөн “Хааны эрэлд” болон бусад энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургалтууд явагддаг. Үүгээр зогсохгүй төрийн цэргийн байгууллагуудтай,  төрийн байгууллагуудтай цэрэг стратегийн цугларалтуудыг зохион байгуулах, команд штабын сургуулиудыг зохион байгуулах гэх зэрэг арга хэмжээнүүд болдог. Мөн цэргийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудын дунд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн аварга тасаг, салаа шалгаруулах марш тактикийн тэмцээн уралдаанууд явагддаг. Энэ мэт манай 311 дүгээр ангид жил тойрон маш олон арга хэмжээ болдог. Эдгээр ажиллагааг тасралтгүй явуулахад бүх талын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхээр тус анги нь үүрэг чиглэлээ тодорхойлж ажилладаг.

     Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 60 гаруй хугацаат цэргийн алба хаагч бий. Тэд нэг жилийн хугацаанд цэргийн үүрэгтний бэлтгэл сургуулилт болон хувь хүний хөгжлийн нэмэлт сургалтуудад хамрагдаж байна. 

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлах байлдагч Ө.Төгөлдөр:

Цэргийн албанд анх ирэхэд төсөөлснөөс бага зэрэг өөр байсан. Харин одоо бол цэргийн албандаа дасаад дуртай болсон. Цэрэгт ирсэндээ хэзээ ч харамсахааргүй тийм сэтгэгдэлтэй болсон.  Энд ирээд сурсан зүйлээ амьдралын хэв маяг болгоод явж байна. Эрүүл амьдралын зөв хэв маягт орчихсон юм шиг санагдаж байгаа. Мэдээж цаг баримталж сурсан, хоёрдугаарт хүнтэй харьцах харилцаа, хандлага дээр өөрчлөлт гарсан. Гуравдугаарт жолооны курс, англи хэлний курс гэх мэт амьдралд хэрэг болох анхан шатны мэдлэгүүдтэй болсон. Мөн нэг соёлоос нөгөөд шилжих тийм сэтгэл зүйн хаттай болж, өөрийгөө ялан дийлж сурсан. Манай 311 дүгээр анги нь хангалт сайтай, орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан. Өглөө, өдөр, оройн хоол нь маш амттай. Бид хагас сайн өдрийн өглөөнөөс оройг хүртэл хүссэн хувцсаа өмсөөд, хүссэн үедээ босож, хүссэн үедээ хоолондоо орж, зааланд тоглож  яг л энгийн ард амьдрал дээрээ байгаа юм шиг өнгөрөөдөг болсон нь маш гоё санагддаг. Гэхдээ тодорхой хэмжээнд цэргийн сахилга бат байлгүй яахав. Миний хувьд хуулийн чиглэлээр сурдаг болохоор цэргийн албанд явахад Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Мөн цаашдаа төрийн албан хаагч болоход саадгүй болно. Тэгээд Монгол эр хүн болсных эр цэргийн албаа хаая гэж бодоод цэрэгт ирсэн. Мэдээж хэрэг цэргийн алба хаачихаад ээжийгээ хамгаална, хайрлана гэж ярина шүү дээ.

    Эдгээр залуус бол Монгол цэргийн хар сүлдэн дор нэгдэж өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж буй шинэ зууны төлөөлөл. Тэдний хичээл зүтгэл, бэлтгэл сургууль, тасралтгүй хөгжлийн эрмэлзэл нь Монгол Улсын дотоодын аюулгүй байдлыг батлан хамгаалах нугарашгүй багана болж байна. Хугацаат цэргийн алба хаагчид жолооны сургууль, монгол бичиг, англи хэлний сургалтад хамрагддаг. Мөн зарим эрэлттэй мэргэжлээр политехникийн коллежид суралцаж байна. Ингэснээр залуучууд цэргийн алба хаах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ боловсролтой, мэдлэгтэй иргэн болон бэлтгэгдэж байгаа юм. Монгол төрийн бат бэх тулгуур болсон хугацаат цэргийн алба нь гагцхүү зэвсэг барин хил сахих үйл төдийгүй төрийн аюулгүй байдлыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, гамшгийн эрсдэлд шуурхай хариу өгөх, хүн ардын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэн үүргийг нэр төртэй биелүүлдэг чухал алба билээ.

 

Үзсэн: 23193

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна