Франц зурагчны нүдээр “1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
“Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан гэрэл зургуудыг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой
Франц зурагчны нүдээр “1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан гэр галерейд гарч байна. Монгол дахь Францын ЭСЯ-наас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс XX зууны эхэн үеийн монголын түүх, соёлтой танилцах боломжтой. Францын нэрт энх тайвныг эрхэмлэгч, хүмүүнлэг үзэлтэн Альберт Кан дэлхийн уламжлалт соёл, нийгмийн дүр төрхийг түүхэнд үлдээх “Манай гаригийн архив” төслийг санаачлан 1909-1931 онд 60 гаруй оронд гэрэл зурагчдыг илгээжээ. Энэхүү төслийн хүрээнд гэрэл зурагчин Стефан Пассе 1912-1913 онд Монголд ирж, тухайн цаг үеийн нийгмийн байдал, ахуй амьдрал, соёл уламжлалыг гэрэл зурагт буулгасан юм. “Зам жим үгүй улс” хэмээгдэж байсан Монголд 1912, 1913 онд аялах нь аюултай, хүнд аялал агаад Манжийн эзэнт гүрэн нуран унасны дараа Халх Монголчууд эсэргүүцэн боссон цаг үе байлаа. Гэрэл зурагчин Стефан Пассе эхлээд Хятадын хилээр, дараа нь Оросоор дамжин Монголд нэвтэрч чаджээ. Тус үзэсгэлэнд тухайн үеийн улс төрийн донсолгоог агуулгаар нь харуулахын зэрэгцээ газар нутгийн олон өнгө төрх, нүүдэлчин амьдралын хэв маяг, шашин шүтлэг ард иргэдэд ихээр тархсан байдал, хувцаслах соёл, уламжлалын талаарх гэрэл зургуудыг дэлгэжээ. Тухайлбал, “Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан гэрэл зургуудыг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой.