“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” эхэллээ
Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 432 оюутан Япон Улсад суралцаад байна
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн магистрын 24 дүгээр ээлж, докторын 9 дүгээр ээлжийн оюутнуудыг үдэх ёслол Элчин сайдын өргөөнд болов. 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн буцалтгүй тусламжийн энэхүү хөтөлбөр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ирээдүйд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон Улсад суралцуулан, улмаар эх орондоо төгсөж ирснээр эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой. Эдүгээ Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 гаруй улсад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөг хүртэл 6000 гаруй залуус Япон Улсад суралцаж байна. Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 432 оюутан Япон Улсад суралцаад байна. JDS хөтөлбөрийн 24 дүгээр ээлжээр Сайтамагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 2, Мэйжигийн их сургуульд 3, Хирошимагийн их сургуульд 2 нийт 14 оюутан магистрантурт суралцах юм. Мөн 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн докторын хөтөлбөрийн 9 дүгээр ээлжээр Цүкүбагийн их сургуульд 1 оюутан суралцахаар болсон байна. Эдгээр хөтөлбөрөөр суралцах оюутан залуус эх орондоо ирээд тухайн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ.
Үзсэн: 3933
Tweet