Ерөнхийлгчийн ивээл дор "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" болно
Уулзалтаар жендерт суурилсан эдийн засаг бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой сургалт, семинар зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 25-26-нд зохион байгуулна. “Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай энэ чуулга уулзалт нь Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийг дэмжсэн дөрөв дэх томоохон үйл ажиллагаа бөгөөд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэхэд манлайлал хэрэгтэй гэж үзэж, өөрийн ивээл дор томоохон хурал, зөвлөгөөнүүд хийж байна. Тухайлбал, “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”-ыг 2022 онд, дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, өнгөрсөн онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулсан. Харин энэ удаа “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг хийхээр бэлтгээд байна. Уулзалтаар жендерт суурилсан эдийн засаг бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой сургалт, семинар зохион байгуулна. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсож, хамтран шийдэхийг зорьж байна. Бодлогын түвшинд жендерт суурилсан эдийн засгийн дэмжлэг, хамтын ажиллагаа бэхжиж, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээнэ. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд гаргана. Үзэсгэлэнд 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ноос ноолуур, гар урлал, IT технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.
Үзсэн: 2949
Tweet