Боловсролын цахим шилжилт
Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлнэ
Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайланд 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд хувьсал гарах төлөв байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо юм. Хөдөлмөрийн зах зээлд ойрын хугацаанд гарах энэ өөрчлөлтөд Монголын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ. 2023 оноос хэрэгжүүлсэн "Мэдлэ" цахим сургалт Монголд төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага болсныг тэмдэглэв. Энэ сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран нэвтрүүлэх саналыг тус улсын Боловсролын яам, "Гүүгл" компаниас ирүүлсэн байна. Мөн хүүхэд залууст бие даан суралцах, хиймэл оюун, технологийн ур чадварыг багаас нь хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үзсэн: 3654
Tweet