“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэх талаар санал солилцов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон хүмүүст талархал илэрхийлэв. Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсныг тэмдэглэв. Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байна. Тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав. Уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, гадаадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдийн эх хэлний боловсролыг сайжруулах талаар санал солилцлоо.
Үзсэн: 4092
Tweet