Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Гадаадынхан Монгол наадмын тухай”


Densmaa 2025-09-02 02:09

Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд Үндэсний их баяр наадмын тухай ямар сэтгэгдэлтэй, ойлголтой байдаг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар ярилцлаа

    XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Нөгөөтээгүүр хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөн нэмэгдэж байна. Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгджээ. Мөн эсрэгээрээ манай улсад ч гадны орнуудаас ирж ажиллаж амьдрах, сурах иргэдийн тоо тогтмол өсөлттэй байна. Тодруулбал, 2025 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад 132 улсын 32500 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ. Эдгээр хүмүүс Монголын үндэсний их баяр наадмын тухай ямар сэтгэгдэлтэй, ойлголтой байдаг, хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар сонирхуулъя. 

    Олон зууны тэртээгээс уламжлан ирсэн түүхэн харилцаагаа дахин сэргээж, манай улс БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. 1990 онд Азийн социалист гэгдэж байсан орнуудаас хамгийн эхэнд манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон нь Зүүн хойд Азийн нөлөө бүхий энэ оронтой харилцан итгэлцсэн, идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх тааламжтай үндэс суурь болсон юм. Дипломат харилцаа тогтоох үед долоон сая гаруйхан америк доллар байсан худалдааны эргэлт эдүгээ 667 сая америк долларт хүрсэн нь БНСУ хэдийн манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гурав дахь том түнш болсныг илтгэж байна. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа өргөжин тэлж, эдүгээ хоёр орны хооронд жилд мянга мянган иргэн харилцан зорчиж, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Харин манай улсад БНСУ-ын 1770 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж байгаа юм.

Бид тэдний төлөөлөл болгон БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны захиргааны ажилтан Чүэ Сон Ми-г нэвтрүүлгийнхээ зочин хойморт урилаа. Тэрээр 2009 онд анх сурагч солилцоогоор монгол улсад ирээд Монгол судлалаар суралцах их хүслийг өвөртлөөд нутаг буцжээ. Ингээд Солонгост очоод Тан Гүг их сургуулийн Монгол судлалын ангид элсэн суралцаж 2010, 2011 онуудад оюутан солилцоогоор монголд дахин ирсэн байна. Түүнийг ирэх бүрт тун таатай сэтгэгдэл төрүүлсэн учир тэрээр сургуулиа төгсөөд шууд монголд ирж, Ерөнхий боловсролын 23-р сургууль болон МУБИС-д Солонгос хэлний багшаар ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш 6 дахь жилдээ Монголд амьдарч байгаа гэнэ. Чүэ Сон Ми 2014 онд анх Монголын үндэсний их баяр наадмыг үзэж байсан тухайгаа бидэнтэй ийнхүү хуваалцлаа.  

Чүэ Сон Ми: Монголын үндэсний их баяр наадам нь жил бүр 7 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийн хооронд болдог уламжлалтай. Тэр үед үндэсний бөх, сур харваа, морины уралдааны тэмцээнүүд болдог. Тиймээс “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг. Би 2014 онд анх удаа үндэсний их баяр наадам үзэж байсан. 7 сарын 15-нд Солонгос руу буцах ёстой байсан учраас миний таньдаг монгол эгч маань намайг гэртээ байлгүй явж наадам үзье гээд дагуулаад явсан. Тэр үед анх төв цэнгэлдэх хүрээлэнд очиж наадам үзсэн. Надад юу юунаас ч илүүтэй бөхчүүд хоорондоо барилдаад давсны дараа хийдэг хөдөлгөөн нь маш сонирхолтой байсан. Эрх чөлөөтэй байхаас гадна өөрийн ялалтад маш их сэтгэл хангалуун байгаа мэт харагдсан. Дараагийн өдөр нь Хүй долоон худагт очиж хурдан морины уралдаан үзсэн. Хөлс дуслуулаад давхиж ирсэн морийг хүмүүс илж байгаа нь үнэхээр гайхмаар байсан. Тэр хөрсөнд хүрэх юм бол аз хийморь авч ирдэг гэж хэлэхийг нь сонсоод учрыг нь ойлгосон. Гэхдээ морь намайг чиглээд ирэх үед бага зэрэг айсан. Ер нь Монгол наадам гурван төрлийн тэмцээнээр явагддаг юм билээ. Манай аав ээж Хойд Жолла аймгийн Чансу суманд амьдардаг. Чансу сум нь Солонгос үхрийн мах болон алимаараа алдартай. Тиймээс жил бүр томоохон фестиваль хийдэг. Наадам болж байгаа гэдэг утгаараа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө нэг дор цуглараад амттай хоол идэж, сонирхолтой тоглоом тоглож цагийг өнгөрүүлдэг. Энэ нь монголчуудын үндэсний их баяр наадамтай төстэй санагдсан. Би өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойн наадмыг үзсэн. Найзын маань аав ээж урьсан болохоор маш их талархаж гэр бүлтэй нь хамт дөрөв хоносон. Надад маш гоё байсан. Мөн сумын наадмын нээлтээс эхлээд бүтэн өдрийн турш ойроос үзсэн болохоор илүү сонирхолтой санагдаж үнэхээр гоё мэдрэмж төрсөн.

    Монголчууд үндэсний их баяр наадмын олон хоногийн амралтаар дотоодын аялалд ихээр явдаг. Нэвтрүүлгийн зочин Чүэ Сон Мин яг энэ жишгээр үндэсний их баяр наадмын үеэр Монгол орноор аялж үзэсгэлэнт байгаль, газар орныг үзэж дурсамж бүтээдэг байна. Тэрээр Монгол улсын 21 аймгаас 18 аймагт нь очиж үзсэн бөгөөд Баян-Өлгий, Сүхбаатар, Завхан гэсэн гурван аймагт очиж үзээгүй байгаа гэнэ. Харин энэ жил Завхан аймаг явж хэд хэдэн дурсгалт газар үзэхээр төлөвлөжээ. Одоо нэвтрүүлгийн зочин Чүн Сон Ми-гийн яриаг үргэлжлүүлэн сонсгоё.

 

Чүэ Сон Ми: Би өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Ёлын ам, Хонгорын элс, Баянзаг гэдэг газруудаар аялж үзсэн. Өргөн уудам тал нутгийг хараад Монгол улс ямар том газар нутагтай юм бэ гэдгийг ухаарсан. Мөн яг өнгөрсөн жилийн наадмын амралтаар Хөвсгөл аймагт очсон. Хөвсгөл далайг хүн бүр гоё гээд байхаар нь очсон чинь үнэхээр их таалагдсан. Дахиад очмоор тийм газар байсан. Ер нь дахиж заавал очих байх аа. Үндэсний их баяр наадмаар монголчууд бүх нийтээрээ олон хоног амардаг. Тийм болохоор би ч гэсэн хотод байхгүйгээр хөдөө очиж амаръя гэсэн бодолтой байдаг. Энэ жил очиж үзээгүй гурван аймгаасаа нэгийг нь сонгоод Завхан аймаг руу аялъя гэж бодож байна. Эхлээд Ногоон нуур болон Улаагчны хар нуур үзмээр байна. Дараа нь Отгонтэнгэр хайрхныг харахыг хүсэж байна. БНСУ нь найман аймагтай бөгөөд газар нутгийн хувьд уул ихтэй болохоор өргөн уудам тал газар бараг байдаггүй. Тиймээс Монгол улсыг 21 аймагтай гэж сонсонгуутаа залуу байгаа дээрээ тэр 21 аймагт бүгдэд нь очиж үзье гэсэн зорилго тавьсан. Ингээд явсаар байгаад одоогоор 18 аймагт очиж үзсэн байна. Миний хувьд хамгийн гоё аймаг нь Дорнод аймаг тэр дундаа Буйр нуур үнэхээр гоё байсан. Монголын үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар зэрэг нь миний сэтгэлийг тайвшруулж маш сайхан сэтгэгдэл төрүүлдэг. 

     Гэрээсээ хол явж, бие дааж сурах зорилгоор анх монголд ирсэн Чүэ Сон Ми өргөн уудам та нутаг, байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин хүн зоны амьдралын онцлог, үндэсний баяр наадам, язгуур урлаг зэргээс дэлхийн хаана ч байхгүй гайхамшгийг олж харжээ. Тэр цагаас хойш монгол орныг илүү сонирхон судалж, танилцаж мэдэж, хоёр дахь эх орноо хэмээн бодож хайрладаг болсон байна.

    Монгол Японы найрамдалт харилцаа өсрөнгүй хөгжсөн цагаас эхлэн манай улсын иргэд Япон руу, Японы иргэд манай улсад зочилж, ажиллаж амьдрах болсон. Сүүлийн жилүүдэд найрсаг харилцаа улам батжихын хирээр томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд, инженер техникийн ажилчид болон багш оюутны солилцооны тоо улам нэмэгджээ. Манай улсад оршин суугаа Японы иргэд боловсрол, эрүүл мэнд, санхүү эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгэм хүмүүнлэг гээд бүхий л салбарт амжилттай ажиллаж явна. Тэдний төлөөлөл болох Япон улсын иргэн, Спортын анагаах ухааны мэргэжилтэн Масатоши Нишикидог бид нэвтрүүлгийнхээ дараагийн зочноор урилаа.

Тэрээр багаасаа бэйсбол болон кейндогоор хичээллэсэн боловч гуяны арын булчин тасарч, шагайн болон өвдөгний дотор холбоосоо гэмтээснээсээ болж өөрийн хайртай спортоо орхижээ. Ингээд эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлж байхдаа жүдо бариа засалч гэсэн мэргэжлийг сонгохоор шийдэж Токио хотод энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Нишикидо 2016 онд Монгол улсад ирж Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд магистр хамгаалсан. Үүнийхээ хажуугаар хөл бөмбөгийн Эрчим клуб болон үндэсний шигшээ багт эмчээр ажиллаж байсан. Түүнчлэн 2019 оноос жүдогийн үндэсний шигшээ багт жүдо бариа засалчаар ажиллаж байгаад энэ жилээс хувийн эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлжээ. Япон улсын иргэн Масатоши Нишикидо монголд ирээд 9 жил болж байгаа бөгөөд хэд хэдэн удаа наадам үзэхэд маш сонирхолтой байсан тухай ийнхүү ярилаа.

 

Масатоши Нишикидо: Би гурван жилийн өмнө анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд орж наадмын нээлт үзсэн. Тэр үед зураг бичлэгээс харж байснаас тэс өөр үнэхээр гоё санагдсан. Ялангуяа нээлтийн бүжиг нь японы бүжигтэй харьцуулахад ихээхэн өөр санагдсан. Япон бүжиг бол ерөнхийдөө удаан хөдөлгөөнтэй байдаг. Харин монгол бүжгийг маш хурдтай хийдэг юм билээ. Бас монгол бүжгийн нэг гол онцлог бол байгаль болон ан амьтантай ихээхэн холбоотой юм болов уу гэж харсан. Жишээлбэл шувуу нисэж, морь давхиж байгаа юм шиг хөдөлдөг. Япон үндэсний бүжигт тийм зүйл байхгүй учраас монгол бүжиг надад маш гоё санагдсан. Харин наадмын хаалтын тухайд морь, бүжиг зэрэг байхаас гадна дроны үзүүлбэр байдаг нь маш сонирхолтой байсан. Монголчуудын эртний түүх соёлыг орчин үеийн техник технологитой хоршуулж үзүүлбэр хийсэн нь үнэхээр гайхмаар байсан. Жирийн үед хүмүүс машинтайгаа зам дээр түгжирдэг. Гэтэл наадмын үеэр хотын гудмаар ямар ч түгжрэлгүй болчихдог. Учир нь хүмүүс төв цэнгэлдэх хүрээлэн дээрээ цуглараад гэр бүл найз нөхдөөрөө наадмын хуушуур идэж, бөхөө үздэг. Тэр үед Төв цэнгэлдэх хүрээлэн нь Японы алдартай Шибүяа гудамж шиг болчихдог. Би гурван жилийн өмнө анх төв цэнгэлдэхийн хажууд байдаг асар дээр очиж наадмын хуушуур идсэн. Гэхдээ би хуушуурыг гурвалжин хэлбэртэй байдаг гэж бодсон боловч наадмын хуушуур нь нимгэн дугуйн хэлбэртэй байдгаараа онцлогтойгоос гадна илүү гоё амттай юм билээ. Энгийн хуушуур нь дотроо шүүстэй мах ихтэй байдаг. Харин наадаммын хуушуур нь нимгэн учраас яг бүрж шарсан тахиа шиг маш гоё санагдсан. Тийм учраас би одоо ч гэсэн хааяа наадмын хуушуур шиг дугуй хуушууртай хоолны газар орвол авч иддэг болсон. Ямар нэгэн баяр болоогүй үед дээлийг зөвхөн өвөө эмээ нар өмсдөг харин залуу хүмүүс төдийлөн өмсдөггүй. Гэхдээ наадмын үеэр нас хүйс хамаагүй бүх хүн дээл өмсдөг нь ёстой жинхэнэ Монгол үндэсний баяр болж байна даа гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Японд Монгол наадам шиг зуны баяр гэж бий. Хүмүүс японы кимоно өмсөөд, амттай хоол идэж, тоглоом тоглоод орой болохоор галт наадам үздэг. Монголд ч гэсэн наадмын сүүлийн орой галт наадам болдог нь Японтой ижил учраас надад маш гоё  санагдсан.

    Масатоши Нишикидо 2023 онд Монголын радиогийн уран бүтээлчидтэй Монгол наадмын тухай баримтат кинонд хамтран ажилласан. Тэр үеэрээ үндэсний их баярх наадмын талаар илүү ихийг мэдэж, олон сонирхолтой зүйл үзэж, мэдэрсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

Масатоши Нишикидо: Эхний өдөр нь МҮОНРТ-ээс шууд Хүй долоон худаг руу явсан. Тэнд очоод яг үндэсний их баяр наадмын жинхэнэ морин уралдаан биш урьдчилсан уралдааныг үзсэн. Миний хувьд анх удаа хурдан морь уралдахыг харсан болохоор маш сонин санагдсан. Яагаад гэвэл морь уралдах зориулалтын зам байхгүй байхад маш холоос хүүхдүүд зурхайгаа олоод давхиад ирж байгааг нь хараад гайхсан. Миний үзсэн морин уралдаанд 6,7 насны хүүхдүүд морь унаж байсан. Тэр жаахан хүүхдүүдийг хараад монгол хүүхдүүд маш их улам зоригтой, сэтгэлийн асар их хүчтэй юм байна гэж бодсон. Бас хэдий жаахан хүүхэд боловч яг монгол эр хүний сүр хүчийг илэрхийлж байгаа юм шиг санагдаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Японд бага насны хүүхэд тийм зоригтойгоор морь унаж чадахгүй. Би жинхэнэ уралдааны өмнөх өдөр очсон учраас маргааш нь хурдан морь унах гэж байгаа хоёр хүүхэдтэй танигдсан. Тэр хүүхдүүдээс уралдахын өмнөх сэтгэл зүй ямар байгаа талаар ярилцлага авсан. Тэгээд маргаашийн уралдаан дээр нь тэр хоёр хүүхдийг дэмжинэ гэж бодож байсан ч тэр хоёр маань уралдаагүй. Би үнэхээр их гайхаад шалтгааныг нь асуусан чинь мориных нь нурууны өндөр уралдааны шаардлагад нийцээгүй учир хасчихсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр хүүхэд маань уйлаад надад бас хэлэх зүйл олдоогүй. Би бас гомдсон. Дараа нь төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд бөхийн барилдаан, сур харваа үзсэн. Сур харваа нь бөхийн барилдаан болон морин уралдаанаас арай өөр байсан. Чимээ багатай тайван орчинд нарийн мэдрэмжтэй, төвлөгч байж хийдэг спорт гэж би ойлгосон. Би баримтат кинонд ажиллах үеэрээ монголын үндэсний их баяр наадам болон үндэсний бөх, сур харваа, морин уралдааны өөр өөрийнх нь онцлогийн талаар илүү ихийг мэдэж авсан.   

    Спортын анагаах ухааны мэргэжилтэн Нишикидо олон ч удаагийн тэмцээн уралдаанд монголын шигшээ баг тамирчдын эмчээр ажилласан. Тухайлбал 2019 онд Парисын их дуулга, Германы их дуулга, 2021 онд Катарын Доха мастер, Гүржийн их дуулга, Ташкентын их дуулга, Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна Токио болон Парисийн олимпод хамт явжээ. Мөн Монгол улсын төрийн далбааг тив дэлхийн тэмцээн, олимпын наадмын тэнгэрт олон удаа мандуулсан шилдэг тамирчдын хувийн эмчээр ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Монгол улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин О.Цэцэнцэнгэл нарт зөвлөгөө өгч, хамтран ажилладаг байжээ. Монгол бөхчүүд маш хүчтэй, зоригтой, дайчин гэдгийг тэрээр мөн онцлон хэлсэн юм. Түүний хувьд хийж байгаа ажлаараа дамжуулан хоёр орны уламжлалт анагаах ухааныг хослуулсан мэсгүй эмчилгээний шинэ арга барил гаргах, цаашлаад хоёр орны анагаахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хувь нэмрээ оруулахыг зорьдог гэлээ.

     Ийнхүү манай улсад дэлхийн олон орны иргэд ажиллаж амьдарч байна. Тэдний хувьд Монгол өв уламжлал, түүх ёс заншлын талаар ихэд сонирхон судалж, амьдарч байх хугацаандаа уламжлалт баяр ёслолыг бидний нэгэн адилаар тэмдэглэдэг юм.

Үзсэн: 1760

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна