Солонгосын соёлын өдрүүд-2025
Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Солонгосын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Манай улс 1990 онд ардчилсан нийгэмд хөл тавьснаар бие даасан гадаад бодлого явуулах зам нээгдэж, дэлхийн олон оронтой харилцах түүхэн бололцоо бүрдсэн. Тухайлбал олон зууны тэртээгээс уламжлан ирсэн харилцаагаа дахин сэргээж, Монгол Улс БНСУ-тай 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Улмаар БНСУ 1990 оны 6 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээсэн бол Монгол Улс 1991 оны 2 дугаар сарын 1-нд Сөүл хотноо ЭСЯ-аа нээжээ. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн турш зогсолтгүй урагшилж, 1999 онд “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 онд “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцаа, 2011 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг тунхагласан түүхтэй. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбуудад бүс нутаг болон олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байна.
Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болсон хоёр улсын төрийн тэргүүний дээд түвшний цахим уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон. Мөн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан “улс төр, аюулгүй байдал”, “худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг”, “боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд”, “соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа” , “бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа” гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтжээ.
Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа буюу соёлын харилцаа байдаг. Иймд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам холбогдох байгууллагуудтай хамтран соёлын наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ уламжлал ёсоор “Солонгосын соёлын өдрүүд-2025” арга хэмжээг Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Монгол иргэдэд Солонгосын соёл урлаг, хоол хүнс, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, улмаар Солонгосын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондын соёлын харилцааг идэвхжүүлэх зорилготой гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон онцоллоо.
Элчин сайд Чой Жин Вон: Энэ онд Монгол-Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. 1990 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улсын харилцаа улс төр, эдийн засгийн харилцаан дээр тулгуурлан хөгжиж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд бол соёл болон иргэд хоорондын солилцоо нь хоёр талын харилцааны шинэ салбар болж тодорч байна. Тэр дундаа онлайн, цахим контент зэрэг шинэ төрлийн соёлын хамтын ажиллагаа өргөжих болсон бөгөөд үүгээр дамжуулан хоёр улсын иргэд илүү ойр болж харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байна гэж бодож байна. Ирэх 35 жилд хоёр улсын харилцааг авч явах гол салбар бол иргэд хоорондын болон соёлын салбар гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээ цааш цаашдын хөгжлийн нэг үндэс суурь нь болно. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа улс төр эдийн засаг дээр тулгуурлаж ирсэн. Ялангуяа анх 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын худалдаа тасралтгүй өссөн. Үүний гол үндэс суурь нь яах аргагүй иргэд хоорондын солилцоо байсан гэж дүгнэхийг хүсэж байна. Тиймээс энэхүү найрсаг нөхөрсөг харилцаан дээрээ тулгуурлаад ирээдүйн 35 жилийг илүү өөдрөгөөр харж, соёлын хувьд ч гэсэн хоёр улс хамтдаа хөгжих чиглэлээр явах нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн энэ удаагийн apra хэмжээнд Солонгосын орон нутгийн засаг захиргааны төлөөлөл болох Өмнөд Жолла мужаас тусгайлан оролцож тухайн бүс нутгийн ААН-үүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Бид БНСУ-ын Өмнөд Жолла мужийн Засаг дарга Ким Ён Руг-тай уулзсан юм.
Өмнөд Жолла мужийн Засаг дарга Ким Ён Руг: Сайн байцгаана уу? Би БНСУ-ын Өмнөд Жолла мужийн захирагч байна. Миний хувьд Монгол улсад анх удаа албаны айлчлал хийж байна. Монгол улс Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор Монгол улсад ирсэндээ туйлын их баяртай байна. Монголчууд намайг элгэмсэг халуун дотноор хүлээн авч байна. Би айлчлалаа Тэрэлж байгалийн цогцолбор газарт мянган мод тарих хөтөлбөрөөр эхлүүлсэн. Энэ утгаараа монголын байгалийн сайхныг харж биширч, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орны нөхцөл байдлыг биеэрээ мэдрэх боломж надад тохиолоо. Мөн Улаанбаатар хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Улаанбаатар хот бол эрч хүчтэй залуучуудын хот гэдгийг харлаа. Монголын үндэсний хоол болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хараад сэтгэл маш их өөдрөг байна. Надад Монголын талаар маш өндөр сэтгэгдэл үлдэж байна. Манай муж Улаанбаатар хоттой найрамдалт хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэ нь бидний цаашдын харилцааны үүд нээгдэж ирээдүй рүү хамтдаа урагшлах амлалтын эхлэл болж байна гэж үзэж байна. Манай Өмнөд Жолла муж бол аялал жуулчлалын салбарт хамгийн үр өгөөжтэй ажиллаж байгаа газар гэж хэлж болно. Монголын иргэд Жолла мужийг зорьж ирснээр далайн түрлэг болон үзэсгэлэнт арал, байгалийн нөөцийг ашигласан аялал жуулчлалын олон хөтөлбөрт оролцох боломжтой. Мөн манай муж газар тариалан, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтаараа арвин туршлагатай учраас цаашид Улаанбаатар хоттой хамтарч ажиллаад газар тариалангийн салбарт хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжих боломж бүрдэж байна. Үүнээс гадна худалдаа, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааны платформ байгуулагдаад зөвхөн манай байгууллагаа хоорондын хамтын ажиллагаагаар зогсохгүй хувийн хэвшлийнхний хамтрал, соёлын солилцоо зэрэг олон талт боломжуудыг энэ удаагийн айлчлалаар нээж байгааг хэлэхэд таатай байна.

"Солонгосын соёлын өдрүүд-2025" арга хэмжээ нь “үзүүлэх тоглолт", "оролцоо" гэсэн хоёр гол сэдвийн хүрээнд төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрүүдийг толилууллаа. Тодруулбал, Солонгосын төлөөлөх урлагийн төрлүүд болох таэквондо, үндэсний бүжиг, хөгжим, ардын урлаг, К-POP DANCE гэх мэт 6 төрлийн, нийт 22 үзүүлбэрийг оролцогчдод үзүүлж сонирхууллаа. Хөгжмийн урлаг нь хэл хязгааргүйгээр харилцан ойлголцож болох өвөрмөц онцлогтой урлаг. Тиймээс Монгол Солонгос хоёр орны иргэд хөгжмийн урлагаар дамжуулан ойлголцож нөхөрлөөсэй гэсэн үүднээс уран бүтээлчид үзүүлбэрээ сонирхуулжээ.
Сүхбаатарын талбайд хоёр хоног үргэлжилсэн Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуй нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тэдний нэг бол Солонгос улсаас органик бүтээгдэхүүн импортлогч “Топ Степ” компани юм. Одоо үргэлжлүүлэн тус компанийн маркетингийн менежер Т.Сарнайгийн яриаг хүргэе.
Т.Сарнай: Манайх энэ фестивалийг анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь оролцож байна. Жил бүрийн есдүгээр сард болдог үзэсгэлэнд нь оролцдог. Энэ удаад манай байгууллага Ovaco Mongolia, Orga baby, Маск Хаус гэсэн гурван брэндийг танилцуулж байна. Ovaco Mongolia бол арьс арчилгааны брэнд, Orga baby болохоор веган найрлагатай хүүхдийн бүтээгдэхүүн. Харин Маск хаус нь олон төрлийн маскийг нэр төрөл давхцахгүйгээр оруулж ирдэг брэнд юм. Манайх 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 5 салбартай орон нутагт 14 салбартай. Хорт бодис агуулаагүй, дерма тестээр баталгаажуулсан, органик зүйл дээр суурилсан бүтээгдэхүүнүүд оруулж ирэхийг зорьдог. Энэ удаагийн үзэсгэлэнд веган ампул, хөгшрөлтийн эсрэг веган бүтээгдэхүүнүүдийг онцлон танилцуулж, хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Солонгосоос албан ёсны эрхтэй оруулж ирдэг гоо сайхны маск танилцуулж байна. Нэг үеэ бодоход хүмүүс энэ төрлийн арга хэмжээнд маш соёлтой оролцдог болсон.
Мөн "Монгол Оллэ" явган аяллын компани “Солонгосын соёлын өдрүүд-2025”-т оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. Чэжү арлын үзэсгэлэнт байгалийг Солонгос улсын соёл уламжлалтай хослуулан аялагчдад таниулах зорилгоор холын зайн явган аяллын "Чэжү Оллэ" зам анх үүсжээ. "Чэжү Оллэ Нийгэмлэг" нь хилийн чанадад буюу анх Япон улсад дараа нь Монгол улсад явган аяллын сүлжээ замаа тус тус нээсэн байна. Тодруулбал, "Чэжү Оллэ Нийгэмлэг”, “Чэжүгийн Аялал Жуулчлалын Газар", "Улаанбаатар хотын Аялал Жуулчлалын Газар"-тай хамтран Монгол улсад эко аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлал дагасан бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оны 6 сард "Монгол Оллэ" байгууллагыг үүсгэн байгуулжээ. Монгол Оллэ нь 2021 оны байдлаар КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр явган аяллын “Богдхан уулын Монгол Оллэ 1-р маршрут", "Чингис хаан уулын Монгол Оллэ 2-р маршрут", "Тэрэлжийн Өгөөмөрийн амны Монгол Оллэ 3-р маршрут"- ыг тус тус гаргаад байна. Эдгээр гурван аяллын зам нь өөр өөрийн онцлогтой гэдгийг “Монгол Оллэ” явган аяллын компанийн ажилтан Мөнгөнчимэг хэлж байна.
Мөнгөнчимэг: Аяллын гурван маршрут нь гурвуулаа өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь гуравдугаар маршрут бол бусад маршрутыг бодвол илүү урт буюу 17 км үргэлжилдэг. Мөн байгалийн маш гоё тогтоцтой газар байрладаг. Голын хажуугаар явж, ой модон дундуур алхдаг. Сүүлийн үед монголчууд цэвэр агаар амьсгалж, байгалийн сайхныг харангаа илүү их алхах дуртай болсон байна. Тэгэхээр өмнөх жилүүдийг бодвол илүү их хүн оролцож байна. Манай аяллын маршрут руу ороход ямар нэгэн тасалбар авах шаардлагагүй. Харин аялагчид маань өөрсдөө сонирхох юм бол сертификат авч болдог.
"Чингис хаан уулын Оллэ явган аяллын зам” нь өвөрмөц тогтоцтой, байгалийн үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжийн цогцолборт газраар үргэлжилдэг. Чингис хаан уулыг тойрон аялах замын эхлэх болон төгсөх цэг нь нэг байдаг. Чингис уул нь Хэнтий нурууны салбар болох Тэрэлжийн уулсын баруун урд талд байдаг уул боловч бусдаасаа тусдаа оршдог нь ихээхэн сонирхолтой. Уулын оройгоос эргэн тойрны байгаль онцгой сайхан харагддаг бөгөөд хүний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй билээ. Аяллын замын эхний хэсэг тал газар үргэлжлэх бөгөөд цааш "Чингисийн хүрээ” жуулчны баазын баруун талаар чиглэл заагчийг даган голын эргээр алхана. Зам дагуу Солонгос Оллэгийн сайн дурын ажилчдын тавьсан чулуун гарам тааралдах бөгөөд уулын оройд гарахад Чингисийн хар сүлдтэй овоо харагддаг байна.
"Солонгосын соёлын өдрүүд-2025" арга хэмжээнд оролцож үйл ажиллагаагаа сурталчилсан дараагийн нэгэн байгууллага бол “IDO class” сургалтын байгууллага юм. Тус сургалтын төв нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улирал бүр Солонгосын их дээр сургуулиудад оюутан залуусыг жуулчилж байна. Одоо үргэлжлүүлэн “IDO class” сургалтын төвийн ажилтан Б.Болорчимэгийн яриаг хүргэе.
Б.Болорчимэг: Манай сургалтын төв нь солонгос хэл болон англи хэлийг академик түвшинд зааж сургадаг. Солонгос улсад хэлний бэлтгэлээр сурахгүйгээр эхлээд эх орондоо хэлээ сурчхаад, түвшний оноогоо авчхаад дараа нь Солонгос улс руу шууд тэтгэлэгт хамрагдаад яваасай, ийм боломж байдаг шүү гэдгийг хүүхэд залуучуудад мэдүүлэх зорилгоор энэ удаагийн арга хэмжээнд оролцож байна. Сүүлийн үед хүүхэд залуучууд боловсролдоо хөрөнгө оруулахыг илүү хичээдэг болчихсон. Тийм учраас аав ээж, өвөө эмээ нар нь ийм сургалтын байгууллага байдаг юм байна Солонгос улсын томоохон сургуулиудад зуучилж өгдөг юм байна гэж сонсоод ирж уулзаж, мэдээлэл авч байна. Манай сургалтын төвийн зуучлалын үр дүн бол сараар биш улирлаар яригддаг. Бид нар Солонгосын хэд хэдэн сургуулиудтай гэрээтэй байдаг. Түүнийхээ хүрээнд өнгөрсөн улиралд нийт 50 хүүхдийг Солонгос улс руу явуулсан.

Солонгосын соёлын наадмыг зорин ирсэн иргэд хөгжөөнт тоглоом тоглох, солонгос хоол амтлах, урлагийн тоглолт үзэх зэргээр амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлжээ. Зохион байгуулалт үйл ажиллагааны хүрээ, үзүүлбэрүүд нь тун сонирхолтой байсан тухай зарим оролцогч бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
- Ийм өдөрлөг болдог гэж ерөөсөө мэддэггүй байсан. Солонгосын соёлын наадмыг үзэх үнэхээр гоё байна. Шууд Солонгос явчихмаар санагдлаа. Ер нь Монгол Солонгос хоёр улсын хооронд төстэй зүйл их байдаг юм шиг санагддаг. Хэл нь хүртэл ижил бүтэцтэй, сурахад амар байдаг.
- Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутан Мөнгөнсүх байна. Сургууль дээрээ байж байгаад заваараа талбай орж ирээд Солонгосын соёлын өдөрлөгийг үзэж байна. Маш их таалагдлаа. Солонгосын уламжлалт болон орчин үеийн соёлын талаар тодорхой ойлголттой болж чадлаа. Зохион байгуулалт сайтай гоё болдог юм байна.
- Солонгосын соёлын өдрүүд маш гоё болж байна. Том болоод Солонгос улсад аялал жуулчлалын чиглэлээр суралцана гэж боддог. Үзүүлбэрүүд нь маш сонирхолтой байлаа. Нүд нээгдэх шиг болж, хурдан Солонгос улс явмаар санагдлаа.
Монгол Улс, БНСУ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд уламжлалт түүх соёл, ёс заншлаа харилцан сурталчлах хамтарсан хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлж ирсэн. Түүний үр дүнд хоёр орны соёлын салбарын харилцаа илүү өргөжиж, иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрсөг байдал гүнзгийрсээр байна. Үүнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ чухал хөшүүрэг болж байгааг хэлэх нь зүйтэй.
Үзсэн: 3957
Tweet