Япон улсын үнэт эдлэл судлаач Казүми Арикава Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочиллоо
"Сэтгэл хөдлөх, бие чичрэх мэдрэмжийг эдгээр бүтээлээс мөн энэ музейгээс авч чадлаа” хэмээсэн тус музейн дурсамжийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн юм
Дэлхийн нэрт үнэт эдлэлийн цуглуулагч, Япон улсын үнэт эдлэл судлаач, Казүми Арикава Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочиллоо. Тэрбээр Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр гэгээний өөрийн мутраар бүтээн туурвисан бүтээлүүдээр мэлмийгээ баясгав. Монголын эртний урлагийн өв соёл, түүхэн дурсгал, дэлхийд гайхагдах суут уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлүүдийг үзэж сонирхон, Монголын урлаг, уран сайхныг гайхан бахдаж, урлагийн өндөр түвшинд бүтээн туурвидаг байсныг өгүүлэв. Мөн тэрбээр, “Өндөр гэгээний өөрийн мутраар бүтсэн бүтээлийг хараад миний сэтгэл үнэхээр их хөдөллөө. Монголын тэргүүн зэргийн энэхүү бүтээлүүдээс Монгол хүний ур ухаанаар бүтсэн дахин давтагдашгүй, сор бүтээл нь Монголын соёл, урлаг маш өндөр түвшинд байсныг илтгэн харуулж буйг ухаарлаа. Сэтгэл хөдлөх, бие чичрэх мэдрэмжийг эдгээр бүтээлээс мөн энэ музейгээс авч чадлаа” хэмээсэн тус музейн дурсамжийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн юм.
Үзсэн: 2218
Tweet