Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо
Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. Энэхүү бизнес уулзалт нь хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтойг онцлов. Мөн цаашид худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг идэвхжүүлж, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд томоохон түлхэц болохыг дурдлаа. Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монтенегро улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Дашрамд дурьдахад, Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13 мянган км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг ажээ. Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ. Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.
Үзсэн: 44
Tweet