Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Бүс нутгийн хэмжээнд хуваалцаж болох Монгол Улсын сайн туршлагуудыг судалж байгаа гэлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар танилцууллаа. Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсноор хууль тогтоомжоо нийцүүлэх, дагаж мөрдөх үүрэг хүлээсэн болохыг Д.Цогтбаатар дарга дурдаад, “Эрүү шүүлт гэхээр цагдан хоригдсон үед ч юм уу, тусгай орчин нөхцөлд үйлдэгддэг гэдэг түгээмэл ойлголт байдаг. Гэтэл конвенцод хаана ч, хэзээ ч үйлдэгдэх эрсдэлтэйг тодотгосон өргөн агуулгатай томьёологдсон. Эрүү шүүлтийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд таслан зогсоохын тулд дотоодын хууль тогтоомжоо тус конвенцод нийцүүлэн, нэгбүрчлэн хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг тууштай хэрэгжүүлж байгааг тэрбээр тэмдэглээд, монгол хүний эрхийг хангах, хамгаалах зорилготой энэхүү үйл ажиллагааны талаарх зөвлөмж, саналыг нээлттэй хүлээн авч ажиллахаа илэрхийлэв. Олон улсын байгууллагын төлөөлөгчид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх олон улсын туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдалтай танилцаж, ажиглалт хийхээр ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хуваалцаж болох Монгол Улсын сайн туршлагуудыг судалж байгаа гэлээ.
Үзсэн: 4321
Tweet