Улаанбаатар хотноо БНСУ-ын Үндэсний баярыг тэмдэглэлээ
БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд яамнаас БНСУ-ын Үндэсний баярт зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.
1990 онд Монгол улс ардчилсан нийгэмд хөл тавьснаар бие даасан гадаад бодлого явуулах зам нээгдэж, дэлхийн олон оронтой харилцах түүхэн бололцоо бүрдсэн юм. Ийнхүү Монгол улс БНСУ-тай олон зууны тэртээгээс уламжлан ирсэн уламжлалт харилцаагаа дахин сэргээж, 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болж байгаа гэдгээрээ онцлогтой гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нээлтийн үеэр онцолж байлаа.

Элчин сайд Чой Жин Вон: Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт чамлахааргүй амжилт гаргаж ирсэн. Цаашид энэхүү амжилтаа улам ахиулж, бататгаж, үргэлжлүүлнэ. Мөн Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж, хоёр тал илүү хамтран ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хоёр улс нийтлэг үнэт зүйлстэй. Манай улс Монгол улсын гуравдагч хөрш дотроос хамгийн ойр, хамгийн гол түнш орон болох хүсэлтэй байна.
Өнөөдөр манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрч улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. Монгол улс, БНСУ-ын хооронд харилцан зорчсон иргэний тоо 1999 онд 5000 орчим байсан бол өдгөө 200 мянгад хол давсан гэсэн судалгааны дүн бий. Эдүгээ хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа манай иргэдээс БНСУ-т хамгийн их буюу ойролцоогоор 53 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч, сурч байна. Харин БНСУ-ын 3000 орчим иргэн манай улсад ажиллаж, сурдаг юм.

Үзсэн: 2301
Tweet